Машин жолоодох эрхээ сэргээлгэх бол Чингисийн талбайг зориорой

                         Машин жолоодох эрхээ сэргээлгэх бол Чингисийн талбайг зориорой

Цагдаагийн байгууллагын түүхт 95-н жилийн ойг угтан  зохион байгуулах ажлын хүрээнд "Амар тайван амьдралын төлөө хамтдаа" цагдаагийн байгууллагын "Нээлттэй хаалганы өдөрлөг" яг одоо Чингисийн талбайд болж байна.

ЦЕГ-ийн Холбооны хэлтсийн бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн ахлагч Б.Батзаяа хэлэхдээ "Энэ жил Цагдаагийн байгууллагын 95 жилийн ой болж байгаатай холбогдуулан өнөөдөр Чингисийн талбайд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулж байна. Мөн орон нутгийн цагдаагийн хэлтсүүд ч гэсэн тухайн нутаг дэвсгэртээ нээлттэй хаалганы өдөрлөг хийж байгаа.

Улаанбаатарт цагдаагийн газрын хэлтсүүд үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулж, сурталчилж байгаагаас гадна лавлагаа өгч байгаа юм. 

Өдөрлөгийн үеэр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолоочоос шалгалт авч эрх сэргээж байна. ​

Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмын талаар гарын авлага тарааж, Хууль сахиулахын их  сургуулийн цагдаагийн болон Ахлагчийн сургуулийн элсэлтийн журмын талаар зөвлөгөө өгч байгаа.

Чингисийн талбай дахь "Нээлттэй хаалганы өдөрлөг" 17:00 цаг хүртэл үргэлжилнэ" гэв.

Лицензийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Галбадрах хэлэхдээ "ЦЕГ-ын "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг тохиолдуулан ЦЕГ нь Лицензийн төвтэй хамтарч жолооны үнэмлэхтэй холбоотой үйл ажиллагааг шуурхай явуулж байна.

Үүнд:

1тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа
 
2жолооны хуучин шар үнэмлэх солих материал хүлээн авах
 
3хаясан гээсэн үнэмлэх сэргээх 
 
4эрхээ хасуулсан жолоочоос шалгалт авч, тэнцсэн тохиолдолд жолоочны эрх сэргээ /30 минутын үнэгүй сургалтад суух/

Гэхдээ жолоочийн эрхээ хасуулсан хугацаа нь дуусаагүй бол эрхийг сэргээх шалгалт авахгүй. 

Дээрх үйлчилгээг авах хүсэлтэй иргэд иргэний үнэмлэх /иргэний үнэмлэхийн лавлагаа/ болон холбогдох бичиг баримттайгаа ирнэ үү.

Одоогийн байдлаар 230 гаруй эрх сэргээх хүсэлтэй жолоочид шалгалтад хамрагдсанаас 70 гаруй хүний эрхийг сэргээсэн байгаа" гэв.


 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.