Д.Төрбат: Б.Лхагвасүрэн ахын “Зүүдэн бороо” дуу “Ухуулгын галт тэрэг”-энд төрсөн юм

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Төрбаттай ярилцлаа

-Таныг анх зохиол бүтээлээ туурвиж эхлэх үедээ Төмөр замын утга зохиолын дугуйланд явж байсан тухай сонссон юм байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-1971 онд 16 настай хүү наймдугаар ангиа төгсөөд Барилгын ТМС-д ороод, тэндээсээ цэрэгт яваад ирсний дараа буюу 21 настайгаасаа л төмөр замтай амьдралаа холбосон доо. Төмөр замын Соёлын ордон гэдэг жижигхэн ягаан байшин бол надад их урам зориг өгсөн. Тэнд Төмөр замын Утга зохиолын дугуйлан ажиллаж, долоо хоног бүрийн Баасан гаригт 19.00 цагаас цугладаг байсан. Энэ Утга зохиолын дугуйлан руухөтөлж очсон хүн бол миний багш Л.Лувсандорж гэж яруу найрагч байлаа. Багш маань бас өөрөө тэнд явна. Зохиолчдын эвлэлийн гишүүнээр хараахан элсээгүй. Гэхдээ анхны ном нь гарах их ойртсон байсан. Тэр Утга зохиолын дугуйланд томчуудаас бол дууны шүлгийн нэрт яруу найрагч Л.Дагвадорж, Ж.Зана гуай нар явна. Манай нэгдлийн багшаар эхлээд Д.Даржаа гуай, дараа нь,Г.Сэсмээ гуай нэг хэсэг байж байгаад З.Баттулга болсон юм. Миний анх харж, уулзаж байгаа том зохиолчид бол тэд дээ. З.Баттулга гуай бид хоёр нэлээд дотносч, би ч өмнө нь “Түвшинтөгс”-ийг нь уншчихсан байсан. Тэднийх төмөр замын гурван давхар шар байшингуудын хамгийн баруун талын Г маягийн байшингийн нэг давхрын ганцхан өрөөнд их зутруу амьдардаг.

Яагаад тийм байсан юм бүү мэд. Залуухан эхнэртэй, нэг нялх охинтой. Охин нь сүүлд намайг Зохиолчдын хороон дарга байх үед 108 боть гаргахад аавынхаа ботийн шагналыг ирж авч байсан Б.Бөртэ гэдэг охин байсан юм билээ. Иймэрхүү янзтай л Төмөр замын утга зохиолын нэгдлээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн дээ. Ер нь, ганц би биш, олон том зохиолчийг Төмөр замын хамт олон, удирдлагууд гаргаж ирсэн гэж боддог.Яагаад гэвэл, 1963 онд Төмөр замын газар томилолтоор очиж “Нөхөд” гэдэг роман бичсэн хүн бол Д.Даржаа гуай. Энэ бол төмөр замчдын тухай бичсэн анхны роман бөгөөдГ.Мандах даргатай “Социалист хөдөлмөрийн төлөө бригад” гэж байгуулагдсан тухай гардаг юм. Тэгэхээр аль эрт 1963 онд зохиолчдыг цалинжуулж, өөрийнхөө сэдвээр зохиол бичүүлж байсанбайгууллагабол УБТЗ шүү дээ.Ер нь, Төмөр зам гэдэг айл бол миний амьдралд ээл буянаа их өгсөн газар.

-Тэгэхээр та их сургуульд орохоосоо өмнө Төмөр замын утга зохиолын нэгдлийн гишүүн байсан байх нь ээ?

-Тэгэлгүй яахав, тэр нэгдлээс л би МУИС-д явсан. Их сургуульд дөрвөн жил суралцаж төгсөөд “Залуучуудын үнэн” сонинд очсон. Энэ сонинд очсоноосоо хойш ч Төмөр замтай бас холбоотой болсон. Учир нь, тухайн үед “Ухуулгын галт тэрэг” гэж явдаг байлаа. Тэр галт тэргэнд урлагийн бүх л салбарын хүмүүс явна. Гурван жил дараалан бид урагшаа Замын-Үүд, хойшоо Сэлэнгэ рүү “Ухуулгын галт тэрэг”-ээр явсан. Энэ үед Сэлэнгэ явж байх замд төрсөн нэг уран бүтээл бол Б.Лхагвасүрэн ахын “Зүүдэн бороо” гэдэг дуу байгаа юм.Тэгэхэд хөгжмийн зохиолч ч болоогүй,баяан үүрсэн, цэргийн ахлагч,монхор хамартай Б.Магсаржав гэдэг цагаан залуу байсан. Нэг л их хөгжим гонгинуулсан амьтан байна. Бид хэд “Аан, энэ өнөө аяа л давтаж байдаг биз” гээд тоохгүй. Тэгэхэд МУГЖ А.Бүтэд гуай, АЖ Ж.Лхамхүү гуай нар хамт явсан.Түнхэлийн тэнд яруу найраг унших ёстой нэг газар байсан юм.

