
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Танаа
Ил захидал Улаанбаатар хот 2012-12-18
Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч та 2015 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 24 намаас 12-ыг нь сонгон урьж, Сонгуулийн тухай хууль, Улстөрийн намын тухай хуулийн асуудлаар санал солилцжээ. Таны шалгуурт тэнцээгүй ч, танаас шинэ жилийн мэндчилгээ сонсоогүй ч, тантай дурсгалын зураг татуулаагүй ч улстөрийн байр сууриа илэрхийлэх нь бидний эрх, үүрэг мөн гэж үзнэ.
1. Ерөнхийлөгч та сонгуулийн тооллогыг хар машинаар явуулахыг дэмжиж байгаа ажээ. Дэлхийн 200 гаруй орноос 30 нь сонгуулийн автоматжуулсан системд орсноос 18 улс гар тооллогод эргэн шилжсэн бөгөөд техник технологийн өндөр хөгжилтэй Герман, Голланд, Ирланд, Итали, Их Британи, Швед, Австрали, Япон зэрэг нь автоматжуулсан системийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай баттай баримт байсаар байтал дэлхий нийтээрээ хар машин руу хошуурч буй мэт дэгс яриа дэгдээж, тархи угааж байгааг тань жигшиж байна.
Ухаалаг гээд хар машиныг дэмжихийг тань мэдэж байгаа боловч шилэн сонгуулийг яагаад эсэргүүцээд байгааг тань ойлгохгүй байна. Гараар тоолохоор долдугаар сарын 1 давтагдана гэж айлгах мөртлөө Америкт сервертэй, нууц соорстой автомат хар машинаар харанхуй сонгуулийг хоёр дахь удаагаа явуулахад ард түмэн нүдээ аниад өнгөрнө гэж итгээд байгаад тань гайхширч байна.
Та хэнбугай ч хууль дагаж мөрдөхийг шаарддаг атлаа сонгуулийн автоматжуулсан систем хэрэглэх эсэхийг намуудын зөвшилцлөөр шийдвэрлэх тухай хуулийн заалтыг өөрөө үл тоомсорлож байгаа тань төрийн тэргүүнээс гарамгүй үйлдэл мөн. Ард түмэн хаан гэж хошгируулах бүрт чинь хөөрч итгэдэг ард иргэд ганц удаа хар машины үр дүнг давхар тоолоод баталгаажуулаад өгөөч гэхэд нь хайхрахгүй байхыг тань тэвчмээргүй байна.
2. Ерөнхийлөгч та Улс төрийн намын тухай хуулийн зарчмын асуудлаар буулт хийжээ. Африкийн Гана улсын хуулиас туршлага авсан таны хуулийн төсөл анхнаасаа намуудын дэмжлэг хүлээгээгүй. Бодлогын нам болгоно гээд 31 хүн бодлого тодорхойлох, хяналтыг чангаруулна гээд Сонгуулийн ерөнхий хороо нам бүртгэж, татан буулгах, үзэл санааг төлөвшүүлнэ гээд 3001 хатуу гишүүнийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт нэг бүрчлэн бүртгэж хянах, орон нутгийг намын талцлаас салгана гээд 170 гаруй сум, суурин, хүн амыг ялгаварлан гадуурхах, хариуцлагыг сайжруулна гээд иргэн, улстөрийн намыг 2-10 сая хүртэл төгрөгөөр торгох зэрэг улстөрийн эрх, эрх чөлөөг дордуулсан, эвлэлдэн нэгдэх эрхийг үнэгүйдүүлсэн, олон намын тогтолцоог бусниулсан зүйл, заалтуудыг бид тууштай эсэргүүцсэн.
Хууль санаачлах эрх бүхий Ерөнхийлөгч та ийм хөнгөн хуумгай төсөл санаачилж, нийгмийг талцуулсанд бид харамсаж байсан бөгөөд улстөрийн явцуу эрх ашигтаа нийцүүлж хуулиар наймаалцаж буй тань төрийн бодлого эрх мэдэлтний тоглоом болсныг харуулж байна. Ийнхүү таны сэтгэлийг чилээсэндээ хүлцэл өчихийн зэрэгцээ К.Попперийн "Увайгүй эрх баригчдаасаа цус урсгахгүй салахыг ардчилал гэнэ” гэсэн санааг нэмж хэлье. Ганцхан удаа шударга сонгууль явуулахад ард түмэнтэйгээ цуг байгаач гэж Танд уриалъя.
Танд шинэ оны мэнд дэвшүүлье.
Иргэний Хөдөлгөөний Нам
Эх Орончдын Нэгдсэн Нам
Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
Хөгжлийн Хөтөлбөр Нам
Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам
Сэтгэгдэл (1)