Хурандаа генерал С.Лувсангомбо: Би Ю.Цэдэнбал даргын удирдлагад 15 жил ажилласан хүн

Өдгөөгөөс 76 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны энэ өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд Генерал цол олгож байжээ. Түүнээс хойш жил бүрийн энэ өдрийг алтан мөрдэст “Генералуудын өдөр” болгон тэмдэглэх болжээ.

Энэ өдөр цол авсан Ю.Цэдэнбал тэргүүтэй генералуудаас хамгийн өндөр настай нь ОХУ-д амьдарч буй 96 настай Хурандаа генерал С.Лувсангомбо юм. Хурандаа генерал С.Лувсангомботой 2019 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд уулзах боломж олдсон билээ. 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн төрийн айлчлалын багт орж, хойд хөршид ажилласан билээ. Нийслэлийн Засаг дарга энэ үеэрээ Улаанбаатар хотын Засаг даргаар 1971-1972 онд ажиллаж байгаад Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар томилогдсон Хурандаа генерал, БНМАУ-ын НАХЯ-ны сайд, Гавьяат барилгачин, 95 настай буурал Сономын Лувсангомбо гуайтай уулзаж, Нийслэлийн 380 жилийн ойн медаль, баярын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ уулзалт Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд болсон бөгөөд Ерөнхий сайдын айлчлалыг сурвалжилж явсан сэтгүүлч надад Монгол Улсын ганц Хурандаа генерал, азай бууралтай цөөн хором уулзах ховор завшаан тохиосон юм.

Москва хотод 30 жил амьдарсан Хурандаа генерал С.Лувсангомбо гуай, “Ерөнхий сайдын тус улсад хийсэн Төрийн айлчлалын талаар “Маш зөв зүйтэй айлчлал болж байна. Хоёр хөрштэйгээ ижил хэмжээний зайнаас харилцаж, хамтарч хөгжих ёстой. Нэг тал руу нь хэлбийх, гадуур нь өнгийж цаана нь байгаа улс руу "миний найз" гэж найр тавиад байх шаардлагагүй. Хойд хөрш бол манай улсад олон жилийн турш Амарсанаагаас эхлээд Ардын хувьсгалын үед ч гэсэн хамгийн их тусламж үзүүлсэн. Энэ улсын ард түмний тусламжтайгаар Монгол Улс хөгжсөн, бүгд бичиг үсэгтэй болсон, эрүүлжсэн. Манжийн дарлалын үед Монголыг устгах бодлого л явагдаж байсан шүү дээ” гэсээр яриагаа эхлэв.

Мөн Улаанбаатар хотыг удирдаж, үүх түүхийг нь бүтээлцэж явсан ахмад хүний хувьд нэг зүйлийг тусгайлан захисан нь хотынхоо хуучны дурсгалт барилгуудыг хадгалж, хамгаалж авч үлдэх тухай байсныг ярилцлагынхаа өмнө онцлон дурдъя. Тэрбээр энэ тухай, Хотын дарга аа, Та түүхийн холбогдолтой байшин  барилгуудаа хамгаалах хэрэгтэй шүү. 380 жилийн түүхтэй манай хотод олон зуун жилийн дурсгал байхгүй ч  хадгалж үлдээмээр зүйлс зөндөө бий. Сүүлийн үед Дуурь, Драмын театр, Номын сангийн барилгыг нураана гэж дуулаад би сэтгэл зовж байна. Энэ бол хотын түүхэн барилгууд юм. Драмын театр гэхэд, Монголын анхны архитектор Чимэдийн бүтээл,Монгол уламжлалыг харуулсан барилга.

Театрын баганын толгойг харахад л бусад улс орных цэцэг навчтай байдаг бол манайх морин толгойтой. Яах вэ, дотоод зохион байгуулалт нь орчин цагт гологдож болно. 1956 онд баригдсанаас хойш их засвар хийгээгүй гэхэд тэсэж л байна шүү дээ. Энэ барилгыг нураагаад шинэ барилга баръя гэж байна. Мөнгө хангалттай байгаа юм байна шүү дээ. Тэр мөнгөөрөө түүхийн дурсгалт хуучин барилгуудаа засварлаасай гэж бодох юм. Москва хотын дарга энэ жил гэхэд 1500 барилга сэргээн засварлалаа. Энэ хэдэн барилгыг үлдээгээсэй гэж хүсдэг юм. Таны одоо сууж байгаа хотын захиргааны барилга бол Монгол Улсын гурван маршалын оролцоотой бүтсэн барилга.