Тэгээд вагоноо салгаад мухар замд оруулж тавьчихаад дотор нь унтаад, хооллоод, шүлгээ уншиж, дуугаа дуулчихаад цаашаа дараагийн галт тэргэнд залгаж аваад хөдөлнө. Түнхэлийн тэнд модон дунд бид хэд явж байтал нөгөө залуу чинь хожуул дээр суучихсан баяанаа орилуулаад л байна. Тэгсэн Б.Лхагвасүрэн ах “Наадах чинь их аятайхан ая байна, чи энэ шүлгэнд нэг тааруулаад үз” гээд “Зүүдэн бороо” нэртэй “...Нэмэн, нэмэн дүүрэх шөнийн саран, Нэг л зөөлөн дээшээ дэгдэн мандах юм...” гэсэн шүлэг өнөө залууд өглөө.Тэр нь их “хөөрхөн” дуу боллоо. Бид вагондоо дуулж явсаар Сэлэнгэ аймгийн Гурил тэжээлийн үйлдвэрийн тайзан дээр одоо энэ үндэсний телевизийн Ж.Сарантуяа, А.Бүтэд гуай, Ж.Лхамхүү гуай бид дөрөв анх дуулж байлаа.

-Та Төмөр замын соёлын ордонд жүжгээ тоглуулж байсан байх аа?

-Төмөр замын утга зохиолын нэгдэл бол үе үеийн авьяастнуудыг хөгжүүлээд явсан байдаг. Нэг хэсэг Төмөр замын Соёлын ордныг Г.Донид гэдэг хүн ахалж байсан. Намайг л анх утга зохиолын нэгдэлд явахад даргаар ажиллаж байсан буянтай хүн. Залуусыг дэмжих их сонирхолтой. Зөвхөн миний шүлгийг сонсгохын тулд судлаач Ч.Билигсайхан багшийг урьж авчирсан байсан.Өрөөндөө ганц “юм” задлаад “За, энэ хүү шүлэг бичээд байгаа. Тэрийгээ унш...” гээд л. Тэгээд шүлгээ уншиж өгөхөд миний таван шүлгийг авч “Утга зохиол” сонинд зурагтай маань нийтэлж өгсөн. 1976 оны үе шүү дээ. Сонинд шүлэг гарна гэдэг залуу яруу найрагчид их л дэмжлэг байсан. Сүүлд Л.Сэнгээ дарга авсан юм.Өөрөөр хэлбэл, Төмөр замчдын Соёлын ордны дарга, Утга зохиолын нэгдлийн дарга болсон.

Нэг удаа найруулагч О.Найманжаргал “Би Төмөр замын Соёлын ордонд хөгжимт жүжиг тавих гэсэн юм. Таньд зохиол байвал өгөөч, хүүхдийнх бол сайн байна” гэж байна. Төмр замын Дуу бүжгийн чуулгын дарга нь ямар хүн байгааг асуутал “Л.Сэнгээ гэдэг залуу бий, та очиж уулзаарай” гэнэ. Ингээд очиж танилцаад Л.Сэнгээ мөнгө төгрөг гаргах болж, “Хөгжимд нь манай хөгжмийн зохиолч С.Батмөнх ажиллана” гэсэн юм. Тэгээд хүүхдийн сэдэвтэй “Чонон жил” жүжгийг тавьсан даа. Түүнээс хойш Л.Сэнгээ итгэлтэй хүн санагдаад бид хоёр олон жил нөхөрлөж, хамтарч ажиллаж байна даа.

-Төмөр замын тухай сэдэвтэй зохиол бүтээлүүдийг та хэд хамтарч ботилсон юм билээ. Энэ тухай ярина уу?

-Л.Сэнгээ дарга 2011 онд “Ардын хувьсгалын 90 жилийн ойг угтаад төмөр замчдын сэдэвтэй бүх зохиолыг эмхэтгээд хоёр боть гаргая” гэсэн санал тавьсан. Тэгээд МУСГЗ генерал Л.Пүрэвдорж гуай бид гурав хамтраад тэр үед Төмөр замын Хэрэг эрхлэх газрын дарга байсан Т.Очирхүү гуайтай уулзахад шууд зөвшөөрч, мөнгө хөрөнгийг нь гаргаад “Хуучин дэр модны дууль”, “Хугараагүй ноён нуруу” гэсэн хоёр боть гаргасан. Энэ хоёр ботид төмөр замчдын тухай Ч.Лхамсүрэн гуайн шүлгээр бүтсэн “...Уудам эх орны дундуур. Уул, ус, говийг гатлаад...” гэдэг дуунаас эхлээд Д.Даржаа гуайн “Нөхөд” роман хүртэл орсон. Ер нь, төмөр замчдын тухай хэн юу өгүүлсэн байна, тэр бүхнийг л энэ номоос уншиж болно. Дараа нь “Хувь заяаны галт тэрэг” гэдэг номыг 2014 онд Л.Сэнгээ бид хоёр бүтээсэн. Энэ номд өмнөх хоёр ботид ороогүй зохиолыг эмхэтгэж хэвлэсэн юм. 

-Таны нэг найраглал орсон билүү?

-1981 онд 26 настай байхдаа бичсэн шүлэглэсэн роман л даа. Энэ номд тэргүүн бүлгээс нь орсон. “Уулс хайлах туульс” гэсэн давхар нэртэй “Зэргэлээн дундах уулс” гэдэг төмөр замчдын тухай роман.В.И.Ленин багш, Иван Степанович ч гардаг. Яагаад ийм шүлэглэсэн романыг залуудаа бичсэн юм бэ гэвэл, яг тэр үед ЕвгенийЕвтушенкогийн “Ангарын гал” шүлэглэсэн романыг уншаад, нөлөөнд орсон байх. Тэр номд октябрийн хувьсгал гардаг юм. Ер нь, төмөр замын тухай ярихад Октябрийн хувьсгал, В.И.Ленин,И.Сталингүйгээр төсөөлөх аргагүй. Энэ бол Оросын ард түмнээс Монголчуудад үзүүлсэн хамгийн том тусламж. Маршал Х.Чойбалсан И.Сталинаас гурван удаагийн уулзалт дээр төмөр зам тавих тухай гуйсан байдаг юм.Тэгсэн чинь маршал Мао Зэдунд “Ю.Цэдэнбал тэмээгээр очиж чамтай уулзах юм уу” гэж хэлж л дээ. Тэгээд урд төмөр замыг Хятадууд цаанаас нь угтуулан тавьж, манай талаас Оросууд тавьж өгсөн. Ингэхдээ 505 буюу Оросын генерал Власовын армийн хоригдлууд үндсэндээ гол хүч нь болон ажиллаж байсан түүхтэй юм билээ. Энэ бүхнийг би тэр шүлэглэсэн романдаа тусгасан юм.

-МЗЭ-ийн даргаар ажиллаж байхдаа та Төмөр замын утга зохиолын дугуйланг МЗЭ-ийн салбар болгосон уу?

