

ЗААДАСГҮЙ ЦАГ ХУГАЦАА...
Цаг хугацаанд заадас бий юу? Өнгөрсөн одоо, ирээдүй гурван цагийн хооронд ямар нэгэн заадас байдаг бол түүнийг юу гэж нэрлэдэг вэ? Орчлонт ертөнцийн физик хууль түүнд үйлчилдэг болов уу? гэсэн олон ядаргаатай ч санагдахаар бодлууд зохиолч Д.Оюунчимэгийн “Оройн ганц мод” шинэ романаас төрөн гарна.
Бидний нийтлэг төсөөллөөр уламжлалт сонгодог романууд бичвэрийн хувьд бие биенээсээ нөхцөлдсөн, утга санааны хувьд ч бие биенээсээ шалтгаалсан дэс дараалал бүхий “бүлэг” хэмээх “загварт тогтолцоо”-ноос бүтдэг. Бичвэрийн орчинд хамгийн ойлгомжтой, эмх цэгцийг сонгодог романуудаас харж болдог. Тэгвэл энэхүү шинэ роман бичвэр сүлжилдээний чөлөөт нийлэг бүтэц бүтээжээ.
Галт тэргээр заадасгүй гэмээр талаар хурдалж яваа Ийяа хэмээх эмэгтэй нь ЗҮҮД-БОДОЛ-ДУРСАМЖ-ОЙЛГОХ ХИЙГЭЭД ОГТ ОЙЛГОХГҮЙ ЗҮЙЛС-ийн нягт сүлжилдээн романы гол шугам болж татагдана. Гэвч бичвэр сүлжилдээний бараг л сонгодог гэж үздэг зарчмаар зарим “дэл сул” мэт санагдах зүйлс зохиолчийн далд ухамсартай холбогдож гол шугамын баруун зүүн талд “хавчуулагдсан” байна. Хий сэрэл, домог, түүх, аман сурвалжуудын эмх цэгцийг бичвэр сүлжилдээний орчинд л эрэмблэх боломжтой. Тэр л зарчмаар миний “Цаг хугацааны заадас” хэмээн оноон нэрлээд байгаа романыг тайлах боломжтой. Ийяа-Сийлэн хоёрын холбогч чанарууд орчин цаг ба өнөөдөр, өнгөрсөн цаг ба түүх хоёрын хооронд татсан нарийн уяас юм.
Уяасыг чангалан татах тусам утга санааны нягтрал үүсч байна. Хэрэв уяаны нэг үзүүрээс алдчихвал нөгөө үзүүрийг барьж аваад дахин өнөөх алдсан үзүүрэээ хайж болно. Энэ л чанар орчин цагийн постмодерн зохиолын онцлог. Дараагийн асуултууд романаас өөрөө аяндаа урган гарна. Зүүдлээд байна уу, үгүй бол зүүд шиг амьдралд амьдраад байна уу? Өөр талаараа бодит үнэн, жинхэнэ одоо цаг нь аль хэмжээст үргэлжлээд байгааг ч бас бодох л хэрэгтэй болно. “Цаг хугацааны товч түүх”/Стивен Хокинг/ ч бас нэгдүгээр шугам. Ийяа, хоёрдугаар шугам, Сийлэн ба жинчид гуравдугаар шугам, Хуяг ба бусад дүрүүд хэмээсэн солбилцолоор үргэлжилж байна. Солбилцол бүхэн эцэстээ нэг л давтамж дээр очно. Романы амьд нийлэг чанар энэ.
Ингэхэд зохиолч Д.Оюунчимэгийн өмнөх тууж үгүүллэгээс олж анзаарсан “Тэнгэрийн цаг хугацаа”, түүнийг тойрсон домгийн “уран сайхан”-ыг ч ШИНЭ романаас бас нээж болно. Галдамаа баатрын тухай домог, эсвэл ААЛЗ, Шаргаморьт ламын хэсгүүд өв уламжлалаа тээн яваа зохиолчийн өөрийн эрхгүй “хальтираад” байгаа одоогийн эрэл хайгуул, итгэл үнэмшлийг давхар харуулна. Цаашаа цаг хугацаа ямар ч заадасгүй сүлжилдэж, өчүүхэн төдий завсаруудыг түүхэн ой санамжууд бөглөж орхих нь энэ романыг хачин “чигжүү” болгосныг тэмдэглэх шаардлагатай. Үйл заяаны учир шалтгаан зохиолын бүх дүрүүдийг хооронд нь холбож, өнөө цагийн Ийяа, тэртээ ХХ зууны эхэн үеийн цаг хугацаанд амьдрагч Сийлэнтэй нэг үйлийн кибер орон зайд “амьдарч” байна.
Урианхайн баруун гарын, Дайчин бээсийн хошууны хэдэн жинчид Үрэмч ороод буцаж яваа биш зохиолын хамгийн хүнд ачааг тээж яваа юм. Тэдний зам мөрд тохиолдох явдлуудаар, харилцан ярилцах хүүрнэлээр зохиолч хамаг л чухал түүхэн мэдээллүүдийг дамжуулж байна. Хошуу ноён, удам угсаа, эрдэм чадал гээд тэр бүгдийг “хавчуулаад” нэгэн цул үгүүлэмж болгосон нь романыг шинэ бүтэцтэй гэж хэлэх түвшинд хүргэж байна. Гэтэл одоо цагийн олон романд ЭХ ТҮҮХЭЭ дунд сургуулийн охидын өдрийн тэмдэглэл шиг биччихээд, түүнийгээ “түүхэн роман” хэмээн өндөрт өргөмжлөх болов. Энэ цагийн тийм гажуудлаас зохиолч тойрохыг ихэд хичээж ТҮҮХ- ОРЧИН ҮЕ хоёрыг өвөрмөцөөр зохиомжлон холбосон нь ХУЯГ-ДАЛАНТАЙ ба УМБАА ЛАМ, БАЯРТ, БОРХ үгүй бол нохой ТӨГСӨӨ зэрэг ДҮРҮҮДИЙН БОЛЗОЛТ чанаруудыг улам тодотгож өгчээ. Хэрэв Урианхайн Балдандорж ноён, их бага ахай, Шижир, Зулаа, хар хувцастай эмэгтэй гээд олон дүрүүдийг үүрч түүрч явсаар төгсгөлд аваачсан бол зохиолын уран сайхан илүү ч сонирхолтой, илүү ч гүн нөхцөлдөх байсныг хэлэхэд юу илүүдэх.
Романд ийм нэртэй нэг бүлэг бий. “Цаг хугацааны алга болсон зарим хуудас”. Үнэхээр цаг хугацаанаас зарим нэг хуудас нь алга болдог байж болох юм. Тэнд заадас үүсдэг байх. Түүнийг оноон нэрлэе гэвэл “Алдагдсан цаг хугацаа” хэмээх биз. Физик цаг хугацааны хурд мэдээж тэнд үйлчлэхгүй. Учир нь ганц хэмжигдэхүүнээр бус олон хэмжээст ойлголтоор тайлбарлах шаардлага тулгарна. Яагаад Хуяг өчүүхэн шалтгаанаас амьдралынхаа бүх цаг хугацааг алдаж, харин Далантай бүх цаг хугацаагаа өчүүхэн шалтгаанаас худалдаж, Ийяа хожим бүгдийг ойлгохын тулд юу ч ойлголгүй амьдарч, Сийлэн юунд ч хүрэхгүйгээ мэдэвч явсаар байгаа нь сайхан ч Умбаа ламын утга учиртай ч юм шиг утга учиргүй үхэл хүртэл ямар нэгэн ЦАГИРАГ энэ романы бүтцийг нүдэн дээр хумьж орхино. Мөн зарим үсрэлтүүдийг ойлгоход хэцүү. Нэгэн 100 жилийн хэрэг явдлыг хэдхэн үсрэлтээр яахан үгүүлж барах. Ганц ноёны гавьяа намтар бол яах гэхэв. Гэтэл жингийн цуваа мэт хөврөн буй он жилүүд, цаг хугацааг хурцхан зазуураар буузны гурил хэрчих шиг дураараа огтолж орхисон нь зохиолч Д.Оюунчимэгийн шинэ романы сул тал мөн.