Анх 1936 онд Маршал Г.Дэмид санаачилж, барилгыг эхлүүлэх гэж байтал Халхголын дайн гарч зогссон. Дараа нь 1946 онд Маршал Х.Чойбалсангийн үед бариулсан. 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Улаанбаатар зочид буудал байгуулагдахад Ю.Цэдэнбал дарга хотын даргыг дуудаад, “Энэ барилгыг дотор нь яаж ч зохион байгуулж болно. Гадна талыг нь битгий өөрчлөөрэй, энэ бол түүхэн барилга шүү” гэж хэлж үлдээсэн. Монгол гуравхан Маршалтай, гурвуулаа яггүй хэлмэгдэж зовлон үзсэн ч Монголын түүхэнд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Би цэргийн хүний хувьд Хотын даргадаа  “Энэ барилгуудыг хамгаалаарай” гэсэн хүсэлт тавьж байна гэл

Москва хотын дарга энэ жил гэхэд 1500 хуучин барилга сэргээн засварлалаа

Хариуд нь Засаг дарга С.Амарсайхан, Түүхэн дурсгалт барилга байгууламжуудаа бид хамгаалж ирсэн, цаашдаа ч анхаарч ажиллана. Таны хэлж байгаа хотын захиргааны гурван давхар ногоон барилгыг хувийн хэвшлийн байгууллагад шилжүүлэх гэрээ хийчихсэн байсныг цуцалж, байшинг эргүүлж хотдоо авах шийдвэр гаргаж байгаа. Драм, Дуурийн театрыг буулгаж нураахгүй, засварлаж, сайжруулаад зориулалтын дагуу ажиллуулна. Шинээр үндэсний хэмжээний том театр барина. Харин Байгалийн түүхийн музейн барилгыг засаж сэргээх боломжгүй гэдгийг гадна, дотнын мэргэжлийн байгууллагууд нэг бус удаа тогтоосон, хэзээ мөдгүй нурж, иргэдийн амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй учраас буулгахаас аргагүй болсон юм билээ” гэсэн юм. 

Хурандаа генерал С.Лувсангомбо хотын дарга болон дагалдан яваа НИТХ-ын төлөөлөгчдөд нэгэн сонирхолтой түүх ярив. “Унгарын нэг жижигхэн, тохилог хот байдаг юм. Тэр хотод очиход Төв талбайнх нь нэг буланд муу шавар амбаар байдаг. Мэдэхгүй хүн бол “Хурдан  нураагаасай”  гэж хэлмээр. Гэтэл тэр хотынхон зочноо хамгийн түрүүнд тэндээ аваачдаг. 500 жилийн өмнө манай хот байгуулагдахад хамгийн анх баригдсан байшин, манай хотын түүх эндээс эхэлдэг. Манай хот эртний хот болохын баталгаа энэ" гэж билээ хэмээн хуучилсан нь хотын удирдлагууд болон жирийн уншигчдад түүхэн дурсгалт барилга ямар үнэ цэнэтэй болохыг сануулсан ахмад хүний үг, түүхэн дурсгалт барилгуудыг хамгаалж үлдээх гэсэн захиас байв. Хотын удирдлагуудтай хийсэн уулзалтын дараа бид ярилцлагаа эхэлсэн юм.

-Та хамгийн сүүлд нутагтаа хэзээ очив?