-Л.Сэнгээ даргын үед МЗЭ-ийн салбар болгоод, тамга тэмдэгтэй болж, бие дааж үйл ажиллагаа явуулах, яруу найргийн тэмцээн зохион байгуулах, өөрөө шүүх, яруу найргийн түүвэр хэвлүүлэх, мөнгө нь байвал өөрсдийнхөө эрхээр хэвлүүлэх эрхтэй болгосон юм.Л.Сэнгээ дарга тэгэхэд МЗЭ-д элсч байсан. Тэгээд “Ган үзэг” яруу найргийн тэмцээн зохион байгуулж, олон яруу найрагч оролцдог болж өргөжсөн дөө. Б.Ичинхорлоо бид хоёр очиж шүүгчээр ажиллаж л байсан юм. Төмөр замын Утга зохиолын нэгдлээс олон сайхан яруу найрагч, зохиолч төрсөн. Тухайлбал “Цэнхэрийн гол” дууны шүлгийг бичсэн Ц.Зоригтсайхан агсан бол энэ нэгдлийн “бүтээгдэхүүн”. Мөн Ж.Зана гуайн “Халуун уул” романийг бид Төмөр замын утга зохиолын нэгдэл дээр ярьж “Энэ номыг хэвлэж болох юм” гэсэн бичгийг МЗЭ-д явуулж байсан түүхтэй. Энэ нэгдэлд жүжгийн зохиол бичдэг байсан Б.Ламзав гуай, төмөр замын ажилтан Б.Ваанчиг гээд хүмүүс байсан.Тэр үед юм чанга байж дээ. Одоо бол хэн дуртай нь ном хэвлүүлж, дугуйлан, нэгдэл байгуулаад л явж байна. 

-Та ер нь, төмөр замтай салшгүй холбоотой уран бүтээлч хүн юм. Ингэхэд та чинь бас Төмөр замын соёлын ордонд жүжигчин байсан гэдэг билүү. Хэдэн жүжигт тоглов?

-Утга зохиолын нэгдэлд явж байх үед л Ардын театр гэж байсан юм. Соёлын яамны Уран бүтээлийн хэлтсийн мэргэжилтэн Л.Цогзолмаагуай /Ардын жүжигчин/ ирж анхны Ардын театрын үнэмлэх гардуулж өгч байсан.Тэгээд манай жүжгийг Б.Мөнхдорж багш найруулдаг.Тэр үед би Л.Ванганы “Ач хүүгийн зүүд” жүжгийн Тунсаг партизан гэдэг гол дүр, Николай Погодины “Амьд цэцэг” жүжгийн гол дүр Николайн дүрийг бүтээж байсан байна. Ийм л хоёр жүжигт тоглосон.

-Хоёр ч жүжгийн гол дүрд тоглосон гэхээр танд жүжигчний мундаг авьяас байж дээ?

-Манай утга зохиолын гол төлөөлөгчид жүжигт тоглосон байдаг. Тухайлбал, Д.Нацагдорж “Гаргүй Шоожоо” жүжигт, С.Буяннэмэх өөрөө Саньдо амбаны тухай жүжигтээ, Ши.Аюуш “Шөнийн буг” жүжигт, Д.Намдаг гуай “Үнэн” гэдэг жүжгийн фёодалын дүрд тоглосон гээд дурьдаад байвал олон бий. Ер нь, жүжгийн зохиолчид чинь голдуу тайзан дээр гараад авсан байдаг.

-Тэгэхээр та үүнээс хойш цагдаа болсон байх нь ээ?

-Ардын театр чинь чөлөөт, сайн дурынх шүү дээ.Үндсэндээ социализмын үед залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ажил л юм даа. Бид үндсэн ажлаа өдөрт нь хийгээд орой нь жүжгийн бэлтгэлдээ явна. “Тэд дэх өдөр цуглана шүү” гээд л байж байна. Жүжигчин Бооёогийн аав Т.Намсрайжав гуай манайд орон тооны найруулагч байлаа. Тэгээд Т.Намсрайжав гуай гаднаас том найруулагчдыг урьж авчраад жүжиг тавиулна. Орой бүр нийтийн бүжиг зохион байгуулна.

-Одоо идэвхитэй хичээллэдэг утга зохиолын дугуйлан цөөрсөн болов уу?

-Миний харж буйгаар МУИС, МУБИС-ийн дугуйлангууд “гал алдаагүй” байх шиг санагдсан. Дээр нь, Төмөр замын утга зохиолын нэгдэл үйл ажиллагаа явуулж байгаа болов уу. Гэхдээ аливаа утга зохиолын нэгдлийг таслалгүй авч явах идэвхитэй хүн зайлшгүй хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Г.Донид гуай шиг, Л.Сэнгээ шиг хүн байх хэрэгтэй шүү. Зохиолчдын хороо салбарууддаа багш томилдог нь том бодлого байж. Ухаандаа З.Баттулга гэдэг тэр том зохиолч чинь бидэнтэй шөнөжин зохиол яриад, шүлэг, өгүүллэг сонсоод суучихна. Ж.Заны романыг шөнөжин ярьсан санагдана.Бүх дүрийг нь задлаад л ярина. Алдаа дутагдлаа хэлэлцэж, сайжруулах, засах үүрэг өгнө. “Хэрэв сайн болбол “Найрамдлын зам” сонинд нийтлэнэ” гэдэг. Тэр сонин нь одооны “Ган зам” сонин шүү дээ. Сонинд шүлгээ нийтлүүлнэ гэдэг их том урам байлаа. Бүр Л.Сэнгээ даргаас хойш тухайн шүлгэн дээр дугуйлангийн тамга дардаг болсон.

