ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭРХ ЭРХЭМ САЙН ҮЙЛС

                            ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭРХ ЭРХЭМ САЙН ҮЙЛС 
                                     /Монгол хүн Монгол хүнээ хайрлая/
Жавзандамба Хутагт Төв УБ хотын хамгийн чинээлэг хүмүүс амьдардаг Зайсан толгойн урдах уулын бэлд буусан 1-16 насны 5 хүүхэдтэй нэгэн айлд түлээ нүүрс, хоол хүнсний туслалцаа үзүүлж, халуун сэтгэлийн дэм өгч, сайн үйлсэд шамдлаа.

Монгол орны эдийн засгийн хямрал нийгмийн бүх давхаргыг хамарч байгаа нь ил тод байна. Тус айлын нөхөр нь олдсон ажлаа хийвч цалин авах нь ховор. Эхнэр нь 3 бага хүүхдээ аваад орцны жижүүр хийсэн боловч хэтэрхий жижиг өрөөнд хүүхдүүд нь хичээлээ хийх боломжгүй, дэндүү тав тухгүй тул "бор гэртээ богд, хар гэртээ хаан" гэгчээр гэртээ эргэн иржээ.

Биднийг портер нүүрс, бага сага хоол хүнсний зүйл, хүүхдүүд нь шинэ жилийн бэлэг аваачиж өгөхөд өвлийг давахтайгаа боллоо гээд баярласан гэж жигтэйхэн. Хүний амьдралд өгсөж, уруудах тохиолдол зөндөө л гарах юм. Ямартай ч сургуулийн насны 4 хүүхдээ сургууль завсардуулахгүй, хичээл ном, боловсролд нь анхаарч байгаа нь тун сайшаалтай.

                                                     ТАЛАРХАЛ:

Манай Жавзандамба Хутагт Төвийн энэ удаагийн хүмүүнлэгийн аяны өглөгийн эзэн болсон "МАКС" группын ерөнхий захирал Д. Цэрэнжигмэд болон тус компанийн ажилчид хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлээд ажил хөдөлмөрийн өндөр их амжилтыг хүсэн ерөөе.

                  ОЛУУЛАА ХИЙСЭН БУЯН ХҮЧТЭЙ БӨГӨӨД ШАМШИГДДАГГҮЙ.

              Бурханы шашны амин мод бол энэрэл асрал, бусдад туслахуй юм.

2011 оноос нийтэд зориулсан үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас бидэнтэй хамт байж, манай Төвийн үйл ажиллагааг дэмжиж, нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлдэг "Хорих анги" "Өвчтөнийг асрахуй" төслүүд болон сар болгоны сайн үйлсийн аянд маань өглөг хандив өргөсөн, гар бие оролцож тусалсан, сэтгэл зүрхээ зориулсан үе үеийн өглөг хандивын эздүүд, анхан дунд шатны сургалтад хамрагдсан бүхий л насны бүх хүмүүсдээ маш их баярлалаа.

2011 оноос хойш Жавзандамба Хутагт Төв та нартайгаа хамтран нийгмийн хариуцлагыг хамтдаа үүрэлцэж, нийгмийн болон хүмүүнлэгийн олон олон бахдам сайхан үйлсийг бүтээжээ. 

Та нар бол сайн үйлсийн эздүүд, сайхан сэтгэлт баатрууд, Монгол орноо, Монгол хүнийг хайрлагчид билээ.

Та нартаа мөн Монголын бүх ард түмэнд шинэ оны мэнд хүргэе. Сайхан баярлаарай.

Ирж буй шинэ ондоо улам их сайн үйлсийг бүтээж, улс эх орноо хөгжөөн мандуулахын ерөөл талбия.

                                       Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

                                           ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.