Д.Хаянхярваа: Зөвшилцөл гэдэг зүйл чинь мартагдсан түүх боллоо

                               Д.Хаянхярваа: Зөвшилцөл гэдэг зүйл чинь мартагдсан түүх боллоо

                 УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.
 

-Ээлжит бус чуулганыг УИХ-ын даргын захирамжаар зарласан ч танай бүлгийн зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй гэж байсан. Тэр утгаараа ирц бүрдүүлэхгүй байх тал дээр арай их анхаарал хандуулаад байгаа юм биш үү?
 
-Угаасаа намрын чуулганы төгсгөлд ээлжит бус чуулган зарлах тухай асуудал хөндөгдөхөд "Ирц бүрдэхгүй шүү. Ач холбогдлын хувьд тийм ч чухал биш" гэдгийг гишүүд хэлж л байсан. З.Энхболд даргын хувьд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ гэсэн "зуулт"-тайгаар УИХ-ын даргын биш хувь хүний байр сууринаас асуудалд хандсан. Түүндээ хүрэх гэж оролдож байгаа нь нарийндаа төрийн бодлогогүй шийдвэр болж хувираад байна. Ээлжит бусаар хэлэлцэх асуудлыг бүхэлд нь аваад үзэхээр 120 хоног хуралдаад 20 гаруй асуудал шийдэж чадаагүй байж 14 хоногийн дотор 24 асуудал хэлэлцэнэ гээд тавьсан нь хэний ч ой тойнд буухгүй байгаа юм. Ялангуяа Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга гээд маш том хуулиуд оруулсан байх жишээтэй. Энэ нь төрийн гаргаж буй хуулийн чанарт хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг мэдэж байгаа хэрнээ ийм үйлдэл хийж байгаа нь З.Энхболд даргын алдаатай бодлого. УИХ-ын дэгийн тухай болон бусад хуулиудыг зөрчсөн. Мөн УИХ дахь нам эвслийн бүлгүүдтэйгээ тохиролцож хэлэлцэх асуудлуудаа баталдаг байтал ганц хүн баахан зүйл жагсааж бичээд түүнийгээ батлаад гаргачихдаг тийм дэггүй юм руу явчих гээд байна.
 
-Танай бүлгийн гишүүд ээлжит бус чуулган хуралдах шаардлагагүй гэчихээд ирц бүрдэхээр орно гээд байх юм. Ярьсан ярианууд нь хоорондоо зөрчилдөөд байгаа юм биш үү. Ороод ирцээ бүрдүүлээд хуралдаад явчихад юу нь болохгүй байгаа юм бэ?
 
-Хоорондоо зөрчилдөөд байгаа юм огт байхгүй. Хууль зөрчлөө гэдгийг нь удаа дараа сануулан болохгүй бол сайн дураараа ажлаа өгөх асуудлыг тавина шүү гэж анхааруулсаар байгаа. Гэтэл энэ хүн бид анхааруулаад байхад түүнийг нохой хуцахын чинээ тоохгүй байна. Ерөөсөө "би" гэдэг айхтар үзлээр бүх зүйлд хандаад эхэлсэн. Нэгэнт Их хурлын гишүүдийн дийлэнх олонх нь цуглаад ээлжит бус чуулганаа нээгээд явчихвал бид "Эд нар хууль зөрчиж байгаа юм аа" гээд гадна талд нь суугаад байж болохгүй. Тиймээс хуралдаа орж хэлэлцэж буй асуудалд санаа оноогоо хэлж бага ч атугай тэр асуудлуудыг зөв тал руу нь чиглүүлнэ. Энэ бидний үүрэг. Тиймээс энэ хоёрдмол санаа биш байгаа биз. Ирцээ бүрдүүлээд хурлаа нээчих. Бид оролцъё л гэж байгаа шүү дээ.
 
-Энэ жил сонгууль болно. Тэр утгаараа эрх баригчдынхаа хийсэн ажлыг харлуулах, хийх гэж байгааг нь гацаах тийм хандлага руугаа явчихаад байгаа юм биш үү. Сонгуульгүй гэж бодоод ажлаа хийчихэж болохгүй байгаа юм уу. Төрийн ажлыг гацаалаа гэж шүүмжилж байна?
 

