Монголын улс төр, цэргийн нэрт зүтгэлтэн дэслэгч генерал Шагалын Жадамбаа

            Шагалын Жадамбаа генералын 80 насны ойд


Монголын улс төр, цэргийн нэрт зүтгэлтэн дэслэгч генерал Шагалын Жадамбаа

Зэвсэгт хүчний 99 жилийн ой “Монгол цэргийн өдөр”-ийн алтан титэм дор Монголын цэрэг армийн нэгэн цагийн түүхийг бичиглэсэн, Монгол Улсын батлан хамгаалах салбарт чухамхүү ялгуусан гавьяа байгуулсан домогт генералын тухай өгүүлэх гэж байна. Эл эрхэм бол Монголын улс төр, цэргийн нэрт зүтгэлтэн дэслэгч генерал Шагалын Жадамбаа. Түүний намтар цадиг, он жилүүдийг бичнэ гэдэг нь Монголын ардын арми, орчин цагийн зэвсэгт хүчний түүхийг бичихтэй ижил юм. Учир нь ардын армийг өргөтгөн зохион байгуулсан үечлэлийг цэргийн түүхчид гурав (1956-1964, 1964-1979, 1979-1988) хуваадаг. Энэ нь Жадамбаа генералын армийн жагсаалд хөл тавьсан түүхэн замналтай бараг холбогддог.

Тэртээх дөчин оны хавар Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг домогт Хар азаргын нуруу, Олонбулаг, гурван Улиастайн голд эгэл малчныд төрсөн хүү 1960 онд хорин настайдаа цэрэгт татагдан ирж Армийн хими хамгаалалтын тусгай ротод байлдагч цолтой алба хааж эхэлжээ. Хими хамгаалалтын тусгай ротын захирагч нь хожим хошууч генерал болсон Ч.Самбуу, салааны дарга нь төрсөн ах Шагалын Банзрагч нар байсан гэдэг. Байлдагч Жадамбаа цэргийн албыг үлгэр жишээ хааж мэдлэг туршлагаар гаргууд байсан учир тухайн үеийн ЗХУ-ын цэргийн сургуульд явуулах сонгон шалгаруулалтад тэнцжээ. Ийнхүү жаран нэгэн онд Благовещенск хот дахь Алс Дорнодын ерөнхий цэргийн дунд сургуульд суралцахаар мордсон бол ердөө зургаахан жилийн дараа үе тэнгийнхээ офицеруудаас онцгойрч хэн бүхний зүрхний дуудлага болсон алдарт Фрунзын академид суралцах эрхийг нэр төртэйгээр авчээ.

Фрунзын академид гурван жил суралцахдаа цэргийн хээрийн суурь боловсрол, оператив тактикийн мэдлэгээ тэлж, байлдааны хүндрэлтэй нөхцөлд цэргийн ажиллагааг хэрхэн зохион байгуулахаас аваад бүхий л чадварыг эзэмшин, эрдэм судлал дүн шинжилгээний талд ч өөрийгөө өндөр хэмжээнд боловсруулжээ. Түүнийх нь үр дүн тус академийг “Мотобуудлагын хороотой явуулах хоёр талын тактикийн хээрийн сургууль” сэдвээр дипломаа онц үнэлгээтэй хамгаалснаар хэмжигдэнэ. Дараа нь буюу 1974-1976 онд Ворошиловын нэрэмжит Зэвсэгт хүчний жанжин штабын акадамид, мөн ЗХЖШ-ын академийн дээд курсэд тус тус суралцсан байна. Фрунз болон Ворошиловын нэрэмжит тэрхүү хоёр сургуулийн ханан дээр “Монгол Улс, Шагалын Жадамбаа” гэсэн алдарын бичээс байдаг юм гэнэ лээ. Фрунзын академид “Монголын Жадамбаа шиг суралцацгаая” гэсэн хөдөлгөөн хүртэл өрнөдөг байсан тухай эрхэм генералын хүү, монгол төрийн түшээ, аавынхаа албыг үргэлжлүүлж Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Ж.Энхбаяр бахархан хэлж байсан. Мөн ахмад дайчдын дурдатгалд ч энэ тухай дурайдаг. “Далан дөрвөн оны долдугаар сард ЗХУ-ын цэргийн академи, их дээд сургууль, дунд сургууль курст суралцахаар явагсдыг офицерийн ордонд цуглуулж, Батлан хамгаалахын сайд армийн генерал Батын Дорж үүрэг даалгавар өгөх үедээ “Нөхөр Жадамбаа” гэхэд урд эгнээнээс давжаахан биетэй улаа бутарсан царайтай, дөлгөөн харцтай залуу босов. Сайд “Энэ дэд хурандаа Жадамбаа шиг элссэн бүх сургуулиа онц төгсөх хэрэгтэй. Одоо генералын академид шууд явуулж байгаа юм” гэхэд тэнд цугларагсад гайхсан бас бахархсан, харцаар ширтэж байв” хэмээн бичиглэн үлдээсэн байх юм.

