”Хандивын хэмжээг 1-3 сая төгрөг байсныг 5-15 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн”

         "Хандивын хэмжээг 1-3 сая төгрөг байсныг 5-15 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн"

Сонгуулийн тухай хуулийг УИХ-аас өнгөрөгч Баасан гарагт баталсан билээ. Уг хуулийн талаар Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Р.Бурмаа нар мэдээлэл хийлээ. 

Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакей "УИХ өмнөх сонгуулиас авсан сургамж, алдаандаа үндэслэн сонгуулиас сонгуулийн хооронд хуулиа боловсронгуй болгосоор ирсэн. Энэ удаад УИХ-д суудалтай намууд болон нам, эвслийн бүлгүүдийн зөвшилцлийн үндсэн дээр шинэ оны босгон дээр Сонгуулийн тухай хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцэж баталсан" хэмээн хэвлэлийн бага хурлын эхэнд онцлов.

Тэрбээр "Сонгуулийн тухай хуульд зарчмын шинжтэй хэд хэдэн томоохон өөрчлөлт орсон. Тухайлбал:

УИХ-ын сонгуулийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамт явуулахаар шийдвэрлэсэн нь зардал хэмнэх, нөгөө талаар улстөржилтийг багасгах ач холбогдолтой юм. 
Өмнө нь тус тусдаа зохицуулалттай байсан Улсын Их Хурлын, Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохицуулахаар боллоо. 
Түүнчлэн сонгогчдын саналын хуудсыг зөвхөн автомат машинаар тоолдог асуудал нь олон нийтийн дунд хардалт сэрдэлт төрүүлж, улс төрийн намууд шүүмжлэлтэй хандаж байсан. Тиймээс намуудын зөвшилцлийн үр дүнд сонгуулийн хэсгийн хороодын 50 хүртэл хувьд техникийн тооллого хийхээр зохицуулж өгсөн зэргийг дурдлаа.
С.Бямбацогт "Сонгуулийн хуулийн нэгдсэн ажлын хэсэг Р.Бурмаа нарын гишүүдийн хуулийн төсөл дээр суурилж явахаар ойлголцож, гурван хуулийн төслийг нэгтгэж өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж баталлаа. Ажлын хэсгийн хүрээнд хувь тэнцүүлсэн тогтолцооны сонгуульд нэр дэвшигчдийг бүсчилсэн байдлаар нэр дэвшүүлэх хувилбар яригдаж байсан ч улс төрийн намууд шүүмжлэлтэй хандаж байсан тул зөвшилцөл хийснээр өмнө нь байсан 48:28 гэсэн тогтолцоо буюу 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаар сонгогддог тогтолцоог хэвээр үлдээсэн.

Гэхдээ энэ удаад гарсан дэвшил нь сонгогч намын нэр дугуйлахдаа хүнээ харж сонголтоо хийх боломжтой болгосон. Өөрөөр хэлбэл, аль намаас ямар хүмүүс жагсаалтаар нэр дэвшсэн талаарх нэрсийн жагсаалт бүхий хуудсыг хэвлэж сонгогчдод тарааж өгөх юм"

Р.Бурмаа "Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн үйл ажиллагааны процессыг илүү нарийвчлан зохицуулж, сонгуулийн ажиллагаа нь сонгогчдод ойлгомжтой, хяналттай, шударга, ил тод байхад чиглэсэн зохицуулалтыг тусгаж өгсөн. Сонгуульд саналаа өгөхөөс бусад бүх үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл, сонгуулийн төв байгууллага болон тойрог, хэсгийн хороодын үйл ажиллагаа, улс төрийн намуудын болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн зарцуулалт, тайлагналт сонгогчдод ил тод байхаар зохицуулсан.

Түүнчлэн хэсгийн хороодын 50 хүртэл хувьд техникийн тооллого хийх үед техник хэрэгсэл ашиглан тооллогын явцыг дэлгэцэээр харуулж баримтжуулах, мөн нэр дэвшигчдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг байлцуулж ил тод явуулах юм.
Нөгөө талаар сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлд их анхаарсан. Мөнгөний зарцуулалтыг аль болох багасгах, улсын төсвөөс мөнгө хөрөнгө гаргахгүйн тулд нэр дэвшигчдийн сурталчилгааны плакат, зурагт хуудсыг гудамж, талбай дахь сурталчилгааны самбарт үнэ төлбөргүй тавих зохицуулалт хийсэн.

Мөн нэр дэвшигчдэд өгөх хандивын хэмжээ өмнө нь иргэн 1 сая, хуулийн этгээд 3 сая байсныг шинэ хуулиар иргэн 5 сая, хуулийн этгээд 15 сая хүртэл төгрөгийн хандив өгч болохоор зохицуулсан. Түүнчлэн сонгуульд нэр дэвшигч хувь хүн өөрөө хууль ёоор олсон орлогоосоо сонгуульд зарцуулж, түүнийгээ тайлагнахаар болж байгаа. 

Өөр нэг зохицуулалт нь сонгуулийн маргаан шийдвэрлэх хугацааг аль болохоор багасгаж, шуурхай шийдвэрлэхэд анхаарсан. Энэ хуулиар сонгуулийн маргаан дээд тал нь 60 хоногийн дотор шийдвэрлэгдсэн байх юм. Түүнчлэн сонгуультай холбогдсон хуулийн нэр томьёог нэг мөр болгож цэгцэлсний зэрэгцээ сонгулийн төв байгууллагын эрх, үүргийг нарийвчлан зохицуулж өгсөн гэдгийг хэллээ.
Мөн УИХ-ын гишүүн А.Бакей "Өмнөх хуулиар орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшүүлдэг байсныг өөрчилж, 100 хувь мажоритор тогтолцоогоор явагдахаар болгосон.
 

Түүнчлэн төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвших бол 3 сарын өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болж байгаа.

Харин төрийн үйлчилгээний жирийн албан хаагчид үндсэн үүрэгт ажлаа хийж байгаад сонгуульд нэр дэвших боломжтой гэдгийг нэмж хэллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.