
Элчин сайд нарыг томиллоо
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зарим Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн
Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг: 1985 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат цолтой.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэл: ЗХУ-д боловсрол эзэмшсэн. Болгарт суух ЭСЯ-нд атташе, ОХУ-д ЭСЯ-нд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн дарга, Чех улсад Элчин сайдаар ажиллаж байсан.
Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр: Унгарын Будапешт хотын Өтвеш Лорандын их сургуулийг төр эрхзүйн салбарын мэргэжлээр төгссөн. Унгар, англи, орос, латин хэлтэй. 2005-2012 онд Усны хэрэг эрхлэх газрын орлогч даргаар ажиллаж байсан.
Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж: Москвагийн Олон Улсын Харилцааны дээд сургуулийг олон улсын сэтгүүлч, дипломат мэргэжлээр төгссөн. Австрали улсад Элчин сайд, Их Британи, Америк, Индонези улсад суух Элчин сайдын яаманд зөвлөх, Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай дипломатч юм байна.
Тэднийг улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших боломжтой хэмээн үзсэн байна.
Мөн энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд нарыг тус тус эгүүлэн татах саналаа илэрхийлжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ. Эгүүлэн татаж буй Элчин сайд нарын ажлыг хэрхэн дүгнэж байгаа, хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, уламжлалт харилцаатай улс орнуудтай харилцаагаа илүү өндөр түвшинд гаргах, дипломат албаны томилгоо ямар шалгууртай байдаг, дипломат ажилтнуудыг тогтвортой ажиллуулах, тэдний нийгмийн халамжийн асуудалд анхаарах, гадаадад боловсон хүчин оновчтой бэлтгэх түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдэнтэй ажиллах боловсон хүчин сургах зэрэгт Улсын Их Хурлын гишүүд тэдний анхаарлыг хандууллаа.
Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал авсан юм. Улсын Их Хурлын гишүүдийн захиасыг хэрэгжүүлж ажиллахыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүслээ.