

Я.Соронзонболд: Зөрчлийн оноог хэзээнээс тооцохыг Хууль зүйн яам шийднэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Харин жолоочид зөрчлийн оноо тооцох журмыг энэ сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон юм. Энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Я.Соронзонболдтой ярилцлаа.
-Зөрчлийн оноо тооцох журмыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх учиртай. Гэтэл өнөөдрийн байдлаар хэрэгжүүлж эхлээгүй байна. Одоогоор энэ ажил аль шатандаа явж байна вэ?
-Өнгөрсөн оны наймдугаар сарын 28-нд жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг Хууль зүйн сайдын тушаалаар баталсан. Тэгээд тухайн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон. Гэтэл өнөөдрийн байдлаар мөн адил хэрэгжүүлж амжаагүй л байна. Учир нь, хэн нэгэн жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо зөрчил гаргасан үед онооноос нь шууд хасах боломжийг бүрдүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, техник тоног төхөөрөмж бэлэн болоогүй гэсэн үг. Үүнийг Хууль зүйн яамнаас л шийдэх байх. Тиймээс яг хэзээнээс эхэлж, хэрэгжүүлэхийг хэлж мэдэхгүй байна.
-Замын хөдөлгөөнд оролцож байхдаа жолооч ямар нэгэн зөрчил гаргасан тохиолдолд торгуулийн арга хэмжээ авдаг. Жолоочийн гаргасан зөрчлийг оноогоор тооцох ямар давуу талтай вэ?
-Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар ямар нэгэн зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тав, арав зэрэг хувиар тооцож торгуулдаг. Зөрчил гаргасан тухайн жолооч мөнгөтэй л бол хэдэн ч удаа торгуулсан хамаагүй. Жолоо барих эрхийг нь хасахгүй гэсэн үг. Харин жолоочийн зөрчлийг оноогоор тооцож эхэлснээр жолооч замын хөдөлгөөнд сахилга баттай оролцох ёстой. Учир нь ямар нэгэн зөрчил гаргасан тохиолдолд жолоочийн арван онооноос хасна. Өөрөөр хэлбэл, оноо дууссан тохиолдолд жолоочийн машин барих эрхийг хасна гэсэн үг. Ийм хөшүүргийг бий болгож, журмыг баталсан. Уг журамд жолооч нарыг урамшуулах талаар ч тусгасан.
-Тухайн жолооч замын хөдөлгөөнд оролцож байхдаа ямар нэгэн зөрчил гаргасан тохиолдолд оноог нь хасч, бас давхар мөнгөн торгууль ногдуулах уу?
-Тэгнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан болон зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журамд заасан 17 зөрчлийг гаргасан тохиолдолд мөнгөн торгууль ногдуулна. Мөн 1-5 хүртэлх оноог хасна.
-Тухайлбал, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо гаргадаг нийтлэг зөрчил нь суудлын бүс зүүдэггүй. Энэ тохиолдолд хэдэн оноо хасах вэ?
-Жолооч нарын нийтлэг гаргадаг зөрчлүүдийг хэлье. Жишээлбэл, хамгаалах бүс, малгай зүүгээгүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувиар буюу 9200 төгрөгөөр торгож, мөн нэг оноо хасна. Гэрлэн дохио болон цагдаагийн албан хаагчийн хориглосон дохио зөрчсөн үед нэг оноо хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгоно. Харин төмөр замын гарам нэвтрэх журам, тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглахтай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд тус бүр нь гурван оноо хасна. Эдгээрээс гадна нэг зүйлийг жолооч нар буруу ойлгоод байна. Хоёр машин мөргөлдөх ч юм уу, ямар нэгэн байдлаар жолооч зам тээврийн осол гаргасан тохиолдолд хэн нь буруутай гэдгийг тогтоож, түүнээс таван оноо хасна. Үүнийг хоёр жолоочоос хоёулангаас нь тав, таван оноо хасна гэж ойлгоод байна. Зөвхөн буруутай жолоочоос л хасах юм.
-Жолооч зөрчил гаргасан тохиолдолд энэ мэтчилэн оноогоо хасуулаад тэг болоход эрхийг нь хасах юм байна. Энэ нөхцөлд тухайн жолооч эрхээ яаж сэргээлгэх вэ?
-Жолооч эрхээ хасуулсан тохиолдолд тухайн ЦЕГ-ын Лицензийн төвд дөрөв юм уу зургаан цагийн сургалтад сууж, шалгалт өгнө. Ингээд шалгалтад тэнцсэн тохиолдолд арван оноотойгоор эрхийг нь шууд сэргээнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгож, машин жолоодох эрхийг нэг жилээр хасна гэсэн заалт бий. Энэ тохиолдолд оноо ямар ч хамааралгүй. Угаасаа эрхийг нь хасч байгаа учир оноо нь бас тэг болно гэсэн үг. Харин ийм тохиолдолд нэг жилийн дараа сургалтад сууж, шалгалт өгөх ёстой. -Сургалтад суухад төлбөр төлөх үү. Шалгалтад хэдэн удаа хамрагдах боломжтой вэ? -Жолооч нар энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Лицензийн төвөөс аваарай.
-Жолооч нарыг урамшуулах талаар журамд тусгасан гэж ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Жишээлбэл, би машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад энэ сарын 20-нд зөрчил гаргаж, торгуулиад мөн нэг оноо хасуулаад есөн оноотой боллоо гэж бодъё. Тэгвэл дараа жилийн нэгдүгээр сарын 20 хүртэл дахиж ямар нэгэн зөрчил гаргаагүй тохиолдолд хамгийн сүүлд хасуулсан нэг оноог автоматаар буцааж нэмнэ. Өөрөөр хэлбэл, тухайн жолооч хэдэн ч оноотой байсан хамаагүй, осол гаргаад таван оноогоо хасуулсан тохиолдолд жилийн дараа энэ оноогоо л буцааж авна гэсэн үг.
-Хамгийн сүүлд зөрчил гаргаад түүнээс хойш нэгээс дээш буюу хоёр, гурван жилийн хугацаанд тухайн жолооч ямар нэгэн зөрчил гаргаагүй тохиолдолд яах вэ?
-Ийм тохиолдолд хэдэн ч оноотой үлдсэн хамаагүй автоматаар арван оноотой болно. Тухайн жолооч ямар нэгэн байдлаар зөрчил гаргасаар байгаад оноогоо хасуулаад нэг оноотой үлдээд түүнээс хойш нэг ч удаа зөрчил гаргахгүй хоёроос дээш жил болсон тохиолдолд нэмэгдэнэ гэсэн үг. Зарим жолооч “Зөрчил гаргахгүй хоёр жил болбол миний оноо20 болох уу” гэж асуудаг. Энэ бол буруу ойлголт. Онооны дээд хэмжээ арав. Үүнээс хэтрэх боломжгүй.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд жолооч нар ямар зөрчлийг нийтлэг гаргаж байна вэ?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувиар торгоно” гэж заасан. Энэ бол өөр заалт. Учир нь, жолооч тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, шаардлагатай бол ачааны дагалдах бичиг баримтаа биедээ авч явах үүрэгтэй. Гэтэл жолооч “Мартчихсан байна. Гэртээ үлдээсэн” гэсэн хариулт хэлдэг. Ийм байдлаасаа болж, өнөөдрийн байдлаар 48000 төгрөгөөр торгуулж байна. Үүнийг жолооч нар хүлээн зөвшөөрдөггүй.