”ТАВАН ТОЛГОЙН” ОРДЫГ АШИГЛАХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ АШИГЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ  ӨРГӨН БАРИЛАА

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэж заасан. Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бөгөөд Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор тус ордыг стратегийн ордод хамааруулжээ. 

Гэтэл олон арван тэрбум доллараар үнэлэгдэх Тавантолгой нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулах М. Энхсайхан сайдын ахалсан Засгийн газрын ажлын хэсэг анхнаасаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж, Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг зөрчин Хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж, Монгол улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн байна. 

Иймд гэрээний төслийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагуудаас гаргасан бодлого, шийдвэрт нийцүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар өмнө гарсан Улсын Их Хурлын тогтоолуудыг нэгтгэн Улсын Их Хурлаас Засгийн газарт баримтлах тодорхой зарчим, удирдамж бүхий тогтоол баталж, Улсын Их Хурлын зүгээс хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэж үзэж УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын тогтоолын төсөл санаачлан өргөн мэдүүлж байна.

             УИХ-д өргөн барьж байгаа тогтоолын төсөл нь 6 заалттай, 1 хавсралттай байна. 

Тогтоолын 1 дэх заалтаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран байгуулах зарчмыг тогтоосон бөгөөд хамтарсан компанид эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар тогтоолоо.

Тогтоолын 2 дах заалтаар Монгол улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцөлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй гэж үзсэн.

Тогтоолын 3 дах заалтаар Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоол болон 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хүчингүй болгож байгаа болно. 
Учир нь Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Тогтоолын 4 дэх заалтаар Засгийн газарт холбогдох үүргийг даалгаж байгаа болно. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг хамгаалж, тэдний эзэмшиж байгаа хувьцаа эдийн засгийн үр өгөөжтэй байх зохицуулалтыг гэрээнд тусгахыг үүрэг болголоо. 

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтад ялсан Консорциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүдийг үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш заалтуудыг өөрчилж, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангах, Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэх боломж бүрдэнэ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2,558,175,510 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 2,475,201 иргэн болон 8,497,671 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол улсын 553 аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ авах боломж бүрдэнэ. 

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Улсын Их Хурлын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолд заасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртлэх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг авах боломж бүрдэнэ. Засгийн газрын Ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хэлэлцээр хийж Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах гэрээний төслийг бэлтгэхдээ баримтлах үндсэн зарчим, удирдамжтай болно.Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа Монгол улсын гадаад бодлогод баримталж буй Гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангах нөхцөл бүрдэнэ. 

Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл болон Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлэнэ.Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах асуудал цогцоор шийдэгдэнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.