Ялгуусан хутагтын төрсөн гэрт хоноглож буянт ижийнх нь цайг амталсан минь

Ялгуусан хутагтын төрсөн гэрт хоноглож буянт ижийнх нь цайг амталсан минь

Шинэ оны эхэнд ерөөл билгээ бодож ар Халхын алтан мөнгөн тамгатай Ялгасан гэгээн буюу Ялгуусан хутагтын XVII дүрээр тодорсон Данзинванчүгийн төрсөн гэрт хоноглож, хутагтыг төрүүлсэн буянт ижийн гарын хоол цайг амталсан эл багахан бичвэрийг хүргэе. Одоогоос дөрвөн жилийн өмнө, Өсөхөө аваргын аав Гэлэгжамц гуайтай хоёул Архангайн Цахир, Тариатаар орж, Тарантын голын уужим дэлгэр хөндий, Хойд, Урд Тэрхийн гол, Тэрхийн цагаан нуураар галигуулж, Буур аваргын төрсөн бууцанд дөрөө мулталж билээ. Ийн явахдаа Цахир сумын төвд Чимээхүү гэж тухайн үед наян насны даваан дээр гарсан ч хөнгөн шингэн алхаатай, инээд алдсан эгэл даруухан хөгшнийд зочилсон. Гол нь Буур аваргыг мэдэх хүний нэг гэж эл айлынхаар орсон юм. Гэлэгжамц гуайг гэнэт хүрээд ирсэнд Чимээхүү гуай болоод хөгшин нь тэрүүхэндээ тэвдэж байгаа бололтой, хуучны модон орны урдуурх модон сандал зэргийг шүүрэн авч зай завсар гаргаад, малгай толгойгоо өмсөн, монгол заншлаар золгож угтсан сан. Энэ айл, энэ хоёр хөгшин алдарт Ялгуусан гэгээний 17 дахь дүрээр тодорсон Данзинванчүг хутагтын ижий аав, төрсөн гэр орон нь юм.

Аливаад дандаа учрал ерөөл, ёс барилдлага байдаг шиг санагдана. Ар Халхын алтан мөнгөн тамгатай Ялгуусан хутагт Завхан аймгийн Идэр сумын хүн. Идэрийн голын хөвөө тэрхүү ариун дагшин ус нутгаас Ялгуусан гэгээн, Хамба гэгээн тодорсон, үндсэндээ хоёр хутагтын дагшин орон билээ сэн. Миний бие тэр жилийн хавар хутагтын ижий аавынд ирэхдээ хоёр хутагтын нутаг Завханы Идэрээс ирсэн юм. Тус суманд хаврын хаварт болдог эх хэл бичгийн олимпиадаас наашилж, алдарт Солонготын давааг даваад ороход Гэлэгжамц гуай аварга хүүгийнхээ ганган хар машинтай тосч авсан. Харин Чимээхүү гэж тэр сайхан буурлын хүү Ялгасан гэгээний хойд дүрээр тодорч буйг тухайн үед мэдээгүй. Гэлэгжамц гуай гадарласан эсэхийг мэдэхгүй, би лав мэдээгүй. Гэхдээ сүүлд бодох нь ээжийнх нь ярианаас “юм” мэдрэгдээд байсан. “Хүү минь Далай багшийн дэргэд байгаа, ер нь тэгээд хутагт хувилгаадаар тодорно гэдэг чинь айхтар л байдаг юм байна” гээд өглөө цай чанах зуураа үр хүүхдээ гэнэт алдсан уй гашуу, хичнээн тооны ч билүү, бараг л зуу гаруй тооны үхэр гэнэт үхсэн зэргийг бидэнтэй хамт явсан Лхагваа ахад ярьж байсныг санах юм. Тийм нэг битүү хатуу юм яриад байсан нь Бат-Амгалан гэж Төвдөд суугаа хүү нь Ялгуусан хутагтын дүрээр тодорч байгааг хэлээд байсан юм билээ. Би гэдэг хүн Буур аваргын тухай сурвалжилж яваа учир, хутагт хувилгаадын талаар анир сэрэггүй өнгөрсөн байгаа юм. Үнэндээ тэр тухай асуухад ч, ижий аав хоёр нь нарийн ширийн юм хэлэхгүй байсан биз ээ.