-Энэ шүүмжлэлийг хэн гаргаж байна вэ гэдэг нь сонин байхгүй юу. "Өдрийн сонин" л арай жаахан тэнцвэртэй ярилцлага авч байна. Үндсэндээ хэвлэл мэдээлэл, сошиал медиа хаалттай болчихлоо. Нэг намд үйлчилж байна гэхэд хилсдэхээргүй болчихлоо. Ардын нам садаа хийгээд байна гэж олон түмэн хэлээд байгаа юм уу, Ардчилсан намын зүгээс гаргаад байгаа пи ар юм уу гэдэгт ялгаа нь бий. Миний ойлгож байгаагаар Ардчилсан намынхны өөрсдийнх нь пи ар гэж харж байгаа. Аль болох Ардын намыг муухай харагдуулах гэж, өөрсдийнх нь намын ч тэр төрийн ч тэр ажил нь өөдтэй явахгүй байгаа болохоор бурууг бусдаас хайхын тулд МАН-ыг "хар овоохой" болгож байгаа юм. Манайхныг бойкот хийдэг гэдэг. Үнэндээ юун дээр бойкот хийсэн бэ гэдгийг өөрөө хэлээд өг. АН-ынхны үнэхээр зөв зүйл дээр бид садаа хийгээд байгаа бол хүлээн зөвшөөрнө.
 
-АН-ын бүлгийн даргын хэлснээр 14 хоногт эдгээр хуулиудыг хангалттай батлах бүрэн боломжтой гээд байгаа. Намрын чуулганаар батлаад явчих цаг хугацаан дээр МАН-ын бүлэг Засгийн газрыг огцруулахын тулд хурал хийлгээгүй гэсэн шүү дээ. МАХН-ынхан намын даргыг нь Шадар сайд болгохгүй бол хуралд орохгүй гээд гэдийчихлээ. Ээлжит бус хуралдахгүй бол хариуцлагыг МАН, МАХН үүрэх ёстой гээд байгаа?
 

-Энэ Засгийн газрыг хэн огцруулдаг юм. Эцсийн дүндээ олонх л огцруулдаг. Манай нам санал гаргасан байж болно. Уг асуудлаа долоо хоног байтугай нэг хоногийн дотор хэлэлцээд "Үгүй" гэсэн шийдвэрээ гаргаад ажлаа хийгээд явахыг хэн ч бай гээгүй. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах саналыг манай нам тавьсан. Сая бол манай бүлэг огцруулна гэдэг шийдвэр гаргаагүй. Нэр бүхий гишүүд гаргасан. Өөрсдөө хэлэлцэх асуудлынхаа хүрээнд дотроо хэл амаа ололцох гэж хугацаа алдаа биз дээ. Тийм сүрхий юм бол Эрүүл мэнд, спортын сайдаа томилоод явахгүй яасан юм. Шадар сайдаа томилоод явахгүй яагаад байгаа юм. Үнэхээр л шударга, шуурхай ажилладаг юм бол тэгээд яваач. Хэн ч бай гээгүй. Б.Гарамгайбаатар "МАН, Шударга ёс эвсэл хариуцлагаа хүлээ" гэсэн нь "Манай нам хариуцлага үүрч, үүрэг хүлээх чадваргүй нам" гэдгээ олон түмэнд хэлчихлээ. Тийм болохоор бидэнтэй юм яриад яахав. Бид сул байгаа болохоор бидний ажил төрлийг чиглүүлж байгаа намуудтайгаа хариуцлагаа тооцоорой гэж хэлж байгаа гэж ойлгосон. Бүлгийн дарга нь ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. Бид ийм чадамжгүй гэж хэлж болохгүй. Тэр том Ардчилсан намын бүлгийн дарга л юм бол "Бид хариуцлагаа хүлээнэ ээ" гээд зоригтой хэлчих л ёстой. Ингэж чадахгүй байна гэдэг чинь Ардчилсан нам нам шиг нам байж чадахаа больсон гэдгийг хэлээд байгаа юм.
 
-Гацаана, зогсооно, ирц бүрдүүлэхгүй гээд ард түмнийхээ өөдөөс сэлэм эргүүлээд байгаа юм биш үү?
 
-Засгийн газрыг огцруулна гэхээр ард түмнийхээ эсрэг сэлэм эргүүлнэ гэсэн ойлголт байдаг бол би хүлээн зөвшөөрч чадахгүй. Сайн ч бай, муу ч бай ард түмнийхээ төлөө гээд дуугүй суух болж байна уу. Үнэндээ мөрийн хөтөлбөрөө ч хэрэгжүүлж чаддаггүй, хийх ёстой ажлаа хийдэггүй, ард түмэнд амласан амлалтаа биелүүлдэггүй, Засгийн газрын сайд нар нь кабинетийн системээр ажиллаж чадахгүй ийм байдлыг тэвчих юм уу. Гадаад хэргийн сайдаасаа эхлээд арга хэмжээ авахуулаад хэрүүл ам хийж паянгаа дэлгээд байхад ард түмнийхээ төлөө ажиллаж байна гээд нүдээ аниад, амиа хамхиад суух уу.
 