-Энэ жил генерал цол бий болсны 75 жилийн ойгоор эх орондоо очсон. Гуравдугаар сард Төрийн шагналт жүжигчин Н.Сувд ирж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн бичлэг хийсэн. Сүүлд очиход Н.Жанцанноров гуай ярилцлага хийж, би Улаанбаатар хотод хэд хоносон. Би нутгаа их санадаг, нутгийнхаа тухай ярьж хөөрөх дуртай. Би ер нь жил бүр урин дулаан цагт нутагтаа очиж хэд хонохсон гэж боддог. Нас дээр гарахад санаснаар болохгүй юм даа. Эрийг нас дарна гэдэг чинь үнэн үг байна, настай болсноо одоо л мэдэж байна даа.

-Та Монгол орны өмнөд хилийн хүн юм байна. Эх орныхоо хилийн шугамд ойр төрсөн тань цэргийн хүн болоход нөлөөлсөн үү?

-Тийм шүү. Би Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, Монгол Улсын хамгийн урд захын хилийн суманд төрсөн. Хангийн застав орчмын хүн. Сулинхээрийн IX отрядад би анх 1941 онд 17 настайдаа энгийн ажилчнаар орж, хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Манай хил орчмын нутгийн ардууд цөөхөн учир гаднын хүнийг андахгүй. Хилчид шиг сонор сэрэмжтэй, хилийн цэрэгтээ их тусалдаг. Дайны үед Япон Өвөрмонголыг эзэлсэн учир явган нүцгэн, тэмээтэй морьтой Японы тагнуулууд их орж ирнэ. Миний аав гэхэд л нэг тагнуулыг мэдчихээд, аятайхан ярьж хөөрч байгаад та нар эндээ амар гэж хэлээд, шөнө нь заставт хэл хүргэж, тагнуул баригдсан. Манай аав нэг тагнуул барьснаараа хоёр мориор шагнуулж байсан юм.

Дайны хүнд жилүүд байлаа, 200 гаруй шинэ цэрэг жагсаагаад “Бичиг үсэг мэддэг нь урагш хоёр алхаад марш” гэхэд нь дөрөвхөн хүн л гарч билээ.

-Сулинхээрийн заставт Та ямар ажил хийж байв?

-Цэргүүдийн хувцас угаана. Том тогоотой савантай усанд цэргүүдийн хувцсыг буцалгаж угаадаг. Хилийн заставууд, отрядын төвөөс угаах хувцас ирнэ. Тэр бүхнийг ганцаараа угаана. Жагсаалын даргын зааснаар хөдөлмөр хийж сурсан даа. Цэргийн ангид угаагч хийж байгаад 1944 онд цэргийн албанд татагдсан. Дайны хүнд жилүүд байлаа, 200 гаруй шинэ цэрэг жагсаагаад “Бичиг үсэг мэддэг нь урагш хоёр алхаад марш” гэхэд нь дөрөвхөн хүн л гарч билээ.

-200 гаруй хүнээс тэр үү. Та яаж бичиг үсэг сурсан бэ?

-Гэрээр сурсан юм. Манай ах хүчилж байгаад намайг аравтай байхад Задгайтын хийдэд хөх Жадамба гэж номтой багшид шавь оруулсан юм. Багш эхлээд хэлж өгнө, 2-3 алдахад саваагаар гөвдрүүттэл нүдэж гарна. Гөвдрүүн дээр нь дарахад цустай шүүс гарч, дээшээ харж хэвтэх аргагүй болтлоо зодуулж байв. Тэр үед хүүхэд зодох нь хаа сайгүй л байсан юм чинь, тэгж зодуулсан нь надад их тус болсон гэж боддог юм. Тэгэхэд зэргэлдээх хашаанд жижигхээн хар гэрт нэг настай ганц лам байх. Хашааныхаа гадаа үнсээ учиргүй их болтол овоолсон байхад нь өрөвдөөд араг, шээзгий үүрч үнсийг нь хаялаа. Арагийг нь буцааж тавиад явах гэтэл лам өвгөн гэрээсээ гараад “Нааш ир, хүү минь” гэж байна. Очтол “Чамд их баярлалаа, чи монгол бичиг сур л даа. Би чамд зааж өгье. Самбараа бэлдээд ир” гэсэн. Ингээд арваад хоногт бүх үсгээ үзээд сурчихлаа. Тэгж бичиг үсэг сурсан юм. Дараа нь хийдээс оргож, нутагтаа очоод цэрэгт татагдсан түүхтэй.

