

Ц.ДАВААСҮРЭН: ТАВАНТОЛГОЙ ТӨСЛИЙГ ДАРААГИЙН ПАРЛАМЕНТАД ҮЛДЭЭХ ЁСТОЙ
-Сонгууль дөхөөд УИХ-ын гишүүд ажлаа хийхээ болилоо. Энэ зүйд нийцэж байна уу?
-Өмнө нь Бие даагчдын зөвлөл гэж байхад Эрүүл мэндийн сайдын томилгоо хууль зөрчиж байна гэж хоёр ч удаа мэдээлэл хийж байсан. Өнөөдрийг хүртэл энэ томилгоог хийгээгүй байна.Үүний ард ард түмэн хохирч байгаа шүү дээ. Өмнө нь сонсч байгаагүй янз бүрийн өвчний нэр сонсогдож байна. Улаанбурхан өвчнөөр олон хүүхэд амиа алдаж байна. Үүний хариуцлагыг хэн ч хүлээхгүй. Энэ чинь өөрөө аюултай зүйл шүү дээ. Улс төрийн тохироо, томилгооноос болж хүүхдийн амь нас хохирч байгаа нь туйлын харамсалтай зүйл л дээ.
-Сүүлийн үед томилгооны асуудал бүр таг чиг боллоо. Ард нь тухайн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа шүү дээ. АТГ-ын даргыг хэзээ томилох гэж байна вэ?
-Ганцхан АТГ-ын даргын асуудал сунжирч байгаа юм биш. Сүүлийн үед томилгооны асуудал ер нь хуулийн хугацаандаа багтахгүй байна. Яагаад гэвэл хууль зөрчих байдал хавтгайрах, цаашдаа ужгирах хандлагатай байна. Тэгэхээр дараагийн парламентад ёс суртахуун өндөртэй хүмүүс сонгогдоосой гэж хүсч байна.
-Өнгөрсөн дөрвөн жил "хөдөлгөөгүй" Тавантолгойн төслийг дахиад зүтгүүлээд эхэллээ. Та дэмжих үү?
-Би хувьдаа дэмжихгүй.УИХ-ын гишүүд, улстөрчид эдийн засгийн эерэг нөлөөллийг бодохоосоо илүүтэй өөрсдийн тойргийн сонгогчиддоо юу гэж хэлэх вэ гэдгээ бодож байгаа.Тавантолгойг дараагийн Их хуралд үлдээх ёстой.Энэ назгайрсан цаг үеийг ашиглаж болохгүй.