Тамгатай бол Зохиолчдын хорооны “Утга зохиол урлаг” сонинд нийтлэж болно гэсэн үг. Тийм эрх мэдэлтэй дугуйлан байлаа шүү дээ. Ер нь, залуус дугуйланд явах хэрэгтэй. Заавал бүгд том зохиолч болох албагүй. Авьяастай нь улам хөгжинө, бусад нь зөв хүн болно. Төмөр замд Г.Бавуудорж гэж сайхан хүн бий. Шүлэг бичдэг ч нэг их олон ном хэвлүүлээгүй.Д.Цоодол гуайгаас ах хэр нь “Багш аа” гэдэг.Тэр хүн өөрийнхөө бичсэн шүлгээс эрч хүч аваад явдаг.Г.Бавуудорж гуайн амьдралд тохиолдсон зовлон бэрхшээлийг би мэднэ. Одоо амьдрал ахуй нь сайхан л яваа.

-Анхны номоо хэдэн онд хэвлүүлж байв?

-1981 онд цагдаа байхдаа “Улаан жигүүр” гээд анхны номоо хэвлүүлсэн. Тэгээд дараа нь оюутан болоод нэгдүгээр дамжаанд байхад Залуу зохиолчдын нэгдлийн эрхлэгч С.Эрдэнээ гуай Л.Мягмарсүрэнгийн “Урины шувуу”, миний ном хоёроор Зохиолчдын хороонд анх удаа “Анхны номын баяр” хийж байсан. Том том зохиолчид цуглаад л...Сайхан л байдаг юм билээ. Тэгэхэд С.Эрдэнээ гуай “Д.Төрбатын цагдаагийн бутикт Монголын утга зохиолын нэгэн үе өсч өндийсөн юм” гэж хэлсэн. Тэр нь ч үнэн л дээ. Монгол телевизийн цагдаагийн пүтгэнд сууж байхад Ш.Гүрбазар, Д.Чинзориг, Б.Сундуй агсан очно. Утга зохиолын нарийн бичгийн дарга байсанТ.Очирхүү гуай, Г.Мэнд-Оёо нар цуглаад тамхи татаж, шүлгээ уншицгааж байгаад л явдаг. Мөн телевизэд утга зохиолд “хорхойтой” Б.Дорж гэж сэтгүүлч, С.Бадрах гэж найруулагч байлаа. Энэ мэт нэмэгдсээр бараг нэг утга зохиолын нэгдэл шиг л юм болно. Тэр пүтгэнд цугладаг байхад Г.Мэнд-Оёогийн “Бодлын шувуу” ном гарч байсан.

-Өнөөг хүртэл та хэчнээн ном бүтээсэн байна вэ?

-За даа, 20 гаруй л ном юм уу даа. Энэ дотроо шүлгийн ном цөөхөн хэвлэсэн байна. Ээжийнхээ мэндэлсний 100 жилийн ойгоор 12 жилээр бичсэн роман дээрээ нэмж, жүжгийн гурав, киноны хоёр боть, мөн сэтгүүл зүйн бүтээл, өгсөн ярилцлага, дурсамж гээд нийт 21 боть гаргах санаа байна.

-Ингэхэд та чинь утга зохиолын их олон багштай хүн.Багш нарынхаа талаар дурсвал?