-Таныг Улаанбаатар хотын даргаар томилсон нь барилгын салбарт ажиллаж байсныг харгалзсан шийдвэр байх, тийм үү?

-Тийм байж магадгүй. 1971 онд намайг хотын даргаар томилсон. Тэр үед хотын бохир усны шугамнууд хальж, хаа сайгүй бохир ус асгарсан хүнд байдалтай. Яаралтай бохир усны шугам хоолойг тавих ажил намайг угтсан. Тэр ажлыг манай Барилгын яам эрхэлж байсан юм. Түүнтэй ч холбоотой байсан уу, нэг өдөр намайг дуудаад л хотын даргаар томилж, “Ажилдаа ор” гэсэн. Ардын хувьсгалын 50 жилийн ой дөхчихсөн, Зайсан толгой дээр Зөвлөлтийн дайчдын хөшөө барих ажил байлаа. Олон үйлдвэрүүд ашиглалтад оруулах ёстой, хотод олон барилга бэлэн болсон ч бохир усны шугамдаа холбогдоогүйгээс хүлээгдэж байв.

Бохир усны шугамыг маш хурдан ашиглалтад оруулах нь миний гол ажил. Манай захиалагч инженер Мандах гэж жижигхэн залуу байлаа. Мандахдаа “За чи, энэ шугам хоолойн дотуур яваад, хоолой залгасан байдлыг шалгаад байгаарай” гэлээ. Нэг нь зургаан метр урттай, 1.6 метрийн диаметртэй том хоолой л доо. Мандах 9 км хоолой дотуур явж нэг бүрчлэн шалгаж, өдөрт нь засуулаад байсан. Хоолойгоо холбож дууссаныхаа маргааш л Улсын комисст хүлээлгэн өгч билээ. Барилгын салбарт тийм хурдан комисст хүлээлгэж өгөх тохиолдол байдаггүй юм. Хотын захиргаанаас барилгачдынхаа хоолыг хариуцаж, гурван ээлжээр 24 цаг ажиллуулсан. Хамгийн гол нь бид хоолойг Ардын хувьсгалын ойн өмнө ашиглалтад оруулж чадсан. Бүх барилгаа ч бохирын хоолойд холбосон доо. Тэр бохир усны төв магистрал одоо хүртэл ажиллаж байна. Ер нь хотын дарга байна гэдэг олон хүүхэдтэй айлын л аав юм билээ.



-Тэр айлд сайн ч хүүхэд байдаг, саарч хүүхэд байдаг байх даа?

-Тийм ээ. Ардын хувьсгалын 50 жилийн ойн өмнө бүх нийтийн субботник хийхэд хотын иргэд бүгд оролцсон. Хотын иргэд ч бидэнд их тусалсан даа. Тэр жил Бага тойрог ашиглалтад орсон, явган замыг нь тавьсан, хотынхон ч өөрсдөө л хийсэн юм даа. Хүүхдийн парк ч ашиглалтад орлоо. Миний дарга байхад хот маань 450 мянган хүн амтай байсан.

-Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд Та үнэтэй хувь нэмэр оруулжээ?

-Эрвийх дэрвийхээрээ л ажилласан даа. 1996 онд М.Энхболд хотын захирагч байхад үе үеийн хотын дарга нарын оролцоотойгоор нэг альбом гаргасан. Тэр үед би Энхболд даргад хэлсэн “Хот маань ингэж утаанд хордож, тоос шороонд дарагдаж, зам нь түгжирч байх учиргүй юм. Ерөнхий төлөвлөгөө гэж бий. Тэр төлөвлөгөөнд Хүүхдийн парк цаашаа битүү модоор үргэлжилж, Зайсан толгойг хамарч, Богд уултай нийлүүлэхээр тусгасан юм. Тэр дагуу явсан бол хот цэвэр агаартай, чөлөөтэй болох байсан юм.