Гэрийнх нь хоймор, бурхан тахилынх шүүгээний тэнд Номч мэргэн гэвш Сэнгээ ринбүчигийн томоо гэгч далбагар ном байсан. Сэнгээ ринбүчи гэдэг бол Архангайн Тариатын хүрээнд шавилан сууж, хожмоо Төвдөд буддын судар, тарнийн гүн ухаанд мэргэшин Сэра хийдийн хамба ламаар насан өөд болтлоо суусан Монголын их мэргэн хүн. 2015 онд мэндэлснийх нь 110 жилийн ой таширлаж Дашийн Бямбасүрэн гуай, Балхаажав гуай, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Рэнченбазар, академич С.Нарангэрэл, Г.Чулуунбаатар, Б.Жадамба нарын аваргууд оролцсон том хурал болсныг санаж байна. Философийн ухааны доктор Т.Булган “Сэнгээ гэвшийн Ядам бурхныг бүтээх бясалгалын тухай”, профессор Д.Чулуунжав “Хорьдугаар зууны их увдистан Сэнгээ ринбүчи” гээд гадаад дотоодын 20 орчим эрдэмтэн судлаачид илтгэл тавьж байсан. Тэрхийн голын эхээд Очир хайрхан буюу Халзан бүргэдэй гэж онцгой сайхан уул бий. Энэ уулын орчимд Сэнгээ ринбүчи, Ялгасан гэгээн, олон түмнээ “Өвгөн гэсэр лам” гэж нэршсэн Энэтхэгийн 81 шидтэн дүвчингийн нэг, тойн эрдэнэ Цэвээнрашийн Чүлтэмжамц нарын хувилгаад төрснийг Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууныхан бахдал дүүрэн хэлдэг. Хэдэн жилийн өмнө Буриадын Итгэл хамба шиг амьд гэгээнтний шарил олдлоо гээд Монгол даяараа шуугьсан. Тэрхүү лагшин шүтээн нь Өвгөн гэсэр ламын гарын шавь цорж, аграмба Санжжав байсан. Бид тийн явахдаа Тэрхийн голын хойд, Солонготын урдхан талын өндөр уулан дээр залагдсан Санжжав аграмбын шүтээнд мөргөж л байлаа.

Сэнгээ ринбүчиг хутагтын ээж “Манай дээд төрлийн хүн” гэж хэлсэн. Тэгэхээр Ялгуусан хутагтын 17 дахь дүрээр тодорсон Данзинванчүг Монголын их мэргэн Сэнгээ ринбүчигийн номын гэгээнд хүмүүн заяаг олсон, Өвгөн гэсэр лам, Ялгасан гэгээний ариун газар орон Халзан бүргэдэй уулын өвөрт төрсөн авшиг ерөөлтэй гэгээнтэн байх нь ээ. Хутагтын аав Чимээхүү гуай Өсөхөө аваргын сумын заан цолных нь байны адууг хэдэн жил сүрэгтээ малласан түүхээ хуваалцаж, сүүлд аварга байныхаа морийг үнээ болгож, бас хоёр гурван жил тэднийд байлган зэлнээс нь дөрвөн тооны үхэр туугаад явсныг хуучилж билээ. Тэр орой бид Буур аваргаа тойрч, Цахир сум яагаад тарсан сүүлд дахин байгуулагдсан түүх хийгээд тэрхүү оюуны алтан суваг болсон нутгаас шатрын хичнээн олон мастер, хичнээн олон академич төрснийг барагцаалан ярилцсан юм. Жаран зургаан онд Цахирыг татан буулгаж нэг багийг нь Архангайн Хангай суманд, нэг багийг нь Тариат суманд нийлүүлсэн байдаг. Яг тэр үед Цахир сумын нэгдлийг Хангай сумын хоёр хүн удирдаж, өөрийнхөө сумыг тараахгүйн үүднээс тарваган тахал гэх нэрээр Цахирыг тараасан юм гэдэг. Харин ерэн хоёр онд дахин байгуулсан тухай яриан завсарт “За даа Гончигдоржийн гавьяа ч нэг их ороогүй дээ, харин Шадар сайд байсан Пүрэвдорж гуай зүтгэсэн байх шүү” гэх үг дуулдаж байлаа. Сум дахин байгуулагдаж, Цахирынхан баяр бахдлаа багтаан ядаж, Хангай, Тариатаас малаа туугаад нутгийнхаа харьяанд ирсэн өвгөд хөгшдийн нар гарч, сумынхаа 70 жилийн ойг сэргээн тэмдэглэсэн баярт Өсөхөө аварга түрүүлж бөхийн анхны цол сумын заан цол авч байсан юм билээ, юмны учир ерөөл гэдэг ийм л байдаг хойно.