“Хорвоо үзэн ядалтан дээр тогтдог” гэх үзэлтэй Яго зураач, Хуяг болж хувираад “цэвэр урлагийн төлөө” гэж явсан өдрүүдээ ойлгохгүйд хүрч байна. Басхүү шоронд ороод ч юу болж буйг ухаарсангүй. Альбер Камюгийн “Тахал” роман “хэрвээ шоронд хоригдохуйг өөр нэгэн шоронд хоригдохуйгаар дамжуулан дүрсэлж болно гэх аваас бодит байдалд үнэхээр оршиж буй эд юмсыг ямар нэгэн ердөө ч үл орших юмаар дамжуулан дүрсэлж мөн болох авай” хэмээн Даниель Дефогийн үгээр эхэлдэгийг санацгаая. Романд Хуяг шоронгоос оргосон ч өөр нэг шоронд орчихож байгаа юм. Зохиолчийн хэлэх гэсэн асар нарийн универсум үүсгэсэн санааны ертөнц үл орших юмсыг оршихуйн үнэмшил дотор оруулж, өөрийгөө бүрдүүлжээ. “Сахиусны дагуул” гэж нэрлэсэн бүлгээс, хэдэн улаан ямаатай насаараа ганц бие явсан эр, шүрэн эвэртэй эр эм хоёр булга, уулын сахиусын аальгүй эм дүр гээд зохиолчийн чөлөөт сэтгэлгээний цөөнгүй “зөгнөлүүд” романыг хачирхмаар ид шидэт болгожээ. Үгүүлэмж баялаг байхын шалтгаан, ядмаг бичихийн шалтгаан хоёр харшилдаж буй өнөөгийн уран зохиолын амьдралд ийм нэгэн шинэ туурвил мэндэлж байна. Мэдээж баялаг үгүүлэмжтэй, чадмаг бичлэг.
Зохиолч Д.Оюунчимэгийн шинэ роман бол түүхийн гашуун амт, амьдралын нялуун үнэр хоёрын зуурмаг болоод өнө мөнхөд сайн сайхныг эрэлхийлэх сэтгэлээс зүрхний цахилгаан бичлэгийн тууз мэт үсчин гарсан шинжтэй юм. Анхдагч суурь нь яруу найргийн долгионт сэрлүүдээр бэхлэгдсэн зохиолчдын бичлэгийн онцлогийг зохиолч Д.Оюунчимэгийн хүүрнэл зохиолуудаас харж болно. Тийм л “урсгасан”, дур зоргоороо илэрхийлсэн сайн тал нь түүхээр дамжуулж хэлэх гээд байгаа “нэг юм”-ыг нь харин ч бүдгэрүүлсэн нь зохиолын санамсаргүй сайн тал болсон байхыг ч үгүйсгэхгүй. Одоохондоо “НЭГ ЮМ” хэмээн тодорхойлсон тэрхүү зүйл романы төгсгөл хэсэгт хасгуудын довтолгооноос увдис хүчээр эсэн мэнд мултарсан жинчдийн явдал шиг дураараа зохиож, мушгин гуйвуулж, санаачлан өөрчилж болдоггүй “ТҮҮХ” билээ. Түүхийг мэдээж “бэлэн жор” хэмээн ойлговол юу ч биш болдгийг бид мэддэг болов. Түүх бэлэн жор биш. Уран зохиол ч түүх биш. Ийм л зөрүүтэй гаргалгаанаас уран сайхны ертөнцийн учир битүүлэг байдал илэрнэ. Чухамдаа философийн талаасаа нэгдмэл зүй тогтлыг эрэлхийлэгч метафизик чанарууд зохиолч Д.Оюунчимэгийн шинэ романы давтагдашгүй тал. “Салхины дотоод тал” гэдэг шиг романы дотоод талд цаг хугацаа бүхэлдээ цул юм. Түүх ч хэзээ ч заадас үл гаргах гинжин хэлхээ юм.
