
СГЗ.Ш.Ёолк:Монгол улсад бүхэл бүтэн галлерей байна шүү дээ
Сүүлийн үед Ноён уулын алтыг ашиглана, ашиглахгүй гээд бөөн л юм болж байна. Тэгвэл үүнийг ашиглахгүйгээр барахгүй таг дарах ёстой юм. Ноён уулыг яагаад ийнхүү нэрлэсэн учир нь эрт дээр үед дээдсийн ихэсийн газар байсан юм билээ. 1950 онд манай алдарт археологч Хөдөөгийн Пэрлээ гуай ухаад Хүннүгийн үеийн олдвор гаргаж ирсэн. Энэ нь тухайн үедээ нээлт байлаа шүү дээ. Үүнээс хойш 1970,80,90-ээд онд Хүннүгийн үеийн булшнаас ямар их олдвор гарав. Тиймээс Ноён уулыг Монголын төр “царцаах” л ёстой. Би нэг жишээ хэлье. Франц улсад нэг агуй байдаг юм. Тэнд эртний арслан зааныг улаан зосоор дүрслэн зурсан хадны сүг зураг байдаг. Үүнийгээ францчууд дэлхийд ганц хосгүй эд гэж зарлаад битүүмжилчихсэн. Гэхдээ хажууд нь дуураймлаар хийж тавиад жуулчдад үзүүлдэг. Дэлхийн соёлт хүн төрөлхтөн түүнийг нь үзэхээр өдөрт хэдэн зуун мянган ам.долларыг зарж байна. Тэндээсээ Франц улс үлэмж их ашгийг олж байгаа юм. Тэгвэл яг тийм дурсгал Ховд аймгийн Гурван цэнхэрийн агуйд байна. Арслан заан, эвэрт хирсийг бас л зосоор зурчихсан. Тэр зосны найрлагыг өнөөдөр хүртэл олж мэдэж чадаагүй байна. Хусаад ч арилдаггүй. Яг л тийм дурсгал манайд байна шүү дээ. Гэтэл бид тэр түүхийн дурсгалт зүйлээ шувууны сангасанд даруулаад л сууж байна. Тэгвэл Ноён уул хажууд нь үнэхээр гайхамшигтай. Хүн төрөлхтний соёл иргэншил Төв Азид үүссэн гэдгийг батлах зүйл Монголд байна гэдгийг дэлхийд зарлачихаад гадны жуулчдад үзүүлээд сууж байхад жилд хэдэн тонн алт ухсанаас хамаагүй илүү мөнгийг олж болно. Бас Оюу толгойн хажууханд бүхэл бүтэн хадны сүг зургаас бүтсэн уул байна. Ховд аймгийн Манхан сумын доохон талд орших Ишгэн толгой гэх газарт далайн ёроолд байсан нялцгай биет тэр чигээрээ чулуужаад үлдсэн байдаг. Энэ мөн л дэлхийд хосгүй олдвор. Харамсалтай нь түүнийг хэн нэг нь аваад алга болсон. Үүнээс гадна хажууханд нь хадны сүг зургаас бүтсэн бүхэл бүтэн толгой байдаг. Бас л харамсалтай нь Юнитель компани холбооны цамхагаа дээр нь барьчихсан. Ингээд бодохоор XXI зуунд амьдарч байгаа хүмүүсийг зэрлэгээс зэрлэг, харанхуй бүдүүлэг гэж хэлэхээс өөр арга алга байна. Монгол Улсад бүхэл бүтэн сүг зурган галлерей байна шүү дээ.
СГЗ. СЭТГҮҮЛЧ Ш.ЁОЛК
Сэтгэгдэл (5)