Чимээхүү гуайнд тэр үдэш Тариатаас Ганболд гэж хүн ирж хоноглосон. Маргааш өглөө нь хүний ажил явдалд оролцохоор ирлээ гэж байсан. Тэр хүн ёстой нэг сайхан хууч дэлгэсэн. Чимээхүү гуай, Гэлэгжамц гуай, тэр хэдийн яриаг сонсоход дандаа л сонин сайхан түүх цээж рүү урсаад, хүний мөс, жудаг ёс гээч зүйл чинь ийм л байж шүү гэх бодлыг эрхгүй төрүүлж байв. Ганболд гуай малын эмч байсан хүн, Тариатын нэгдэлд Гэлэгжамц гуайг эдийн засагч, нягтлан хийж явахад хамт ажиллаж явсан хүмүүс. Гэлгээ ах “Өнөөдөр би 83 хүрч байна, гэхдээ сүүлийн үеийн хүн дээ. Манай өвгөн(Буур аварга)-ий үеийн хүмүүс, тэдэнтэй хамт шатар тоглож байсан, зэрэгцээд хуучилж байсан хүмүүсийн дэргэд бол бид сүүлийн үеийн хүмүүс байхгүй юу. Дамдинпүрэв гуай, Гантөмөр гуай гээд хөгшдийн тухай ярьж байна. Гантөмөр гуай гэхэд хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн хүн шүү дээ. Гантөмөр гуай, манай өвгөн хоёр тоглоно, чи буцлаа, би буцлаа гээд маргана, тэгээд шатраа цацчихаад, тангараг тасарсан юм шиг хоёр тийшээ болно, удаа ч үгүй Гантөмөр нь инээчихсэн ороод ирнэ. Энэ хоёр албатай юм шиг ингэдгийн гээд хөгшин нь инээж суудаг сан. Тэр үед нийгэм нь хүнийг эвдээд байдаггүй, урьдны хүмүүс жудаг журмаа яс баримтлаад явдаг байж” гэж хэлж байна. Тэдний ярианаас Санжаа гуай, Хоох гуай, Дэчинбумба гуай, Раднаа гуай(Гончигдоржийн аав), Дэлэг(Физикийн нэрт эрдэмтэн академич Сангаагийн аав) гуай, Дамдинпүрэв гуай, Гийвээ гуай, сүүл үеийнхнээс Төртогтохын Халтар гээд Цахираас төрсөн аварга шатарчдын нэрсийг Ганболд ах дурайлгасан, өөрөө ч аваргуудын нэг юм билээ. 50, 60 хүний нэр ус лавтай гарсан байх шүү.

