

УБСЕГ: Гадаад паспортыг шинэчилж, солихгүй
Гадаад паспортыг шинэчилж байгаа гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа. Ямар байдлаар шинэчлэх гэж байгаа талаар Улсын Бүртгэл Статистикийн Ерөнхий Газраас тодрууллаа.
Тус газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан “Гадаад паспортыг шинэчилж, солихгүй.
Харин чиптэй болгох асуудлыг ярьж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо ашиглаж байгаа гадаад паспортыг хэрэглэхээ болиод шинээр солих болж байгаа мэтээр ташаа мэдээлэл тараасан байсан. Чиптэй болгох тухайд ямар нэгэн шийдвэр гараагүй, ярилцах түвшинд байгаа” гэсэн хариулт өглөө.
УБСЕГ-ын албан ёсны цахим хуудаст “Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайдын Монгол Улс дахь айлчлалын хүрээнд дагалдан ирсэн тус улсын бизнес эрхлэгчдийн нэг “Унгарын Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани”-ийн төлөөлөгчид УБСЕГ-ын удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Хамтран ажиллах гэрээ байгуулснаар Монгол Улсын үндэсний гадаад паспортыг олон улсын жишигт нийцүүлж, стандартын шаардлага хангасан, шинэ дэвшилтэт технологийн чиптэй цахим паспорт болгох, түүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болох юм.
Монгол Улсад өндөр нууцлал бүхий иргэний цахим паспортыг нийлүүлснээр Монгол Улсын иргэд гадаад орны хилээр түргэн шуурхай, ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй нэвтрэн орох, баримт бичгийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой” гэсэн агуулгатай мэдээ нийтлэгдсэн байсан.
Энэхүү мэдээнээс үүдэн гадаад паспортыг шинээр сольж байгаа гэх ташаа мэдээлэл цацагджээ.
Сэтгэгдэл (2)