-Надад утга зохиолын “А” үсэг заасананхны багш Л.Лувсандорж гэж мундаг хүн байлаа. Тэр үед Д.Пүрэвдорж багш Яруу найргийн зөвлөлийн эрхлэгч.Нэг өдөр Лууяа багш намайг Пүүжээ багш дээр хөтөлж аваачаад“Энэ хүүгийн номыг гаргамаар байна” гэдэг юм байна.Тэгсэн өнөөх нь “За тэгээд ямар юм бичдэг хүүхэд вэ” гэхэд нь Лууяа “Шүлэг бичдэг л хүн” гэнэ. Гэтэл “Шүлгүүдээ аваад ир” гэж байна шүү. Тэгэхэд “Улаан жигүүр” нэртэй байгаагүй юм.Ямар ч байсан нөхөр “Хоёр хэвлэлийн хуудас ном болно” гээд төлөвлөгөөнд оруулчихлаа. Тэгээд намайг оюутан байхад манай деканы нарийн бичгийн дарга н.Адъяасүрэн гуай нүд нь орой дээрээ гарчихсан “Төрбат аа чамайг Зохиолчдын хороон дээр дуудуулж байна.

Чи ямар хэрэг тарьсан бэ” гэдэг юм. Яваад очтол Пүүжээ багш “За, ном чинь батлагдсан. Чиний редактор чинь дэлдэн П.Бадарч шүү, номоо хурдхан бэлтгээд эхийг нь шилжүүл” гэлээ. Ингээд л бид хоёрын дунд багш шавийн барилдлага тогтсон доо. Харин 1981 оны есдүгээр сард Лууяа багш маань 37-хон насандаа аваарт ороод бурхан болсон юм. Тэгээд л би Пүүжээ багшийгаа “хормойдож” эхэлсэн дээ. Пүүжээ багш маань Яруу найргийн тэнхим хичээллүүлж эхлээд манай үеийнхэн бүгд явсан. Б.Цэнддоо, Дан.Нямаа, эмэгтэйчүүдээс М.Булган, Ц.Түмэнбаяр гээд 20 гаруй залуу байсан.

-Тухайн үед тэмцээн, уралдаан байна биз?

-Байлгүй яахав, Соёлын яамнаас нэг дуулалт жүжгийн уралдаан зарладаг юм. Тэргүүн байр нь 2500, хоёрдугаар байр нь 2000 төгрөг гэнэ. Тэгээд мөнгө олж авдаг хэрэг гээд уралдаанд “Амьдралын улаан шугам” гэдэг жүжгийн зохиолоор оролцлоо. Бүтээлээ явуулчихаад чагнаад байж байтал О.Содномпил тааралдсанаа нэг их холоос инээгээд л “Баяр хүргэе, чиний жүжиг чинь байр эзэлсэн байна лээ. “Үнэн” сонин дээр гарч, миний өрөөнд ороод үз” гэж байна. Ороод хартал хоёрдугаар байр эзэлсэн, нэгдүгээр байргүй гэнэ шүү. Гэтэл хэд хоногийн дараа Соёлын яамнаас дуудууллаа. Очтол Д.Мягмар гуай “Чамд гэрчилгээ нь хэрэгтэй юу, мөнгө нь хэрэгтэй юу” гээд арзайтал инээж байна. “Аль аль нь хэрэгтэй” гээд инээсэн чинь “За за, сайн жүжиг болсон байна лээ.

Жүжгийг чинь Г.Бирваа гуай хөгжим бичих гээд аваад явсан, очиж уулзаарай. Харин мөнгөө доор н.Сосорбарам гэдэг хүнээс очиж ав” гэлээ. Ингээд л татвар суутгуулж 1800 төгрөг авч баяжаад явчихлаа шүү. Баярлаад 64 дүгээр дэлгүүрээс хоёр шил “юм” авчраад Д.Мягмар гуайд өгчихөөд гэртээ ирж эхнэртэйгээ /Л.Шүрэнцэцэг/ ярилцаад зурагт, хөргөгч хоёр авдаг юм. Ингээд л урамшаад их олон уралдаанд орж дандаа хоёрдугаар байр эзэлсэн дээ. Хамгийн их мөнгөн шагнал авсан нь Улс тунхагласны 60 жилийн ойгоор улсаас кино зохиолын уралдаан зарлаж. Нэгдүгээр байр нь 5000, хоёр нь 4000 гэнэ. 

