

Өнгөрсөн сарын 31-ний өдөр батлан даалтад гараад байсан ЭМС-ийн сайд асан Г.Шийлэгдамбыг өнөөдрөөс эхлэн ажлаа хийхэд хуулийн хориг байхгүй гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын, Хууль эрхзүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ хэллээ.
Тэрбээр "Хуулийн дагуу Засгийн газрын гишүүдийг УИХ томилж, чөлөөлдөг. Одоогоор Эрүүл мэнд, спортын сайдыг УИХ үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй байгаа. Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нөхөн томилох асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр хуульчилсан.
Тиймээс 30 хоногийн хугацааг тоолж эхлээгүй байгаа учраас Г.Шийлэгдамба сайд ажлаа өнөөдрөөс эхэлж хийж болно гэсэн үг. Харин түүнийг цагдан хоригдож байх хугацаанд Эрүүл мэнд, спортын сайдын албан үүргийг түр хариуцаж байсан Ц.Оюунбаатар өнөөдрөөс /өчигдрөөс/ эхлээд дангаар шадар сайдын ажлаа хийж болно.
Бүр тодруулж хэлбэл, гэмт хэрэгт шалгагдаж, ажлаасаа түр чөлөөтэй байгаа Г.Шийлэгдамба өөрөө хүсэх юм бол өнөөдрөөс эхэлж ажлаа хийнэ гэвэл хуулийн хориг байхгүй” гэсэн юм. Тэрбээр хоригдож байхдаа албан тушаалаасаа огцрох өргөдлөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн ч түүний оронд үүрэг гүйцэтгэгч томилж, сайдын суудлаас нь албан ёсоор огцруулаагүй юм.
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл (1)