Тухайн үеийн цэрэг армийн сургуулийг яг л ном журмынх нь дагуу дэс дараа, эрэмбээр нь төгсөж ирсэн Жадамбаа далан зургаан оноос Ардын армийн жанжин штабын 1 дүгээр орлогч, оперативын хэлтсийн даргаар, 1979 оноос ЗХЖШ-ын 1 дүгээр орлогч, нэгдүгээр газрын даргаар тус тус томилогдон ажилласан.Монгол төрийн алтан аргамж, залгамж халаа, хар хайрцагны бодлого гэдэг шиг Жадамбаа генералыг Монголын арми үнэндээ бодлогоор бэлтгэсэн нь харагддаг. Монгол Улсын баатар, армийн генерал Батын Дорж, хурандаа генерал Жарантайн Авхиа, Жамсрангийн Ёндон нарын Батлан хамгаалахын домогт сайдууд армийг өргөтгөн зохион байгуулах оргил үеийн ачааг үүрүүлэхээр Жадамбааг бодлогоор бэлджээ. Монгол цэргийн цагийг эзэлсэн их аварга, буурал генералуудын бодлого ийм л байдаг байна.

II. Тэрээр яралзтал яв цав тушаал буулгадаг, түүнээ өөрөө төсөөлөн харж тов тодорхойгоор бодон үүрэг даалгавраа хатуу чанд нэхдэг захирагч байсан нь илтээс анзаарагддаг. Наад захын энгийн нэг жишээ татахад, наян нэгэн онд
189 дугаар ангийн захирагчид дараах захирамж илгээжээ. Үүндээ “цугларах дохиогоор ажиллах тухай” гээд “Нэг: ангийн нийт бие бүрэлдэхүүнийг дохиогоор босгож цуглуул. Цугларах дохиогоор ажиллах үед доорх журмыг баримтал. Бүх танкуудыг байран дээр нь асаа, автомашинуудыг 100 хувь асааж цугларах байранд гарга, сургуулийн бүлгийн бүх танкуудад сум галт хэрэглэлийг ачаалж гарга, ар талын материал хэрэгслийн нөөцөөс найман машинд ачаалж гарга, бусад хязгаарлалтыг байлдааны болон дайчилгааны бэлэн байдлын 40 тоот удирдамжид заасны дагуу явуул. Хоёр: дохио хүлээн авч биелүүлсэн тухайгаа ЗХЖШ-ын болон дивизийн оперативын жижүүрүүдэд илтгэ. ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, нэгдүгээр газрын дарга хошууч генерал Ш.Жадамбаа” гэсэн байна. Техник хэрэгсэл эрхэлсэн орлогч сайдаар дэвшихийн өмнөхөн БХЯ-ын сайд Ж.Авхиа, Монголын ардын армийн улс төрийн газрын дарга, дэслэгч генерал Д.Ёндондүйчир нар “Штабын дадлага, оперативын цугларалт, команд-штабын болон тактикийн хээрийн сургууль зэрэг 12 томоохон арга хэмжээг зохион байгуулж, армийн гуравдугаар зөвлөгөөнийг бэлтгэж явуулахад биечлэн гүйцэтгэсэн. Варшавын гэрээний орнуудын зэвсэгт хүчний нэгдсэн хээрийн сургуульд оролцож, сургуулийн туршлагыг нэгтгэн дүгнэж, өөрийн армид хэрэглэх жагсаалт гаргасан” хэмээн онцолсон нь нэгийг өгүүлнэм. Наян нэгэн он гэснээс мань хүн Монголын сансрын нисэгчдийн бэлтгэлийг хангахад оролцсоныг дурдалгүй өнгөрч боломгүй. Уг комиссын даргаар Төв хорооны нарийн бичгийн дарга С.Жалан-Аажав, гишүүдээр Төв хорооны захиргааны байгууллагын хэлтсийн дарга С.Батаа, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Бугын Дэжид, Нийтийн аж ахуй үйлчилгээний сайд О.Нямаа, ШУА-ийн ерөнхийлөгч академич Б.Ширэндэв, ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн захирал Б.Чадраа, ШУА-ийн физик техникийн хүрээлэнгийн сансар судлалын тасгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Л.Лхагваа, ЗХЖШ-ын Оперативын дарга, хошууч генерал Ш.Жадамбаа, Цэргийн нисэх хүчний командлагч Монголын ардын армийн авиацыг удирдах газрын дарга, хошууч генерал С.Санжмятав нар ажиллаж байсан түүхтэй. Жадамбаа генерал 1980-1981 онд сансрын нисэгчдийг Москвад бэлтгэл хийж байхад Батлан хамгаалах яамнаас тэдэнтэй харилцаж, өөрийн яамны чиглэлийн асуудлыг зохицуулах үүрэгтэй төлөөлөгчөөр ажиллаж байсан.

