АТГ-ын даргыг томилох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа


 

              АТГ-ын даргыг томилох асуудлаар АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилуулах саналыг УИХ-д хүргүүлээд байгаа билээ. 

Хууль Зүйн Байнгын Хорооны хуралдааны үеэр АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэн байна. Үүнийг бүлэг дээр ярилцах шаардлагатай. Тиймээс тав хоногийн завсарлага өгнө үү" гэсэн юм.

Ийнхүү АТГ-ын даргыг томилох асуудал хойшиллоо.

Х.Энхжаргал нь 1972-1982 онд Ерөнхий боловсролын сургууль, 1982-1987 онд НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1995-1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн.

Мөн тэрээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан.

Одоо Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байгаа.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.