
АНУ-ын иргэнд илгээх захиа
АНУ-ын иргэн Ч.Ганбат Монгол Улсын төрийн өндөрлөг /Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд/-үүд хийгээд Гадаад хэргийн сайдад ил захиа илгээжээ. Тэдэнтэй зиндаархахыг хүссэн, ач тус нэхсэн УИХ-ын гишүүн Х.Баттулгын тодотгосноор өөрийнх нь багийн нөхөр яагаад ийм захиа бичих болов. “Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат гэгч өөрийгөө огтхон ч гэм буруугүй гэдгийг “тохуурхсан” байдалтай ил захиандаа дурдаад, манай Монголд ирж нэр төрөө сэргээлгэх болно гэдгээ удирдагчаараа дамжуулан төрийн өндөрлөгүүдэд бичжээ.

Гадаадад сурсан, хуримтлуулсан туршлага маань эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахад дөхөм болно гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн тэр Монголд буцан ирж, зөвлөгөө өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн гэнэ. Тэрээр “Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх «Либерти Партнерс» ХХК-ийг 2010 оны 03 сарын 12-ны өдөр байгуулж байсан. Улмаар 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ЗТБХБЯ-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “бид яаманд үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ үзүүлж байхаар, шаардлагатай тохиолдолд зарим зөвлөх үйлчилгээг гадаадын зөвлөхтэй хамтран төлбөртэй гүйцэтгэх” нөхцөлтэй байсан болно. Бид голчлон төмөр замын бодлого, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор зэрэг төслүүд дээр зөвлөгөө өгч ажилласан” гэдгийг захиандаа дурдсан байх юм. Гэтэл Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор буюу Монгол Улсын боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг оргилд хүргэх учиртай төслийн ТЭЗҮ, тооцоо судалгааг хийхдээ очиж ч үзэлгүйгээр хогийн цэгт барихаар гүүгл мэфээс зургийг авч, мастер төлөвлөгөө боловсруулсан аж. Тухайн газарт уулын ус буудаг бөгөөд 150 метр доошоо орсон учраас төмөр зам тавилаа гэхэд тийшээ орсон галт тэрэг эргэж гарах боломжгүй болно гэдгийг мэргэжлийн хүмүүс олонтаа анхааруулж байжээ. Дээр нь 70 километрийн зайнаас усаа татахаар тусгасан бөгөөд тухайн газрын усны нөөцийн судалгааг хийлгүй 1985 онд хийгдсэн ганцхан цооног дээр үндэслэн мега төслийн мастер төлөвлөгөөг хийсэн байдаг юм. ч судлаагүй аж. Харин энэ мастер төлөвлөгөөг боловсруулуулсан “Сайншанд” аж үйлдвэрийн парк” ХК-ийн ТУЗ-ийн даргаар АНУ-ын иргэн, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын зөвлөх Чулуунхүүгийн Ганбат ажиллаж байсан нь баримт болон үлджээ. Ганцхан сарын хугацаанд улсын төсвийн 24 тэрбум төгрөгийн 22 тэрбумыг судалгааны ажил нэрийдлээр сонгон шалгаруулж хүлээн авсан зэрэг нь уугуул эх орныхоо төлөө хийсэн эх оронч үйлдэл гэж дүгнэгдэх ёстой болж байна.

Гадаадын иргэн ил захиандаа үргэлжлүүлэн ““Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийн үндсэн дээр олон улсын нэр хүнд бүхий АНУ-ын «McKinsey» компани Шинэ төмөр замын төсөлд зөвлөхөөр ажиллахаар шалгарсан. «McKinsey» компани «Либерти Партнерс» компанийг дотоодын зөвлөхөөрөө сонгож, хамтран ажиллахаар гэрээ байгуулсан болно” гэдгийг дурджээ. Үнэндээ өөрийнх нь яамны бүхий л ажлын хэсгүүдийг ахлан, хянасан албан бичгүүдэд тэрхүү компани нь дэлхийд алдартай “McKinsey & Company” биш, "McKinsey & Consalting” гэж бий. Товчлолыг адилхан “McKinsey & Co” гэж бичсэнээр бүх монголчуудыг хуурч чадна гэж АНУ-ын иргэн Ч.Ганбат бодсон бололтой. Хамгийн сонирхолтой нь гэрээнүүдээс харахад Хөрөнгө оруулалтын ажлын хэсгийн дарга, хяналт тавих ажлын хэсгийн даргаар АНУ-ын иргэнийг томилж, тушаал шийдвэр бүрийг гарган өгч байсан Х.Баттулга, А.Гансүх нарт "McKinsey & Consalting”-г байгуулах, сонгох, сонгосон компаниараа өөрийнхөө “Либерти партнерс” компанийг дахин сонгуулсан зэрэг үйл явц нь нэг ёсондоо өөрөө өөртэйгөө гарын үсэг зурсан гэсэн үг болон ойлгогдож байна. Үүнийгээ харин монголчуудад тайлбарласан ил захиандаа “Тавантолгойн ордыг ашиглах тендерт ялсан Хятадын «Шенхуа» компани нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа «Энержи Ресурс» компанийг хамтрагчаараа сонгосонтой адил үйлдэл юм” гэж дэмийрэх жишээтэй.
Монголын Төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Л.Пүрэвбаатар 2014 оноос эхлэн “McKinsey компаниас Монголын Улсад баригдах төмөр замын төслийн ТЭЗҮ-ийг 6,5 сая доллараар хийлгэсэн талаар асуухад “Үгүй. Мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн” тухай удаа дараа мэдэгдэж байсан нь архивлагдан үлджээ. Харин энэхүү ТЭЗҮ-ийг нууцалсан шалтгаан нь ямар ч тендергүйгээр, давтагдашгүй хүчин зүйлийн улмаас гэсэн тайлбартайгаар ТЭЗҮ боловсруулагчдыг шалгаруулсан бололтой. Улмаар хууль хүчний байгууллага шалгаж эхэлсний дараа тухайн ТЭЗҮ зөвлөх үйлчилгээ болон хувирчээ.