Аливаа зүйлд хариуцлага гэдэг зүйл байдаг бол маргааш сонгууль болох гэж байхад ч гэсэн хариуцлага тооцож болно. Саяын Засгийн газрыг огцруулах саналыг нэр бүхий гишүүд гаргачихаад байхад Ардын намын санаачилга гэж АН-ынхан хэлээд байгаа. Үүнтэй уялдуулан хэлэхэд дахин Ардын нам Засаг огцруулах гэж байна гэж яриад байгаа нь өөрсдөө дотроосоо ийм зүйл гаргаж ирэх гээд байна гэж харахаар байна. Бид ерөесөө тийм зүйл яриагүй. Хууль дүрмээ мэднэ. Сонгууль болох гэж байхад бүлгийн зүгээс, намын зүгээс тийм шийдвэр гаргахгүй. Харин өөрсдөө дотооддоо учраа олж нам нь нам шиг, төр нь төр шиг ажиллах тал дээр анхаарвал зохилтой.
 
УИХ-ын дарга, намын дарга руугаа "Таны наад алхам чинь Үндсэн хууль зөрчиж байна. Та Их хурлын даргын албыг хашиж байгаа бол хувийн зүгээс битгий ханд. Нэг хүний дарангуйллын систем тогтох гэж байна" гээд урдаас нь хэлчих зоригтой намын гишүүн байна уу. АН-ынхан дотор тийм зоригтой хүн байхгүй. Сонгууль болох гэж байгаа болохоор бүгд л бүлх залгисан юм шиг намын дарга, УИХ-ын дарга нь юу гэж хэлнэ үзэгнийх нь үзүүрээр хөдлөхөд бэлэн болчихсон сууж байгаа. Үүнийг ардчилсан ёс гэх үү.
 
-Харин та юу гэж бодож байна?
 
-Би л лав тэгж үзэхгүй. З.Энхболд нь ч бай, Д.Дэмбэрэл нь ч бай хэн нь ч байсан ийм авир гаргавал хэлэх ёстой үгээ хэлэх л хэрэгтэй. Тийм л биш юм бол бид яах гэж ардчилсан нийгмийг сонгож, олон түмний төлөөлөл болон Их хуралд сууж байгаа юм. Нэг хүн бүгдийг мэдэж шийддэг, нэг хүн бүгдийг нь үзэгнийхээ үзүүр, хурууны дохиогоор шийддэг байх юм бол бид буцаад социализмаа байгуул л даа. Нэг хүний үгээр түүнийг нь аялдан дагалдаад сууж болохгүй. Бид ийм нийгэм байгуулах гэж зориогүй гэж АН-ын анхдагчид нь хэлээд байна. Харин ч нийгэм үүнийг чинь ил тод шударгаар шүүмжлээд байгаа биз дээ. Нийгмээс ирж буй энэ шүүмжлэлийг энэ парламент, намууд хэрэгжүүлэх ёстой.
 
-Цэцийн даргыг огцруулах юм бол танай намын бүлэг УИХ-ын даргыг огцруулах шаардлага хүргүүлэх юм уу?
 
-Шаардлага хүргүүлнэ гэдгээ бид анхааруулж хэлсэн. Бүлэг дээр нэг удаа яригдсан. УИХ-ын даргын хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрч байна. Одоо бүр Үндсэн хуулийн Цэцийг үймүүлж Үндсэн хуулийн хямрал руу түлхэх зүйлийг хийж байна. Ингэж болохгүй. Хэрвээ тэгвэл та сайн дураараа ажлаа өгөх ёстой гэдэг шаардлага тавина. Манай бүлгийн зүгээс гаргасан шийдвэр хэвээрээ байгаа. Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой асуудлаар Үндсэн хууль зөрчиж байна гэдгийг сануулж байна. Гэхдээ УИХ-ын даргыг улаан цайм Үндсэн хууль зөрчихгүй гэж харж байгаа л даа.
 
-Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад улстөрчид өөрсдөө зохиомол хямралыг үүсгээд байна л даа. Үүнийгээ болихгүй юм уу. Цаана чинь ам.долларын ханш 2030 төгрөгт хүрлээ. Зөвшилцөж, ярилцаад ам.долларын ханшаа бууруулах тал дээр анхаарал хандуулахгүй юм уу?
 

-Зөвшилцлийг хэн хийх ёстой юм. Зөвшилцөл хийхийн тулд олонх өөрсдөө санаачилгыг гартаа аваад яваач. УИХ-ын дарга өөрөө хамгийн гол үүрэгтэй оролцох ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд Д.Дэмбэрэл дарга УИХ-ын даргаар ажиллаж байхдаа бүлгийн хурал дээрээ ямарваа нэгэн асуудал дээр "Цөөнхтэйгөө зөвшилцчихөөд ороод ир" гэдэг байсан. Гэтэл өнөөдөр үндсэндээ зөвшилцөл гэдэг зүйл чинь мартагдсан түүх боллоо. Юун зөвшилцөл. Хүч түрэмгийлэн айлган сүрдүүдэх замаар асуудалд ханддаг болчихлоо. Ийм байхад ямар юмных нь зөвшилцөл байдаг юм.
 