Үнэндээ Д.Оюунчимэгийн органик сэрлүүд бидэнд “Очирт уулын бичиглэл”/2003/-ээс” Тэнгэрийн цаг болоогүй”/2012/ -г мэдээд “Цаг хугацааны заадас”-т амьдран суугааг минь үргэлж сануулах тийм метафизик шинжтэй.
Тэгэхээр эцэстээ ердөө л “МЕТАФИЗИК” мандтугай.
Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг
2015 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр.
Уранбүтээлчид Дашийн Оюунчимэгийн “Оройн ганц мод” романы тухай
Дашийн Оюунчимэгийн энэ роман дотор Оройн ганц мод гэж гардаг. Тэр модны навчин дээр “Чиний асуух гэж байгаагаас эхлээд чиний асууж мэдэхгүй тэр бүх зүйл бичээстэй байдаг юм” гэсэн мөрүүд бий. Тэр мод хүүхдийн сэтгэл шиг тунгалаг навчтай юм гэнэ лээ. Мэдээж өөр бусад навчсан дээр ондоо ондоо зүйл байгаа. Түүнийг сонирхсон хүн энэ романыг уншиж болно. Сэтгэл зүрхний тань нутаг дэвсгэрийн хил хязгаар орон зай, цаг хугацааны тийш тэлэгдэж байгаагаа та бас мэдрэх байх хэмээн найднам.
Төрийн соёрхолт зохиолч Д. Батбаяр
***
Д.Оюунчимэгийн яруу найраг, хүүрнэл зохиолын амин сүнс нь харанхуйгаас гэгээн гэрэл цацруулан гарч ирж, тэнгэрийн цагийг ойртуулж буй нүүдэлчдийн ахуй амьдрал юм. Нүүдэлчдийн ёс суртхуун бол хүн төрөлхтний хамгийн сүүлчийн оршихуй. Энэ аугаа санааг “Оройн ганц мод” романаас олж үзээрэй. Тэр цагт тэнгэрийн цаг ойртоно.
Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Л. Нямаа
***
Дашийн Оюунчимэг шинэ номоо өлгийдөн байгаа нь сайхан мэдээ байлаа, миний хувьд. Яруу найрагч, романч, орчуулагч энэ уран бүтээлчээс уншигчид нь сайтар мартагдсан хуучин гэгддэг шинэ, цоо шинэ роман, уран сайхан, гол нь сайн их сайн бүтээл хүлээж байгааг би мэдэрч байна.
Орчуулагч Ц. Цэнгэл
***
“Ямагт яруу найрагч бай, хүүрнэл зохиол дээр ч” гэсэн Францийн суут найрагч Шарль Бодлерийн сургаал Д.Оюунчимэгийн зохиолуудад ягшмал биеллээ олдог нь гойд сайхан. Үнэхээр гойд гэе.
Яруу найрагч, орчуулагч Б.Баясгалан
***
Дашийн Оюунчимэг шинэ номоо өлгийдөн байгаа нь сайхан мэдээ байлаа, миний хувьд. Яруу найрагч, романч, орчуулагч энэ уран бүтээлчээс уншигчид нь сайтар мартагдсан хуучин гэгддэг шинэ, цоо шинэ роман, уран сайхан, гол нь сайн их сайн бүтээл хүлээж байгааг би мэдэрч байна.
Орчуулагч Ц. Цэнгэл
***
"Оройн ганц роман” нь зохиолчоо Монгол хэлтний хүүрнэл зохиолын нэгэн өндөрлөгт аваачжээ.
Яруу найрагч, судлаач Я.Баяраа
Сэтгэгдэл (1)