-Тэгвэл хотын Ерөнхий төлөвлөгөөг зөрчиж, өнөөгийн төлөвлөлтгүй хотыг бий болгосон хэрэг үү?

-Хот төлөвлөлт бол УИХ-аар батлагддаг хууль шүү дээ. Энэ хуулийг өнөөдөр батлаад, маргааш нь зөрчдөг байж болохгүй. Хотод газар олдохгүй гэх биш. Баруун тийшээ Сонгиныг давуулж, хойш нь  Арцатыг давуулж болно шүү дээ. Ингэж хотын төвдөө чихдэгээ болиоч ээ гэж тэр үед М.Энхболд даргад хэлж байсан. Тэр цагаас хойш хот маань хөгжиж л байна, байшин барилгууд олноор баригдлаа, цэвэрлэгээ үйлчилгээ ч сайжирсан байна лээ. Хамгийн гол нь сахилга бат, хотын дүрэм журмаа баримтлах ёстой. Уучлаарай, “Цэнхэр тэнгэр” бил үү? Төрийн ордон, Чингис хааны хөрөг рүү харсан тэр барилга чинь газар дороос цухуйсан хос иртэй хутга байна гэж би шүүмжилдэг. Би тэр сайхан барилгыг нь шүүмжлээгүй. Энийг ингэж байрлуулах нь ямар бодлого, зорилготой юм бэ, өөр газарт барьж болох байсан шүү дээ.

Хотын дарга байна гэдэг олон хүүхэдтэй айлын л аав юм билээ. Тэр айлд сайн ч хүүхэд бий, саар ч хүүхэд бий. 

-Хууль зөрчих тэр асуудал нь юундаа байна вэ?

-Дүрсгүй, сахилга батгүй хүмүүст л байх шиг байгаа юм. Хууль биелүүлдэггүй хүмүүс эрх мэдэлд хүрэхээрээ дураараа дургиснаас болж байна.

-Хотын хүн ямар байх ёстой вэ. Хотын соёл гэж юуг хэлж байна вэ? 

-Айлын хүүхдүүд ямар байх ёстой вэ. Аавынхаа үгийг сонсох ёстой юу, ажил төрлөө хийх ёстой юу. Адилхан шүү дээ.

ХҮҮХДИЙН ПАРКИЙН 100-ХАН ГА ГАЗРААС ХУВИЙН КОМПАНИД ӨГСӨНД БИ ИХ ХАРАМСДАГ

-Та бүхний бүрэн бүтэн үлдээсэн улс орныг Ардчиллын 30 жилд шинэ үеийнхэн хэрхэн авч явж байна гэж Та боддог вэ? 

-Би социализмын хүн, Монголдоо социализмаас өөр амьдрал үзээгүй. 1989 онд Ардчилсан хувьсгал үүсэх үеэс Москвад ирсэн хүн учир орчин үеийн Монголынхоо улс төрийн амьдралд оролцож үзээгүй. Бидний үед хүмүүс сахилгатай, даруулгатай, соёлч байсан.

-Та хотын дарга байхдаа Хүүхдийн паркийг ашиглалтад оруулсан уу?

-Үгүй ээ, бид Анастасия Ивановнаг /Цэдэнбал даргын гэргий/ бид авгай гэж нэрлэдэг л дээ. Авгай 1959 оноос эхлээд Хүүхдийн парк байгуулна гэж олон байгууллагатай ярилцаад 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор ашиглалтад оруулсан юм. Одоо миний хамгийн харамсдаг юм бол Хүүхдийн паркийн 100-хан га газарт заавал хувийн барилга барих ямар хэрэг байсан юм бэ? 50 жилийн ойгоор "Солонго" ресторан ашиглалтад орж, Хүүхдийн парк жинхэнэ ёсоороо ажиллаж эхэлсэн дээ.

Би Цэдэнбал даргын удирдлагад 15 жил ажилласан. Би 1972 онд Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар томилогдсоноос хойш даргатай бараг өдөр бүхэн уулзах болсон доо. Ю.Цэдэнбал дарга Монгол төрийг 44 жил удирдаж, улс орны хөгжилд ухамсарт амьдралаа зориулсан хүн. 