Монголын төлөө чин сэтгэлээсээ, эх орончоор, цалингүй ажиллаж байсан гээд буй АНУ-ын иргэний боловсруулуулсан Монголын шинэ төмөр замын ТЭЗҮ-д "Энэхүү тайлан нь судалгааны хугацаанд мэдэгдэж байсан мэдээлэл дээр үндэслэсэн ба зөвлөх баг нь тэдгээр мэдээллийг боловсруулаагүй ба хөндлөнгийн этгээдээр хянан баталгаажуулаагүй болно" гэсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй "Хэдийгээр зөвлөх баг нь эдгээр мэдээллийг үнэн бодитой гэж үзэж буй боловч эдгээр мэдээлэл нь бодит байдалтай бүрэн дүүрэн нийцэж байгаа эсэхэд баталгаа өгөх боломжгүй болохыг анхаарна уу. Түүнчлэн энэхүү тайланд тусгагдсан санал зөвлөмжүүд нь зарим нэгэн таамаглал, тооцоолол дээр суурилсан болно" гэдгээ шуудхан хэлсэн байдаг. Бодит судалгаа, дүн шинжилгээ гэхээс илүүтэй интернэтэд байсан мэдээллийг боловсруулаад түүнийхээ хөлсөнд 6,5 сая ам.доллар авахыг Монголд бол эх оронч гэж хэлж болох байх. Харин АНУ-д бол эрүүгийн хариуцлага тооцдог. Ч.Ганбатын захианд дурдсан “Харамсалтай нь дээрх амжилттай явсан төслүүдийг улстөржүүлснээр Шинэ төмөр замын төсөлд гаргахаар анх баталсан 400 сая ам.доллар 200 сая ам.доллар болж бууран, санхүүжилт зогсож, “Сайншанд” аж үйлдвэрийн төслийн ажилтнуудын цалинг 1 жил гаруй хугацаанд төлөөгүйн улмаас бүх ажил гацаж зогссон” гээд буй. Үнэндээ “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын төслийн ажилтнууд нэг жил цалингүй байсан шалтгаан нь өмнөх ажлынхаа гүйцэтгэлийг тайлагнаагүй учраас нэмж хөрөнгө оруулалт хийгээгүй юмсанж.
“Хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдох хүсэл гэм зэмгүй надад огтхон ч байгаагүй тул Бээжингээс Улаанбаатар нисэх гэж байснаа больсон” гэж АНУ-ын иргэн Ч.Ганбат бичжээ. Гэтэл өөрийнх нь хэлээд байгаа “Шинэ төмөр зам” болоод “Сайншанд”-ын аж үйлдвэрийн цогцолбор төсөлд зарцуулсан мөнгийг тэр болоод түүний олж ирсэн компаниуд нь өвөртлөөд алга болсон болохоос Монголд 1 см төмөр зам, 1 үйлдвэр босоогүй нь туйлын үнэн. Хөгжих гэж тэмцэх буй монголчууд бидэнд “улсын нууц” гэж хав дарагдсан цааснаас өөр юм үлдээгүй. Түүний АНУ-ын «McKinsey» компанийн Олон нийтийн харилцаа хариуцсан захирал Penny Burt нь 2014 онд уг гүтгэлгийг анхлан тараасан “Өглөөний сонин”-ы эрхлэгчид эсэргүүцлийн албан тоот хүргүүлж байсан гэдэг нь ч худлаа болохыг “Өглөөний сонин”-ны Ерөнхий эрхлэгч З.Боргилмаа албан ёсоор мэдэгдсэн. Тэрээр өнгөрсөн хугацаанд тус сонины цахим шууданд болон шуудангаар Penny Burt гэгчээс нэг ч албан бичиг ирээгүй болохыг хариу сануулжээ. Ч.Ганбат 200 гаруй сая ам.долларын үнэ бүхий үй олон зөвлөгөөгөө өгч байхдаа, Монголоо гэсэн эх оронч сэтгэлээр ажиллаж байхдаа буюу 2012 онд АНУ-ын иргэн болсон байжээ. Харин түүнийг нь мэдэхгүй байж АНУ-ын иргэн болох хүсэлт гаргасан тухай ташаа мэдээлсэн Монголын хэвлэл мэдээллийнхэнд гомдолтой явдгаа илэрхийлсэн байх юм. Их гүрний иргэд нь хүртэл Монгол Улсын төрийн өндөрлөгүүдэд ингэж томордог болж.
АНУ-ын иргэн гэм буруугүй юм бол яагаад үнэн, мөнөө шүүлгэлгүй гадагшаа зугтсан юм бол оо. Ийм л эх оронч, гадаадын иргэдээс бид асар өндөр үнээр зөвлөгөө авч байна. Эх оронч, олигарх гэдэг үгнүүдийг эсвэл эсрэгээр нь бид ойлгоод байдаг болсон юм болов уу? АНУ-ын сая сая доллараар гүүглийн илэрцийг зөвлөдөг иргэнийх нь захианы хариуд төрийн өндөрлөг бус жирийн мэдээлэлгүй сэтгүүлчийн хувиар сохор зоосны төлбөргүй зөвлөгөө өгөхөд “Монголд төрийн өндөрлөгүүд бус Шүүх үнэн мөнийг тогтоодог юм шүү дээ”.
Сэтгүүлч Л.НАРАНТӨГС