Гүррагчаа, Ганзориг нарт 1981 оны гуравдугаар сарын 01-ний өдөр бичсэн захидал бий. “Та хоёрын нэг нэг хацрыг чинь захидлаар үнсэж ёсолъё. Нөгөө хацрыг чинь элгэн халуун эх орондоо уулзаад тэвэрч байгаад үнсэх болно. Би та хоёр албархаж захиа даалгавар өгч байгаа юм биш шүү. Та хоёрын ажил амьдралтай ямар нэг хэмжээгээр ойр дотно байсны хувьд захиа бичив” гэжээ. Тухайн захидлаас “Орчлон дэлхийг тойрон нисэж эрдэм шинжилгээний ажлын программыг амжилттай биелүүлээд эх дэлхийдээ эсэн мэнд буух нь мадаггүй. Та хоёрын хэн нэг нь нисэх байх. Гэхдээ та хоёр Монголын сансрын нисэгчдийн нэг багийнхан гэдгээ үргэлж санаарай. Ниссэн нь үлдсэнийхээ хүсэл зорилгыг өвөрлөөд нисээрэй, үлдсэн нь нөхөртэйгээ яг л хамт нисэж байгаа юм шиг баяртай байгаарай” гэх зэргээр цэргийн хүний хатуу чигч зарчим, монгол хүний уужим ухаан, ёс жудаг, ноён нурууг харуулж, хамгийн эгзэгтэй мөчид сансрын баатруудад зүрхний үгээ хэлсэн хүний нэг эрхэм буурал генерал юм. Түүнийг техник зэвсэг эрхэлсэн орлогч сайд байх үед Т-55 танк, БМП-1 явган цэргийн байлдааны машин, холбооны цэргийн зэвсэглэлд Р-136 их чадлын радиостанц, олон сувгийн Р-404М, цөөн сувгийн Р-409М радиорелёны станц, П-247 телефон, телеграфийн сувгуудын сүлжээний ба холбооны зангилааны элементын удирдлагын машин, мөн армийн зэвсэглэлд 7.62 мм-ийн автомат АКМ, АКМС, АКМН, онц буудагчийн винтов СВД, гар пулемёт РПК, РПКН, ротын пулемёт ПК, ПКМ, РПКН, 57 мм-ийн зенитийн автомат буу С-60, 122.0 мм-ийн гаубиц МЛ-20, байлдааны машин БМ-21, лазерын хол хэмжигч ДАК -1М зэрэг олон төрлийн зэвсэг хэрэглэл нэвтэрч байсан нь Монголын цэрэг армийн түүх болон үлджээ.

III.Жадамбаа генерал Д.Бямбасүрэнгийн болон П.Жасрайн Засгийн газарт, үндсэндээ хоёр Засгийн газар дамнаж 1990-1996 онд ажилласан. Тэр цаг үе бол Монгол Улсын нийгэм солигдсон, Кремлийн гинжнээс салсан, өөрсдөө бие даан оршин тогтнох амаргүй он жилүүд байлаа. Ийм л хүнд бэрх үед үндэсний аюулгүй байдлын гол тулгуур багана батлан хамгаалах салбарыг удирдсан юм. “Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэг хүчинтэй байх”-ыг Ардчилсан шинэ Үндсэн хуулинд тусган тунхаглаж өгсөн тэрээр Монгол Улсын Батлан хамгаалах болон Иргэний хамгаалалтын тухай хуулийг Их хурлаар батлуулж, Аюулгүй байдлын үзэл баримтлал, Онц байдлын тухай, Дотоодын цэргийн тухай, Төрийн албаны тухай, Төрийн хяналт шалгалтын тухай гээд олон тулгуур хуулиудыг боловсруулж батлуулсныг бид мартах учиргүй. БХЯ-ын сайдын зөвлөлийн ерэн оны хурал дээр Жадамбаа “Аливаа юманд гол шугам, гол гогцоо гэж байдаг юм. Чухам үүнийгээ л барьж, цагийн аяст дайвж гуйвахгүй, улс орон ард түмэн армийнхаа эрх ашгийг л урьтал болгож бай” гэж хэлсэн түүний хойч үедээ үлдээсэн гэрээслэл, эх орончийн жанжин шугам юм гэж домогт генералын тухай номонд тэмдэглэжээ. Говь-Алтайн Халиуны хүү, манайд нэртэй дипломатч, эдийн засагч Чоёгийн Даваадаш болон профессор Ш.Паламдорж нарын туурвисан Жадамбаа генералын тухай дөрвөн боть номыг тэртээ ерэн есөн онд миний бие хүү Энхбаяраас нь гардаж авсан байх юм.

                 

                УИХ-ЫН ГИШҮҮН,  БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД АСАН ЖАДАМБЫН ЭНХБАЯР

Буурал генералын тухай мань мэт нь үнэндээ гадарладаг ч үгүй явж иржээ хэмээн түүхэн замналыг нь уншиж суухдаа бодож байв. Ой тоонд үлдсэн юм гэвэл өнөө Бал даргыг бурхан болоход нь алтан шарилыг нь Оросоос авчирахдаа хэлсэн айхтар үг. “Монголын төр иргэнээ авахгүй юм бол арми нь Маршалаа авнаа” гээд Жадамбаа сайдыг эрс шулуун, зоримогхон хэлсний дараа л Шадар сайд Чойжилсүрэнгийн Пүрэвдоржоор ахлуулсан оршуулгын комисс байгуулагдаж Монголын төрийг 44 жил удирдсан буурал даргын алтан шарилыг эх оронд нь авчирч Офицеруудын ордноос сүүлчийн замд нь үдсэн байдаг. Үүгээр Монголын ард түмэн Жадамбаа генералыг үнэлж тодотгох нь бий. Энэ бол төрийн сайдыг алба даягийнх нь хувьд ч, энгийн хүн талаас нь ч үнэлж болох үнэлгээ мөн байх. Гэтэл сайд байх хугацаандаа АНУ, Хятад, Герман, Япон, хойд болон өмнөд Солонгос зэрэг орнуудтай цэргийн харилцаа тогтоосон, Номхон далайн цэргийн командлагчийн урилгаар Хавайн арал дахь төв штабт нь зочилсон Монгол Улсын Батлан хамгаалахын анхны сайд байсан, мөн АНУ, Япон, Герман зэрэг орнуудад шинэ залуу офицеруудыг сургасан зэргийг хэлэх байна. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын язгуур эрх ашгийг ямаг дээдэлж, шударга бус зүйлтэй эвлэрч чаддаггүй байсан нь алт дилерийн хэрэг, 20 дугаар тогтоол зэргийг шүүмжилсэн олон өнцгөөс харагддаг. “Тусгаар тогтнолоо батлан хамгаалах үндэснийхээ язгуур эрх ашиг, аюулгүй байдлыг хангах явдал Монгол төрийн бодлогын амин сүнс байх учиртай” гэж тэр хэлдэг. “Монголын төрийн цус булингартлаа” хэмээн эрс хэлж байсан нь эргээд санахад сэрдхиймээр.

