

Ч.Содномцэрэн: Тойрог, мандатыг шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдсэн
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ыг сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжлээ. Харин МАН-ынхан уг тогтоолын төслийг “Дэмжихгүй” гэдгээ илэрхийлж, СЕХ-г захиалгаар ажил хийсэн хэмээн шүүмжилсэн юм.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс өнөөдөр өрнөж буй үйл явдалтай холбогдуулан дараах асуултад хариулт авлаа.
-СЕХ-ноос оруулж ирсэн ирсэн тогтоолын төсөлд хэр зэрэг өөрчлөлт орсон бэ?
-Зарим тойрог дээр зарчмын шинжтэй саналууд гарсан. Үндсэндээ СЕХ-ны оруулж ирсэн санал дэмжигдлээ. Тойрог байгуулах, мандатын тоог тогтоох тулгамдсан асуудал байлаа. Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуультай холбогдох хувь тэнцүүлсэн тогтолцоог түдгэлзүүлсэн учир хуульд өөрчлөлт оруулж, 150 хоногийн өмнө тойрог, мандатыг тогтоодог байсныг 45-аас доошгүй гэж өөрчилсөн. 45-аас доошгүй хоногт гэдэг нь ирэх бямба гаригт дуусч байгаа юм. Тэгэхээр УИХ-д маргааш, нөгөөдөр гэсэн хоёр хоног л үлдлээ. Энэ хугацаанд шийдвэрээ гаргахгүй бол хууль зөрчинө.
-Парламент тойргоо баталж чадахгүй бол сонгууль хойшилно гэсэн үг үү?
-Үндсэн хуульд зааснаар бол энэ боломжгүй. Учир нь, сонгууль хойшлуулах ганц л заалт бий. Тэр нь дайн, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болсон үед хойшлуулах тухай юм. Бусад үед ээлжит сонгуулийг дөрвөн жил тутамд, хуулийн хугацаанд явуулна гэсэн заалттай.
Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуультай холбогдох хувь тэнцүүлсэн тогтолцоог түдгэлзүүлсэн учир хуульд өөрчлөлт оруулж, 150 хоногийн өмнө тойрог, мандатыг тогтоодог байсныг 45-аас доошгүй гэж өөрчилсөн. 45-аас доошгүй хоногт гэдэг нь ирэх бямба гаригт дуусч байгаа юм. Тэгэхээр УИХ-д маргааш, нөгөөдөр гэсэн хоёр хоног л үлдлээ.
-СЕХ захиалгаар мандатын хуваарилалтыг оруулж ирлээ гэж МАН-ын гишүүд хэлж байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Тийм байх боломжгүй. Төрийн байгууллагыг ингэж хэлж болохгүй. Манайх хараат бус байгууллага. Хүсэлтүүд ирсэн. МАН-ын бүлэг болон зарим аймаг, сум, УИХ-ын гишүүн, Засаг дарга нараас ирсэн. Тэр болгоныг харгалзаж үзэх боломжгүй. 76 гишүүний эрх ашгийг тэнд тусгах аргагүй. Зарим нь гомдолтой байгаа бол нөгөө хэсэг дэмжиж байна.
-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Булган аймгийг нэг мандаттай болгосныг шүүмжилж байгаа. Өмнөговь аймагтай харьцуулан ярьж байсан. Сумдаас тооцсон гэдгийг та тодотгож өгөхгүй юу
-Үндсэндээ 28 мандат хуваарилж байгаа үйл явцыг ойлгох хэрэгтэй. 76-г дахин хуваарилаагүй. Илүү гарсан 28 мандатыг хот, хөдөөд хэдийг хуваарилах тухай л асуудал яригдаж байгаа. Тэгэхээр 14 мандатыг бүх аймагт нэмэх боломжгүй гэсэн үг.
-Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа хэдийнээс эхлэх вэ?
-Тавдугаар сарын 23-наас эхэлж, тав хоногийн хугацаанд үргэлжилнэ. Үүний дараа гурав хоногийн дотор СЕХ-нд материалаа ирүүлнэ. Бүртгэх эсэхийг СЕХ тав хоногт багтаан шийднэ. Тэгэхээр нэр дэвшүүлснээс хойш 13 хоногийн хугацаа байна гэсэн үг.
-Гадаадад ажиллаж амьдарч байгаа 14 мянган иргэн саналаа өгөх боломжгүй болсон гэсэн яриа байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Үндсэн хуулийн цэцээс пропорцианаль тогтолцоотой холбоотой хэсгийг түдгэлзүүлсэн. Энэ тогтолцоонд гадаадад байгаа иргэдийн саналыг авах заалт байсан юм. Үүнийг нь УИХ хүлээж аваад, хүчингүй болгочихсон. Тэгэхээр хуулиараа бол санал өгөх боломжгүй болсон гэсэн үг.
Эх сурвалж:News.mn