
Хүүхдийн төлөө фонд анх Монголын төмөр замд байгуулагдсан юм. Жил бүрийн 4 дүгээр сарын 22-нд орон даяар коммунист субботник хийдэг уламжлалтай байв. Төмөр замчид субботник хийж, хуримтлуулсан мөнгөөрөө Рашаант өртөөнд хүүхдийн цэцэрлэг барьж, бас байгууллагынхаа дэргэд "Хүүхдийн төлөө фонд" байгуулж, даргаар нь Хөдөлмөрийн баатар Гүнсэнгийн Мандахыг томилсон юм билээ. Г.Мандах Улаанбаатар депод анх удаа Социалист хөдөлмөрийн бригад байгуулан орон даяар мандаж, 30 насандаа хөдөлмөрийн баатар болсон, маш их санаачлагатай, дайчин, ажилсаг хүн байлаа. 1972 оны хавар АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, Монгол төрийн мэргэн өвөө Ж.Самбуу гуай таалал төгссөн юм. Энэ бүхэн яагаад нэгэн цаг үед давхацсан нь тохиолдол л байсан байх. Яагаад гэвэл Ж.Самбуу гуайг амьд сэрүүн байхад Ю.Цэдэнбал даргын гэргий Анастасия Ивановна гуай ер нь олны нүдэнд харагддаггүй, ямар нэгэн ажил алба эрхэлж байгаагүй, Соёл урлагийн хүрээнийхэн, Хөгжим бүжгийн дунд сургууль, хожим Хүүхэд залуучуудын парк хавиар явцуу хүрээнд хатагтайг цөөн хүн мэддэг байсан юм билээ. Гэтэл Төмөр замчид 1972 оны намраас Хүүхдийн төлөө фондыг Улсын хэмжээний фонд болгох санаачлага гаргасныг 1972 оны 12 дугаар сард МАХН-ын Төв Хороо, Сайд Нарын Зөвлөл дэмжиж тогтоол гаргаж, А.И.Цеденбал-Филатова гуай даргаар нь томилогдсоноор энэ нэгэн байгууллага өргөн үүдээ нээж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Монголын Хүүхдийн төлөө фонд бол юуны өмнө олон нийтийн байгууллага, "Бүхнийг хүүхдийн төлөө" уриатай ард түмний өргөн хөдөлгөөн байлаа. Энэ үед Ю.Цэдэнбал МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Сайд Нарын зөвлөлийн дарга байв. Самбуу гуайгаас хойш 2 жилийн дараа буюу 1974 оны 6 дугаар сарын 11-нд Ю.Цэдэнбал дарга төрийн тэргүүн, Анастасия Ивановна тэргүүн хатагтай болсон түүхтэй. Тэргүүн хатагтайн ажил хэрэгч, зохион байгуулагч чадвар, хүүхэд багачуудын төлөө хийж бүтээж хань нөхрөө дэмжих гэсэн хүсэл эрмэлзлэлийг сайнаар хэлбэл дэмжиж, саараар хэлбэл "ашиглах" гэж энэ фондыг гарт нь өгсөн юм билээ. Бас зарим улс оронд төрийн тэргүүний гэргий нар буяны фонд, байгууллага байгуулж толгойлдог жишиг байсныг ч харгалзан үзсэн байх. Харин Иранд очиж туршлага судалсан энэ тэр гэдэг бол зүгээр л уянгын халилтай доромжлол, хийрхэл. Энэ тухай бичихийг хүссэнгүй, харин хүүхдийн төлөө фондын үйл ажиллагаанд орон нутагт 6 жил хөөцөлдөж, хариуцан ажиллаж байсны хувьд мэдэх зүйлээ өгүүлье.