-Та НАХЯ-ны сайдаар хэр удаан ажилласан бэ?

-НАХЯ-ны сайдаар нэлээд хожуу 1982-1984 онд ажилласан даа. Би Батлан хамгаалах яамны шугамаар Тамбов  хотод Цэргийн зэвсгийн дунд сургууль төгссөн. Москва хотод Артиллерийн инженерийн академи төгссөн, цэргийн мэргэжилтэй хүн. 1956 онд Намын төв хорооноос армийн удирдлага, дивиз хороодын дарга нарыг ардын аж ахуй, САА, нэгдлүүдэд даргаар хуваарилсан. Тэр үед намайг барилгын салбарт хуваарилсан. Барилгын салбартаа ажиллаж байхад намайг Улс төрийн товчооноос дуудаж, НАХЯ-ны сайдаар томилсон юм. Тэр жил Аюулаас хамгаалах байгууллагын 60 жилийн ой тохиолоо. Хил хамгаалалтын асуудалд онцгой анхаарч, хилийг бэхжүүлэх, инженерийн хамгаалалттай болгох, хилийн отряд заставуудын барилга барих зэрэг ажлыг удирдан явуулж байлаа. Цэргийн алба хааснаас хойш Генерал цол авах хүртлээ хил хамгаалах үйлсэд чадах чинээгээрээ зүтгэж ирсэн дээ.

-Таныг Цэдэнбал даргатай ойр байсан гэдэг?

-Тэгэлгүй яах вэ, би Цэдэнбал даргын удирдлагад 15 жил ажилласан хүн. Би 1972 онд Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар томилогдсоноос хойш даргатай бараг өдөр бүхэн уулзах болсон доо. Ю.Цэдэнбал дарга Монгол төрийг 44 жил удирдаж, улс орны хөгжилд ухамсарт амьдралаа зориулсан хүн.

БИ МОНГОЛ ЭХ ОРНОО ЭЭЖТЭЙГЭЭ Л ЗҮЙРЛЭДЭГ

-Та 30 жилийн турш хүний нутагт амьдарчээ. Социализм нуран унаж, нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн нь Таныг эх орноо орхихоос аргагүйд хүргэсэн үү?

-Миний энд ирсэн шалтгаан өөр юм. Намайг Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгч гэж буруутгаж гэрийн хорионд хоёр жил байлгалаа. Гадагшаа хаашаа ч явах эрхгүй. Миний ээж, эгч, дүү минь тэр хоёр жилийн дотор өөд болсон. Тойрон хүрээлэгчийн хэргээс арай гэж мултраад хөгшин, хүүхдүүдээ бараадаж энд /Москвад/ 66 насандаа ирсэн юм. Тэрнээс хойш нутагтаа үргэлж очдог.

-“Тойрон хүрээлэгчийн хэрэг” гэгчээр буруутгагдаж хоёр жил гэрийн хорионд байхад Танд юу бодогдож байв?

-Тэр ч буруу л юм хийсэн дээ. Чи юу идсэн, уусан бэ? гэж л дандаа асуудаг. Чи улсаас 300 мянган төгрөгийн хангамж авсан, тэрийгээ төл гэдэг. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга хүн чинь Засгийн газрын хангамж эдэлнэ, одоо ч тийм биз дээ. Машины бензин төлөөгүй гэх мэтийн жижиг сажиг юмаар л ороох гэдэг. Залуучууд маань сүүлдээ тэр нь буруу юм байна гэдгээ ойлгосон л доо. Тэрийг би Ардчиллын буруу гэж хэлэлтэй нь биш, хүмүүсийн сэтгэл санааны хямрал байсан биз. Тухайлбал, Намайг хагас кг алт авсан байна гэдэг. Тухайн үед Засгийн газрын тогтоол гаргаж гоёл чимэглэлийн үйлдвэрт, алт, мөнгө өгдөг. Тэр үед би Сайд нарын зөвлөлийн даргыг орлож байхдаа гарын үсэг зурсан л даа. Надад засаг төр, ард түмний эсрэг хийсэн гэм байхгүй ээ. Надаас өө сэв олох гэж их л оролдсон доо.