Хоёрдугаарт, эдийн засгийн талаар авч буй арга хэмжээ чинь болохгүй л байна даа гэдгийг эдийн засаг мэддэг, өрнө, дорнод боловсрол эзэмшсэн олон хүн хэлээд байна. Үүнийг эрх баригчид хүлээж авч байгаа юм уу. Үндсэндээ тэд эдийн засаг гэдэг зүйлийг сонгуулийн шоу, популизм руу шилжүүлчихлээ. Одоо элгээрээ  мөлхчихсөн эдийн засаг чинь сүйрдэг юм байгаа биз дээ. Үүнийг санаачлагч, хүлээж авдаг олонхгүй болчихоод байна. Тийм тохиолдолд бид яах ёстой вэ.
 
-Харин яах ёстой вэ...
 
-Хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх зүйлсээ хийгээд явах ёстой. Харамсалтай нь өнөөдөр бүх зүйл эсрэгээрээ явж байна. Өнөөдөр моргейжийн таван хувийн зээл гээд яриад байгаа. Үнэнийг хэлэхэд сонгууль дөхсөн болохоор энэ талаар хэн ч ярьж чадахгүй байна л даа. Банк санхүүгийн мэргэжлийн хүмүүсээс нь асуугаад өгөөч гэж хэвлэлийнхнээс хүсмээр байгаа юм. Моргейжийн таван хувийн зээл хэрэгжээд эхэлбэл ам.долларын ханш улам өснө. Таван хувь гэдэг хүнд сонсогдохдоо даанч сайхан. Бид үнэхээр эдийн засгийн тийм чадамжтай бол зээлийн хүүг "0" болгосон ч яадаг юм. Гэхдээ энэ бүхний үр дүн ямар байх вэ гэдгээ зөв тооцоод зөвшилцлийн механизмаа зөв явуулдаг төр байхгүй болсон. Тэгэхээр бид яаж ажиллах юм.
 
-Өнөөдөр манайд улс төрийн хямрал нүүрлэсэн үү. Эдийн засгийн л хямрал нүүрлэчихээд байна уу. Ёстой л шуудайд хийсэн эвэр шиг нам нь нам дотроо талцаад, улс төр нь фракц бүлэглэл болоод хэцүү л байх шиг?
 
-Улс төрийн хямрал нүүрлэсэн. Улс төрийн хямрал улстөрчдөөс болсон. Эрх баригчдаас болсон. Өнөөдөр эрх баригчид эрх баригч шиг байгаад зөвшилцлийн механизмыг зөв ажиллуулах санаачилга гарган харьцангуй буулт хийгээд эдийн засгаа зөв замд нь оруулах халуун дулаан уур амьсгал дунд яриа өрнүүлсэн бол магадгүй өнөөдрийнхөөс арай дээр түвшинд байх ёстой ч байсан юм бил үү. Үүнийг бид хангалттай хүлээлээ. Аргаа барахдаа нэр нүүрээ баран байж хадаг яндар, шүлэг явуулж байж хамтарч үзлээ. Арай нааштай ажил хийгдээд ирэнгүүт сайн нэрийг нь Ардын нам үүрэх юм байна гээд бушуухан хөөгөөд гаргасан. Ийм улс төрийн хүчинтэй бид яаж хэл амаа ололцоод ажиллах юм бэ. Хэл ам ололцох тухай, эвлэлдүүлэх тухай, зөвшилцүүлэх тухай, алдаа оноогоо засах тухай бүх санаачилгыг АН гаргах ёстой гэж боддог.
 
Харамсалтай нь тийм үйлдэл хийх чадамж энэ намд алга. Тийм ч хугацаагүй боллоо. Сонгууль болдгоороо болно. Аль болох багахан балаг тарих хууль батлах хэрэгтэй.
 
Э.Энхболд "Өдрийн сонин"
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.57.93.132)
    УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, олон намын системыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин (103.57.93.132)
    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. А.Пиночет
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.132)
    Ардчиллалаас хүчирхийлэл төрдөг Платон
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • ДОРЖПАЛАМ (122.201.25.58)
    ЧАМ ШИГ ЛУЙВАРЧИНГ АРД ТҮМЭН ЯЛГАХТАЙГАА БАЙГАА ШҮҮ
    2016 оны 02 сарын 19 | Хариулах