Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хугацааг сунгахыг дэмжлээ

     Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хугацааг сунгахыг дэмжлээ

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Засгийн газраас өчигдөр өргөн барьсан уг хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцсэн юм. Учир нь энэ оны наймдугаар сарын 7-нд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжих хугацаа энэ сарын 31-нд дуусгавар болно. Тиймээс  хуулийн үйлчлэх хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр болгон өөрчлөхөөр өргөн барьсан хуулийн төсөлд тусгасан байна. 

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улаан “Хугацааг хоёрдугаар сарын 20-н бус, хоёрдугаар сарын 15-наар тогтоох нь зөв. Ингэхгүй бол бусад хуультай зөрчилдөж болзошгүй. Хуульд зааснаар 20-нд аудитын дүгнэлтэд шилжүүлсэн байх ёстой, дээр нь тайланг 15-наар эцэслэдэг тул энэ хугацаанд нь багтаах хэрэгтэй. Ингэхгүй бол хоёрдугаар сарын 17-нд хуулийн этгээдээс тайлан хүрээд ирдэг. Түүнтэй холбоотойгоор тайлангаа дахин өөрчлөх асуудал тулгарч ажил сунжирна. Тиймээс хоёрдугаар сарын 15-наар хязгаарлах нь зүйтэй” гэсэн санал гаргасан. 

Ингээд тус байнгын хорооноос татварын өршөөлийн хуулийн хэрэгжих хугацааг сунгахыг дэмжлээ. Харин үйлчлэх хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 15-н уу, 20-н уу гэдгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн батална.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.