Тойрон хүрээлэгчийн хэргээс арай гэж мултарсны дараа хөгшин, хүүхдүүдээ бараадаж /Москвад/ 66  насандаа энд ирсэн юм.

-Та Москвад ирэхдээ өөрийн амьдарч байсан байраа улсад тушаасан гэдэг?

-Тийм ээ. Миний гэрийг битүүмжлээд байснаа сүүлд нь задалж өгсөн. Монголчууд янз бүрийн цуглуулгатай байдаг шүү дээ. Би хөдөө гадаа их явна, алхана. Хүмүүс тахилгатай овоон дээр гуулин бурхан тавьдаг. Тийм мэтийн юм сонирхож цуглуулдаг байлаа. Нэг мэдсэн чинь өдий төдий гуулин бурхны цуглуулгатай болсон. Тэрүүгээрээ ч баалуулж байлаа. Би хоёр жил хорионд байхдаа соёлын ач холбогдолтой гуулин бурхдыг гадаадад авч яваад яахав гээд Монголбанкны Үнэт эдлэлийн фондод албан ёсоор тушаасан. Надад баяр хүргээд, бурхдыг хүлээж авсан гэсэн бичиг өгсөн нь одоо ч бий. Сайд нарын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхад надад хоёр, нэг өрөөтэй хоёр байр засаж өгсөн юм. Би  хоёр өрөө байраа дүүдээ өгч, нөгөө байраа хотод тушаасан.

-Та Монголдоо ойр ойрхон ирж байхын тулд хотын удирдлагад байр хүсэж хандсаныг С.Амарсайхан дарга шийдвэрлэсэн юм байна, тийм үү?

-Улаанбаатар хот байгуулагдсаны 370 жилийн ойгоор намайг урьсан юм. Очиход хотын дарга надад “Та Орос руу явахдаа байраа өгсөн юм байна. Нутагтаа ирээд хэд хоног байхад тань хэрэгтэй, байрыг тань буцаж өгье” гэсэн. Тэрнээс хойш энэ жил бололцоогүй боллоо гэх мэтээр хойшлогдсоор байсан. Сая С.Амарсайхан дарга “Таны байрны асуудлыг шийдвэрлэсэн шүү, Та Монголдоо очоод өөрийн байрандаа амьдарч байгаарай” гэж хэлсэн.  

-Монголд Таны ах дүү, хамаатан садан байгаа юу?

-Учиргүй олон бий. Миний хоёр дүү нар тус бүр таван хүүхэдтэй.

-Хүний нутагт удаан амьдрахад ямар байна. Та нутгаа хэр санадаг вэ?

-Би нутгаа их зүүдэлнэ. Багадаа морь унаж давхидаг байсан учир морио их санадаг. Ер нь нас өндөр болоход хүүхэд насаа, ээжийгээ л их боддог юм байна. Би Монгол эх орноо ээжтэйгээ л зүйрлэдэг. Монголынхоо тухай мэдээллийг интернэтээс өдөр бүхэн авч суудаг. 

-Та Монголын төрөөс ямар нэг тэтгэвэр тэтгэмж авдаг уу?

-Монголоосоо тэтгэвэр авдаггүй ээ. Харин Генерал цолны урамшууллыг манай байгууллага байнга өгдөг. ОХУ-аас бол 1982 оны хэлэлцээрээр байнга оршин суугчид хамгийн бага тэтгэврийг өгч байна гэсэн шийдвэрийн дагуу тэтгэвэр авдаг. Дээр нь цэргийн цолны нэмэгдэлтэй, багахан хэмжээний тэтгэвэртэй. Голох юм биш ээ, болж л байна. 

Эх сурвалж:GoGo.mn Э.Энхмаа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • тайван
    Монгол.. хүндээ ..тэтгэвэр ..тогтоож ..өгөхийг .. Монгол.. Улсын ..Засгийн ..Газраас.. хүсэж ..байна.
    2020 оны 05 сарын 19 | Хариулах