

Соёлын төвийн Г корпусыг хувьчилна
Нийслэл энэ онд өмч хувьчлалаас 46 тэрбум төгрөг олж, төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ нэг хуулийн этгээд, 19 барилга байгууламжийг нээлттэй дуудлага худалдаа явуулж хувьчлахаар болсон юм. Хувьчлагдах хуулийн этгээд нь нийслэлийн өмчийн “Усан спорт сургалтын төв” НӨҮГ юм. Тус газрыг хувьчлахдаа үйл ажиллагааг нь 15 жилийн хугацаанд өөрчлөхгүй байх нөхцөлтэйгөөр нээлттэй дуудлага худалдаагаар худалдах юм. Харин хувьчлах жагсаалтад оруулсан 19 барилга байгууламжийн ихэнх нь ашиглалтгүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй, хөрөнгө оруулалт ихээр шаардагдах барилгууд юм байна. Тиймээс хувьчилж хувийн хэвшилд шилжүүлснээр тухайн барилгын ашиглалт нь сайжирч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ гэж хотын удирдлагууд үзжээ.
Өмч хувьчлалын жагсаалтад Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга, Сүхбаатар дүүргийн хуучин Засаг даргын тамгын газар, Соёлын төв өргөөний Г корпус, дүүргүүдийн хуучин найман өрхийн эмнэлэг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын спорт заал зэрэг нийт 20 объектыг нээлттэй дуудлага худалдаагаар, хувьчлахаар болсон юм. Хувьчлалд багтсан барилга байгууламжийн баланс үнэ нийт 29.1 тэрбум төгрөг гэсэн урьдчилсан тооцооллыг Н.Батаа орлогч хийжээ. Одоо дахин хувьчлагдах объектууд дээр хөндлөнгийн үнэлгээ хийж, дуудлага худалдааны эхлэх үнийг батлах юм. Дараа нь өмч хувьчлалын орлогын нэг хувь буюу 460 сая төгрөгийг нийслэлийн өмч хувьчлалын зардалд зарцуулах аж. 2015 онд дуудлага худалдаагаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг хувьчлах байсан ч амжаагүй. Иймээс тус объектыг 26 тэрбум 432 сая 700 мянга төгрөгөөс эхэлж, нээлттэйгээр худалдахаар төлөвлөжээ. Дэнчингийн хэмжээ нь хоёр тэрбум 643 сая 270 мянган төгрөг байх юм.
Өмч хувьчлалын жагсаалтаас “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийг хасах хэрэгтэй гэж цахим сүлжээнд олон нийт бичсээр байгаа. Тэгвэл тухайн төвийн барилга нь 1951 онд баригдсан, барилгын ашиглалтын хугацаа хэтэрч, нурах аюул үүссэн гэж Т.Батдорж дарга тайлбарлалаа. Иймээс тус барилгыг хувьчилж, барилга дотор явагддаг хүүхэд хөгжүүлэх сургалт, төвийг бусад хүүхдийн байгууллагуудын барилга руу шилжүүлнэ гэж мэдэгдлээ.
Ирэх хоёрдугаар сард хувьчлагдах жагсаалтад багтсан барилга байгууламжуудын үнэлгээ тодорхой болно. Дараа нь үе шаттайгаар ангилж, дуудлага худалдааг зохион байгуулах аж.