Түүний зүрх эх орныхоо төлөө хэрхэн цохилж байсныг хэлсэн үгнээс нь уншиж болно. Сайд байх хугацаанд нь Даваадаш гуайн хэлснээр олон зүйл цээжний махыг нь барж байжээ. Тэр үед ардын арми, аюулаас хамгаалах руу улс төрийн зарим хүчин тодорхой албан тушаалтнууд хэрхэн довтолж, дайрч байсныг мэдэх хүмүүс нь сайн мэднэ. Армийг татан буулгаж үндэсний цэрэг армигүй байхыг уриалагчид ч цөөнгүй байсан гэдэг. Үүний төлөө олон хүнтэй, намынхаа нөхөд, Засгийн газрын зарим гишүүдтэй хүртэл ам зөрж, огцрох өргөдлөө гаргаж байсан удаа ч бий гэдэг. Монгол Улс байгаа цагт өөрийн арми, өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байх ёстой гэх бодлогодоо тууштай зогсож “Дуулгавартайгаар нь зэвсэгт хүчин рүү дайрч байгаа бэлэнчлэх сэтгэлгээ зохисгүй хандлагатай би хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ “Ардын эрх” сониноор дамжуулж хатуухан хэлье” гэж хүртэл мэдэгдэж байжээ. Ингэж тэрээр шилжилтийн ороо бусгаа цаг үед Монголын ардын арми, зэвсэгт хүчнийг бусниулалгүй авч үлдэж чадсан гавьяатан юм. 1996 оны наадмаар цэргийн парад хийх тухай яриа байсан бололтой. Гэртээ аягатай цайгаа барьчихаад холхиод нэг л тавгүй байхаар нь гэргий Удаанжаргал нь “Яачихав аа, хөгшөөн” гэхэд “Эцэгтэй өсөөгүй хүнд эх орноо гэх сэтгэл байдаггүй юм байна. Хэнийх нь мэдэгдэхгүй, хүйтэн сэтгэлтэй хүн төрд хэрэггүй байдаг юм байна” гэж дуугаа өндөрсгөн, бухимдангуй хэлсэн гэдэг. Тухайн үеийн төрийн тэргүүнийг хэлсэн ч юм уу, ямар чиг л байсан “Эцэгтэй өсөөгүй хүнд эх орноо гэх сэтгэл байдаггүй” гэх үг нь зүрхэнд ёгхийтэл тусч байгаа юм.

Ерэн зургаан он Жадамбаа сайдын хүмүүний хорвоод амьдарсан сүүчлийн он байлаа. Тэр жилийн гуравдугаар сард Зэвсэгт хүчний 75 жилийн ойн баяраар Монгол цэргийн музейн нээлтийг хийж Ерөнхийлөгч Очирбат, Ерөнхий сайд Жасрай, Соёлын сайд Намбарын Энхбаяр нарыг урьж оролцуулсан бйана. “Монгол Улсын Батлан хамгаалах яамны сайд дэслэгч генерал Шагалын Жадамбаа таныг монгол цэргийн сүр сүлдийг алдаршуулсан Монгол цэргийн музейг сүндэрлүүлэн босгоход сэтгэл зүтгэлээ дайчлан үнэтэй хувь нэмрээ оруулсан тул хүндэт дэвтэрт алдаршуулан мөнхлөв” гэсэн бичээс хадгалаатай үлджээ.


Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнуулаад тэтгэвэртээ суусан тэр жилээ бурханы оронд одсон юм. “Аав минь 56 насандаа эр хүний яг л нас тогтоод ухаан саруулсдаг үедээ бурхан болсон. Хүний амьдралыг 100 хувь гэж үзвэл аав минь 99 хувиа улс орондоо, нэг хувиа гэр бүлдээ зориулсан” гэж хүү нь хэлсэн удаатай. Хэдэн жилийн өмнө Өсөхөө аваргын аав Гэлэгжамц гуайтай Буур аваргын нутгаар явж байхад “Хүүг минь анх байртай савтай болгож өгсөн Жадамбаа генералын ачийг би мартдаггүй” гэж хэлж билээ. Миний эрхэм ах, “Шинэ Ази” группийн ерөнхийлөгч Лхамсүрэнгийн Төрбаяр “Ерэн зургаан онд Дашбалбарыг Сүхбаатар аймагт нэр дэвшихээр явахад ердөө хоёрхон хүн тусалсны нэг нь Жадамбаа генерал. Харин Их хурлын гишүүн болоод ирэхэд Хэнтий аймгаас аваад зам дагуу хичнээн хүн угтсаныг би мэднээ” гэж хэлсэн сэн. Цээжинд хадгалаатай олон дурсамжаас хоёрхныг хуваалцахад ийм байна.
36-хан насандаа генерал болж мандсан тэр хүн ижий ааваа, өндөр их Алтайгаа, Хар азаргын нуруу, гурван Улиастайн голоо сэтгэл зүрхнээсээ огтхон салгаагүй.
“Эргэн тойрон дуниартаад
Ирлээ дээ, хаврын улирал дахиад
Эргэн хурган бодогдоод
Элгээ эмтэртэл санах юм аа, ижий аавыгаа
Хайртай аав ээж хоёр минь
Холын хол Алтай нутагтаа
Хальж одох тэр мөчид
Хажууд нь байж толгойг тань түшээгүйгээ
Хонхны дуу сонсгож буян үйлдэж амжаагүйгээ
Харамсан харамсан бодох юм
Хамаг олны нүдний чөлөөнд
Хайлан хайлан уйлах юм аа, тэгээд
Тархин дундуур тас цохисон
Зүрхэн дундуур нэвт зүссэн
Дөрөвхөн үгтэй хэл аваад
Довтолгон довтолгон очиход минь
Тоонотой гэрийн өрх бүтээлгээстэй байлаа
Тулганы галын цог бөхөөстэй байлаа
Тамхи гаанс чинь тавиастай байлаа, аав аа
Тогоо шанага чинь өрөөстэй байлаа, ээж ээ” ийм л зүрхний үгээ өврийнхөө дэвтэрт ёстой нэг зүрхээ шимшрүүлж нулимсаа асгаж бичсэн байдаг. Дөч шахам жил төрийн хатуу буулганд зүтгээд ажлаа өгөхдөө “одоо л нэг хань ижил, үр хүүхэдтэйгээ аз жаргалыг мэдэрч амар жимэр сууя гэж бодсон тэр мөчдөө бурхны оронд одсон нь харамсаар. Нөгөө талаар төрийн хүний ёсоор Монголын цэрэг арми, батлан хамгаалах салбарын тусгаар тогтнолынх нь дархлааг тунхаглаж өгөөд, улсын орны үндэсний аюулгүй байдлын гол талбар цэрэг армиа армиа бүрэн бүтэн хүлээлгэж өгөөд буцсаныг нь бодохоор бахархмаар. Яах учрыг миний мэтийн жулдрай мэдэхгүй. Ямар чиг л байсан Шагалын Жадамбаа гэж агуу генерал, эрмэг дайчин сайдыг төрүүлсэн Монголын төрд талархнам.

                     “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.