Хүүхдийн төлөө фондыг анхны өдрөөс нь эхлэн Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн (МХЗЭ) Төв Хороо дэргэдээ авч, гол зүтгэх хүч нь болсон юм. МХЗЭ-ийн Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга албан тушаалаараа Хүүхдийн төлөө фондын төв комиссын орлогч дарга, санхүүгийн нэгдүгээр гарын үсэг зурдаг төсвийг захиран зарцуулагч байв. Төв комисс төр, олон нийтийн байгууллагуудын төлөөлөл бүхий хамгийн нэр, нөлөө бүхий ОЛОН НИЙТИЙН буюу ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА байсан юм. Төв комисс МХЗЭ-ийн Төв Хороон дээр, комиссын дарга дарга нарын гэгддэг хоёрдугаар давхарт байрлаж байв. Комиссын дарга нэг туслахтай, орон тооны цөөн ажилтнууд нь ч МХЗЭ-ийн Төв Хорооны төв байранд байрлан ажилладаг байлаа. Аймаг, хотуудад аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга орон нутаг дахь салбар комиссыг даргалдаг, орлогч дарга нь аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нар байв. Анастасия Ивановнагийн дараа Хүүхдийн төлөө фондын төв комиссын даргаар МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга хавсран ажиллаж, орон нутагт аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нар салбар комиссыг толгойлох болсон юм. Ийм бүтэц, зохион байгуулалттай ажиллаж байлаа. Хүүхдийн төлөө үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг хүн бүр нэр төрийн хэрэг гэж үздэг байсан болохоор энэ ажлыг хавсран эрхэлж байсан хүмүүс нэг ч төгрөгийн нэмэгдэл, урамшуулал авч байгаагүй. Ард түмэн үр хүүхдийнхээ төлөө нэг өдрийн цалингаа өгөхийг нэр төрийн хэрэг л гэж боддог байсан. Хаврын субботникт эртнээс бэлтгэдэг, нэг жилийн хур хог цэвэрлэхээс эхлээд хашаа, хороо барих, худаг ус гаргах гээд маш их ажлыг хийж бүтээдэг байв. Цэдэнбал даргын гэр бүлийнхэн Москвад "түгжигдсэнээс" хойш ч Ц.Нарангэрэл даргатай Хүүхдийн төлөө фондын төв комисс орон тооны орлогч дарга, хариуцлагатай нарийн бичгийн даргатайгаар 1990 оны үймээн самууныг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсэн юм.

Энэ цагийн өнгө аяст нийцүүлэн Соёлын яамны санаачлагаар Хүүхдийн төлөө фондыг дахин сэргээн байгуулжээ. Ард түмэн түүхийн шарлаж буй хуудсанд алтан үсгээр бичигдэн үлдсэн энэ сайн санааны байгууллагын үйл хэрэг, ач буяныг мартаагүй, сайн сайхнаар дурссаар явдаг юм байна. Монголын ард түмний олонхи нь төр, засгийнхаа зөв шийдвэр, алхам, санаачлагыг нэгэн дуугаар дэмжихэд бэлэн байгаа юм байна. Магадгүй энэ нь хамгийн чухал ч байж болох юм. Хүүхдийн төлөө "ЗА" гээд алгаа тэнийлгэх үндэсний хөрөнгөтнүүд, компани, хамт олон ч олон болжээ. Зах зээлийн жам ёсоор нэг ийм байгууллагыг хүсэмжилсэн хүлээлт ч байсан бололтой байна.
Харин одоо зөв зохицуулалт хийж, эрх зүйн орчныг нь бүрдүүлэн зөв ажиллуулах нь их чухал. Анастасия Ивановна гуай шиг авч явж чадах тэргүүн хатагтайтай болох нь юу л бол, харин С.Чулуун шиг менежмент хийж чаддаг Соёлын яамны халамжид байж болохыг үгүйсгэх аргагүй. Юуны өмнө хуулиар айлгаж, далайлгах гээд хэрэггүй, харин юуны төлөө байнгын ажиллагаатай парламенттай билээ, хууль, эрх зүйн орчныг нь зөв бүрдүүлэх хэрэгтэй байгааг дахин хэлье. Юм бүхнийг судалж, тусгаж, оролцуулах боломжгүй байсан нь мэдээж боловч МХЗЭ-ийг мартаж яахан болох вэ. Бидний олонхи нь өндөр настны эгнээний тэргүүн фронтод аль хэдийнээ шилжсэн боловч ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНД дахин төрнө, өмнөх үеэсээ сайныг нь өвлөн үргэлжлүүлж ачтай, тустай олон ажлыг үр хүүхдүүдийнхээ төлөө санаачлан хийнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Төр нийгмийн ахмад зүтгэлтэн,Нийтлэлч В.Алзахгүй
2021.01.04 Шинэ оны ажлын анхны өдөр
Сэтгэгдэл (1)