Тухайн үед цөөнгүй кино зохиол биччихсэн байсан үе л дээ. “Галын урсгал” зурганд орчихсон, Л.Түдэв даргын даалгавраар “Залуу Монгол” баримтат кино хийчихсэн байлаа.Тэгээд “Ирж яваа цаг” гэж зохиол бичээд явуулсан чинь мөн л хоёрдугаар байр эзлээд мөнгийг нь бурхан дээрээ тавьчихсан мундаг амьтан сууж байсан. Эхнэртэйгээ хоёулаа юу авахаа мэдэхгүй. Маргааш өглөө нь хичээлдээ сууж байсан чинь жүжгийн зохиолч, Соёлын яамны Б.Сумъяа сайдын нарийн бичиг Соргодогийн Жаргалсайхан ирээд “Би хоршооллын нэг байр авах гэтэл яг 4000 төгрөг дутчихаад болдоггүй” гэж авч байна. Яг л миний шагналын тоог хэлж байна шүү /инээв/. Яаманд ажилладаг хүн чинь мэдэлгүй яахав дээ. Би өгчихөж чаддаггүй, тэгээд Шүрээг “Чи өгөх эсэхээ өөрөө мэд” гээд явуулсан чинь өгөөд явуулсан байсан.

-Ингэхэд та П.Бадарч гуайд хэрхэн шавилав даа?

-Д.Пүрэвдорж багшийн даалгавраар номынхоо эхийг хоёр шил “юм”-тай цүнхэлчихээд оройхон очсон. П.Бадарч багшийнх их дэлгүүрийн хажууханд.“Хэн бэ чи” гэхээр нь “Төрбат гэдэг” гэсэн чинь “Пүүжээ надад хэлсэн, гал тогоонд ороод хүлээж бай” гэж байна.Тэгээд эхнэртээ “Нэг хүүхэд ном үзүүлэх гэж ирсэн байна” гэтэл “Битгий архи уучихаарай чи” гээд л байна. Би ч шүлгээ гаргаж өгчихөөд архиа яаж өгөхөө мэдэхгүй нэлээд суулаа.Шүлгүүдийг маань гүйлгэж харчихаад “Би нэг өмнөтгөл бичээд Пүүжээд өгчихье, тэртээ тэргүй төлөвлөгөөнд орсон юм чинь болно биз дээ” гэж байна.Архиа яаж гаргах учраа олдоггүй шүү.Тэгээд “Бадарч гуай, энд нэг юм байгаа юм, яах вэ” л гэлээ. Өнөөх чинь “Юу вэ” гэхээр нь цүнхнийхээ цахилгааныг нээгээд харуулсан чинь “Наадахаасаа эхэлдэг байхгүй юу” гэдэг байгаа /инээв/. Ингээд нэгийг нь хувааж хүртчихээд яваад өгсөн. Долоо хоногийн дараа “Чиний номыг үнэлэх гэж байна, дахиад хоёр юмтай хүрээд ир” гэж байна шүү.Яваад очтол үнэлээд 6300 төгрөг гаргачихаж. Мөр бүхнийг нь үнэлнэ шүү дээ. Ингээд лШүрээ бид хоёр хөлжиж, П.Бадарч гуай бид хоёр багш шавь болсон доо /инээв/.

-Номыг чинь хэдэн хувь хэвлэж байсан юм бол?

-3000 ширхэг хэвлэсэн. Одоог бодоход маш олон хувь байгаа биз. Гэхдээ тэр үедээ бол цөөнд тооцогдоно. Ж.Пүрэв гуайн роман энэ тэр бол 30, 40 мянган хувиар л хэвлэгдэж орон даяар тархана шүү дээ.

-Дээр үеийн зохиолч нар “Номын мөнгөө шуудайлаад л аваад явдаг байсан” гэж ярих юм билээ. Та тэгж шуудайгаар нь авч байв уу?

-Авч байсан шүү. 1996 онд “Шадар ван” гэж кино хийгээд Хөвсгөлөөс шуудайгаар нь мөнгө авч байсан удаатай. Урьдчилгаа нь 17 сая төгрөг, хоёр шуудай дүүрч байсан юм. Банкнаас тоолуулаад авчихсан чинь агаар муу гээд тэр өдөртөө онгоцниссэнгүй. Манай өнөө “Догшин хар” МУГЖ Л.Нямсүрэн гуай бид хоёр хүйтэн онгоцонд мөнгөө сахиад хоносон. Тэгээд маргааш нь ирж, гэртээ өрж тавьж байгаад л тоолж билээ.
-Ярилцсанд баярлалаа, таньд уран бүтээлийн их амжилт хүсэн ерөөе!

Сэтгүүлч, яруу найрагч М.Наранболд

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.