Л.Эрхэмбаяр: ЗГ-ыг авч үлдэх нь чухал байна

                             Л.Эрхэмбаяр: ЗГ-ыг авч үлдэх нь чухал байна

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны 46 дугаар хуралдаан өчигдөр болох байсан ч хойшиллоо. ҮЗХ нь 228 гишүүнтэй ч хуралдаан болох танхимд цөөн тооны гишүүд цугласан юм. Танхимд гишүүд цуглахгүй байгаа шалтгааныг зарим гишүүн “Алтан гадас” фракцийнхан хүмүүсээ хайрцаглаад оруулж ирэхгүй байна” гэх тайлбар хийж байв. Гэвч 17.00 цагт зарлагдсан хуралдаан эхлэлгүй хоёр цаг сунжирсаны эцэст цуцлагдсан юм.

Ямар шалтгаанаар ҮЗХ-ны хуралдаан хойшилсон талаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас тодрууллаа.

-Ирц бүрдэхгүйгээс ҮЗХ-ны хуралдаан хойшилчихов уу?

-ҮЗХ-ны гишүүдийн ирц хангалттай байлаа. Гэхдээ ҮЗХ-ны 46 дугаар хуралдаан зарлагдсан энэ цаг мөчид буюу өчигдөр /уржигдар/ улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдлөө. Өнөөдөр бид ҮЗХ-ны хурал хийж дотоод асуудлыг ярилцахаас илүүтэй Засгийн газрыг тогтвортой байлгах нь илүү тулгамдсан асуудал болоод байна. Энэ бол зөвхөн Ардчилсан намын асуудал биш Монгол Улсын асуудал, Монголын хөгжлийн асуудал. Тийм учраас энэ асуудалд анхаарлаа хандуулах нь чухал болсон. Нэг үгээр хэлбэл, Засгийн газраа авч үлдсэний дараа ҮЗХ-ны хуралдаан зарлахаар боллоо.

-ҮЗХ-ны өнөөдрийн /өчигдөр/ хуралдаанаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэнэ гэсэн яриа байсан. Үгүй болж таарах нь уу?

-Засгийн газрын асуудлыг ҮЗХ-ны хуралдаанаар шийдэхгүй, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд маань хамтарч Засаг барьж байгаа бусад намтайгаа нийлж шийднэ. Тийм учраас ҮЗХ-ны хуралдаанаас энэ талаар шийдвэр гаргах шаардлагагүй. Ер нь бол Засгийн газраа тогтвортой байлгаж улс орноо тогтвортой хөгжүүлэхийн төлөө Ардчилсан нам хатуу байр суурь барина.

-ҮЗХ-ны хуралдаанаар ямар асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан бэ. ҮЗХ-ны гишүүдийн нөхөн томилгооноос гадна 228 гишүүний тоог нэмэх тухай дуулдсан?

-Ардчилсан намын ҮЗХ-ны энэ удаагийн хуралдаанаар нөхөн сонгогдсон гишүүдийг батламжлах, мөн бусад асуудал байсан Гэсэн ч хамгийн эрхэм чухал асуудал нь Засгийн газраа авч үлдэх болчихоод байна. Тийм учраас эдгээр асуудлыг хойш тавилаа.

-ҮЗХ-ны хуралдааныг хэдий хугацаагаар хойшлуулж байгаа юм бэ. Сар шинээс урьтаж хуралдааныг дахин зарлах уу?

-Тэрийг яг одоо хэлж чадахгүй байна.

-УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн 13 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Янз бүрийн л үндэслэл тавьж байна. Энэ асуудалд та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Засгийн газрыг огцруулснаар Монгол Улс алдсан уу гэхээс оносон нь үгүй. Ядаж л төгрөгийн ханш унаж долларын ханш өсдөг. Төрийн ажил цалгарддаг. Монгол Улс ийм гашуун зовлонг хангалттай амссан. Нөгөө талдаа Засгийн газрын хувь заяа албан тушаалын асуудал гэхээс илүү ард түмний амьдралтай шууд холбогддог. Сахилга хариуцлагын асуудалтай ч шууд холбогддог. Тийм учраас Ардчилсан нам Засгийн газраа тогтвортой үргэжлүүлэн ажиллуулахын төлөө тууштай зогсоно.

                                                       Сэтгүүлч Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.