

Баянгол дүүрэгт улс төрийн шинэ өнгө тодорч эхэллээ
2016 оны УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоог чуулганаар баталж, нийслэлд 28, орон нутагт 48 мандат бүхий 76 жижиг мажоритар тогтолцоогоор сонгууль явагдах асуудал эцэслэн шийдэгдлээ. Нийслэлийн 28 тойргийг авч үзвэл, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргүүдэд тус бүр дөрөв, харин Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд зургаан мандат тус, тус хуваарилжээ.
Хотын тойргуудаас хамгийн сонирхол татаж байгаа тойрог бол Баянгол дүүрэг. Сонирхол татаж байгаа гэдгийн учир нь ардчилсан нам сүүлийн сонгуулиудад дараалан ялалт байгуулж “Эрдэнэ вангийн хошуу” хэмээх нэр хоч зүүтлээ “цэнхэртсэн” энэ тойрогт “салхи” орно гэж судлаачид үзэж байгаатай холбоотой.
АН-аас одоогоор УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ИЗНН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар нэр дэвших нь тодорхой болжээ. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Л.Лүндээжанцан, Оргил худалдааны төвийн үүсгэн байгуулагч Ж.Ганбаатар, Баянгол дүүргийн засаг дарга асан Л.Амгалан, Эдийн засагч Дашзэвэг нар нэр дэвшихээр болсон байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар эдийн засагч Н.Дашзэвэгийн оронд хөтлөгч П.Анужин орж ирж магадгүй гэсэн таамаг байна.
Хоёр том намын нэр дэвшигчдээс өнөөдрийн байдлаар АН-аас С.Эрдэнэ, МАН-аас Ж.Ганбаатар нар рейтингээрээ тэргүүлж байгаа гэдгийг судалгааны төвүүд болон хоёр том намын судалгааны дүнгүүд харуулж байгаа аж.
С.Эрдэнэ сайдын зиндаанд рейтинг нь өссөн Ж.Ганбаатар гэж хэн бэ. Түүнийг “Оргил” худалдааны төвийн үүсгэн байгуулагч гэдгээр нь хүмүүс мэднэ. Баянгол дүүргийн гурав дөрөвдүгээр хорооллын эцсээс бизнесийн гараагаа эхэлсэн. “Оргил” худалдааны төвийн 12 салбар, “Энканто” цогцолбор, “Энканто” спорт комплекс зэрэг хөрөнгийн эзэн, зургаан охин компанитай. Ж.Ганбаатар эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ Баянгол дүүрэгт амьдардаг. Улс төрийн хувьд 2004 онд Баянгол дүүрэгт, 2008 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мөн Баянголоос сонгогдон ажилласан. 2012 онд НИТХ-д дахин өрсөлдөөд унасан бол энэ жил УИХ-д өрсөлдөж буй. Улс төрчийн хувьд доороос нь дээшлэх зарчмаар өгсөж яваа нэгэн бололтой.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Улс төрд орох гэж байгаа хүмүүс эхлээд зуугаас дээш хүнтэй нэг байгууллагыг, нэг компанийг удирдаад үзчихсэн, насны хувьд, гэр бүлийн хувьд тогтвортой болчихсон, улсад их хэмжээний татвар төлөх, бүтээн байгуулах, ажил хийхийн сайн, мууг мэддэг болчихсон байх хэрэгтэй” хэмээн хэлсэн удаатай.
“Төрөөс нэг ч удаа тендер авч байгаагүй, авах ч үгүй” гэсэн түүний үг сонгогчдод хүчтэй нөлөөлж мэднэ. Өөрийн бор зүрхээр, шударгаар хөдөлмөрөөр амжилтанд хүрсэн шинэ залуу хүн улс төрийн салбарт орж ирэх нь ховор болсон энэ цаг үед Ж.Ганбаатарын хувьд нэлээд “эвгүй” өрсөлдөгч байх магадлал өндөр. Рейтинг нь тогтмол өсч байгаа нь ч үүнийг баталж байх шиг.
Тэрээр өөрөө ялаад зогсохгүй араасаа бусад нэр дэвшигчдээ чирэх давлагаа үүсгэх ч магадлалтай харагдаж байгаа юм. Учир нь, 2004 онд УИХ-ын дэд дарга Д.Бямбадоржийг гуч дөнгөж гарч байгаа “Тумбааш” Б.Батбаатар гэдэг залуу ялж байсан содон түүх Баянголынх юм. Б.Батбаатарын рейтинг огцом өсөхийн хэрээр нэг намаас нэр дэвшсэн өөр тойргийн бусад хүнээ чирсэн гэдгийг тэр үеийн судалгаанууд баталдаг.
Сэтгэгдэл (11)