Их хурлын дарга асан, математикийн шинжлэх ухааны доктор Гончигдоржийн аав Раднаасүмбэрэл гуайн тухай Жигжидсүрэнгийн Ганболд дурссаныг хүргэе. “Гончигдоржийн ээжтэй бид холын хамаатан садан хүмүүс. Намжаа адиа гэдэг юм бид, Раднаа гуай чинь Хоргод ирэхээрээ манайд ирнэ. Би нэг муу мотоцикльтой нөгөө өвгөнийг нь сундлаад Рагчаа гуай, Шагдар гуай, Няндуу гуай, Намжилжав гуайнхаар очно. “За чи намайг миний зиндааны хэдэн хөгшдийнхөөр буулгаадах” гээд хоёул хөдөлнө. Миний зиндааны гэж хэлж байгаа хүмүүс нь сайн шатарчид, хамгийн гол нь тарни номын ухаанд нэвтэрсэн бурхад байсан. Раднаа гуай бол бурхны номоо орхиогүй, бариа тавианы үед ч уншсаар ирсэн хүн. Мөнгөний дарх хийдэг, тэр хүний аяга, хазаар манай нутгийнханд бий” гэв. Уг ярианы завсар хутагтын ээж “Манайд хоёр ч хазаар байна” гэж хэлж байв. “Раднаасүмбэрэл гуайнд нэг удаа яваад ортол цагаан хадаг гаргаад түүнээс адис авахуулав, мөнгө шиг юмыг долоочих гээд долоолгов, ямар учиртайг асуутал “Гаадамбаар дамжуулж Сэнгээ ринбүчигээс ирсэн юм, бид нэг зиндаа байсан хүмүүс. Тэр жил би Сэнгээг бадарчлаад явахад нь гаргаж өгч байсан юм” гэж өвгөн хэлсэн” хэмээн Ганболд ах хуучилсан. Энэ бол үнэндээ ер бусын яриа. Гончигдоржийн аав Раднаасүмбэрэл гуай Сэнгээ ринбүчигийн зиндааны хүн байж, тэр хүн, миний зиндааны гэж тодотгож Ганболд гуайгаар хүргүүлж очиж байсан өвгөд нь мөн Сэнгээ ринбүчигийн зиндааны хүмүүс байж. Ийм л яриа Ялгуусан хутагтын төрсөн гэрт болсон. Чимээхүү гуайн эцэг Гончиг гэж хүн, идэр насандаа барилдаж, Буур аваргатай нөхөрлөж явсан, мөнхүү судар ном тарнийн ухааны хүн байж. “Раднаа гуай манай хадам хөгшинтэй гурав дөрвөн хоног ном уншдаг байсан” гэж хутагтын ээж хэлсэн. Ялгуусан хутагт арга байхгүй тарнийн гэгээнд төрсөн хүн байх нь. Аав ээжийнд нь очиж хуучилсан маань 2017 оны хавар, тавдугаар сарын аравдаар юм. Тэгвэл арван долоон оны 8 дугаар сарын 11-нд Данзинванчүг гэгээнийг Ялгуусан хутагтын 17 дахь дүрээр тодруулж бат оршил өргөх даншиг наадам Завхан аймгийн Идэр сум, алдарт Ялгасан гэгээний төрсөн нутагт нь болсон билээ.

Хоёр мянга есөн оны зун дорнын их Явуугийн 80 насны ойн яруу найргийн наадмыг зорьж явах замд зохиолч, найрагчдыг Идэрийн унаган хүү, “Шинэ Ази” группийн ерөнхийлөгч Лхамсүрэнгийн Төрбаяр хоёр хутагтынхаа нутагт урин залсан. Ялгасан гэгээний ариун дагшин газар орон Сэвжидбалбар хайрхны өвөр, Ногоон нуурын хөвөөнөө хоноглож, шөнийн туршид шүлэг найргаа уншиж, сэтгэл цэлмэсэн тэрхүү аян замыг миний бие яахин мартахсан билээ. Ногоон нуурт хоноглосны маргааш өглөө нэвсийтэл цас дарж, Сэвжидбалбар хайрхны мөнгөлөг оргил улам мөнгөрөн цавцайж тэрхүү ариун цасан дундуур зүтгүүлэн Ялгасан гэгээний сунтагт Наран мандлын дэнж дээрх хүрээний цац бадман суварганд мөргөж, тарнийн үсэгтэй алтан хүрдэнг нь Цоодол багш, Урианхай ахынхаа хамтаар эргүүлж явсан сан. Хутагт судлаач соёлын гавьяат Пүрэвийн Батсайхан Идэр сумандаа амьдарч буй Ялгуусан хутагт Чимэдцэрэнгийн ач хүү Жаргалсайханыд нэгэнтээ очихдоо хутагтын алтан пүрэв тэргүүтнээс адис авч байсан. Ялгуусан хутагтыг 13 настай байхад наймдугаар Богд Жавзундамба Хүрээнд ордондоо урин залж мандал өргөхдөө “За чи сүү ус хоёрыг ялгадаг юм гэнэ лээ. Наад бурхнаасаа сүү мэлмэрүүлэх арга байна уу” гэхэд Богдын өргөсөн шаазан Дарь эх сүүгээр уйлж, Богд хаан Ялгасан гэгээнд дээдийн хүндэтгэлтэй хандаж, хамт зураг хөргөө татуулсан түүхтэй. Монголын хутагт хувилгаадын түүхэнд хосгүй үнэт өвөөр нэрлэгддэг амилсан шаазан Дарь эх, мөн Ялгасан хутагтын бие энерги шингэсэн өөрийнх нь зүрхэн тус газар явсан сахиусын хамт ач хүүгийнд нь залагдаж иржээ. Данзинванчүг хутагтад мандал өргөх их ёслолын үеэр Ялгасан гэгээний ач хүү Жаргалсайхан өвөөгийнхөө алтан мөнгөн тамгыг дагалдаж ирсэн алтан пүрэвийг 17 дүрийн гэгээнд хүндэтгэн өргөсөн байдаг. Эрдэм төгс Ялгуусан хутагтыг төрүүлсэн ижийн аавтай нь хуучилж, төрсөн гэрт нь хоноглосон урин хаврын тэр үдшийн сайхныг эргэн санахад ийм буюу. Номын авшиг гэгээ цагийн цагт хурж, сайн үйлс түгэн дэлгэрэх болтугай.

Сэтгүүлч, яруу найрагч “Болор цом”-ын эзэн

Норовын Гантулга

2021.01.01

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (103.26.194.218)
    arhangain humuus l de
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.121.168)
    Үхсэн баасны хувилгаан
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
    • Dandaa l hvn muulj baih yum doodhoosoo dor uhaan muutai .
      2021 оны 01 сарын 05
  • Зочин (202.9.41.78)
    Тэр буур аваргын нутгаар явсан тухайгаа "Алдартнуудын өлгий нутгаар" гээд нэг бичсэн юмандаа Тарантын доод өвөлжөөнд нутаглаж байгаа хүмүүсиыг бас л худлаа дэгсдүүлээд л бичсэн байсан. Жаахан дэгс, давс нөхөр үү үгүй юу. Энэ Гантулга гэгч нөхөр.
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
    • Degs daws nemj bichsen yum alga daa ta l buruu oilgolt awsn bn bid nar tarantad zusaj namarjij uwuljdg hvmvvs hotod bga ta yu medhew de
      2021 оны 01 сарын 04
  • Зочин (202.9.41.78)
    Ялгуусан Хутагт, Хамба гэгээний сүүлийн дүрүүд Завханы Идэрт төрөөгүй юм. Бүгд Архангайн Цахирт төрөөд тэндээс тодруулаад Идэрийн хүрээнд залсан байдаг юм. Жаахан ул суурьтай бичмээрсэн дээ.
    2021 оны 01 сарын 04 | Хариулах