

Д.Хаянхярваа: Эрх баригчид бидний шаардлагыг хүлээж авна гэдэгт найдаж байна
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа
-МАН одоогоор хэчнээн асуудлаар завсарлага аваад байна вэ. Өмнө нь цөөнгүй асуудлаар завсарлага авсан атлаа дахиад Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлаас завсарлага авч байгааг санал гаргахтай зэрэгцээд Ардын нам төрийн ажлыг гацааж байна гэж хүчтэй шүүмжилж эхэллээ л дээ?
-Ажил гацаалаа гэх шүүмжлэлийг бид хүлээж авахгүй. Хамгийн гол нь ийм нөхцөлийг хэн бүрдүүлхэв гэдэгт л асуудал байгаа юм. Хүмүүс бидний байдлыг ажил хаях, гацаах гэх мэтээр нэрлэж байна л даа. Гэтэл энэ чинь бидэнд хуулиар олгосон л эрх шүү дээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нам, эвслийн бүлгүүд завсарлага авах эрхтэй гэж бий. Бид үүнийхээ хүрээнд л завсарлага авч байгаа. Бидний завсарлага авсан хугацаа өчигдөр / өнгөрсөн пүрэв гариг/ дууссан ч УИХ- ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд олгодог гурав хоногийг өгөхгүй гээд асуудлуудаа хэлэлцээд л явсан. Ингээд дэгээрээ л явж байгаа. Өнөөдөр /өнгөрсөн баасан гариг/ бид Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын заримаас завсарлага авъя гэсэн. Гэхдээ энд хамгийн гол нь ирц бүрдүүлэх талд ихээхэн учир дутагдалтай байна. Жишээлбэл, би өнөөдөр /өнгөрсөн баасан гариг/ Төсвийн байнгын хорооны хуралдаанд ирцээ бүрдүүлэхийг шаардсан. Өөрөөр хэлбэл, хүний карт хийж, зохиомлоор ирц бүрдүүлж, хурал хийж, хууль зөрчдөг байдал газар авчихлаа.
Ингэж болохгүй гэдэг шаардлагыг л би тавьсан. Ер нь төрийн ажлыг хуулийн хүрээнд явуулаад сурчих юмсан гэдэг үүднээс л ингэж хандсан хэрэг. Гэхдээ мэдээж завсарлагын үндсэн шалтгаан нь Сонгуулийн хуультай л холбоотой шүү дээ. Нэг ёсондоо энэ бол аль ч улсад байдаг л улс төрийн акци. Олон түмэн хамгийн их хүлээж, шүүмжилж байгаа, хамгийн их маргаантай байгаа энэ хуулийг тодорхой төвшинд зөвшилцсөн. Парламентад суудалтай, суудалгүй намууд, олон түмнийхээ үгийг сонсоод энэ хуульдаа боломжтой өөрчлөлтүүдийг хийгээд явъя л гэж байгаа.
-Эрх баригчид хүний карт хийж ирц бүрдүүлээд байна гэсэн. Гэтэл ингэж хүний өмнөөс картыг нь хийгээд асуудал шийдчихвэл сүүлд нь гарах хариуцлагыг хэн хүлээх юм бэ?
-Уг нь хууль гаргачихаад түүнийгээ хэрэгжүүл гэж шаардах эрхтэй субьект нь бид өөрсдөө юм шүү дээ. Гэтэл өөрсдөө хуулиа зөрчөөд байгаа нь яавч сайн үзүүлэлт биш шүү. Сүүлийн үед УИХ дээр Дэгийн тухай хуулийг зөрчих байдал газар авчихлаа. Энэ нь нэг талаасаа энэ парламентад зөвшилцөл байхгүй болсонтой холбоотой. Нөгөө талаас гишүүдийн хариуцлага суларч байгаатай ч холбоотой. Улс төрийн хүчнүүд хаана хаанаа хариуцлагатай байх, хуулиа сахиулж ажиллах талд анхаарах хэрэгтэй болсны л илрэл.
-Сонгуулийг хууль дээр зөвшилцөх талд нааштай хандлага байна уу?
-Яахав өнөөдрөөс /өнгөрсөн баасан гариг/ зөвшилцөлд хүрэх анхны хандлага гарч байгаа юм шиг байна. Тэгэхээр цаашдаа зөвшилцөөд хуулиа батлаад явбал он дуустал ямар нэгэн асуудалгүйгээр ажлаа хийгээд явна гэж ойлгож байна.
-Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч өргөн барих гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор намын дарга нартай уулзаж, зарим заалтад буулт хийснээ хэлсэн. Ер нь Ард нийтийн санал асуулга юм уу эсвэл Ерөнхийлөгчийн өргөн барих Улс төрийн намын тухай хууль гэх мэтээр эрх баригч нам барьцаалсан зүйл байна уу?
-Тэгж барьцаалсан зүйл ерөө- сөө байхгүй. Ер нь Ерөнхийлөгч намын дарга нартай уулзахдаа Улс төрийн намын болон Сонгуулийн тухай хуулиудыг урагшлуулах чиглэлээр ярьсан гэж ойлгож байгаа. Түүнээс үүнийг баталбал энийг ингэнэ гэх мэтээр барьцаа байхгүй.
-Тэгэхээр гишүүнээ Сонгуулийн хууль үнэхээр ингэж олон хоногоор завсарлага авах чухал хууль мөн үү. Танай бүлгийн завсарлагыг эрх баригчид мушгиж тайлбарлаад, хууль тогтоох үйл ажиллагааг гацаалаа гээд байгаа учраас ингэж асууж байна л даа?
-Сонгуулийн хуулийг чухал биш гэж хэн хэлэх юм бэ. Энэ хууль бол дараагийн төр засгаа бүрдүүлэх хамгийн гол үндсэн хууль шүү дээ. Тэгэхээр энэ хууль хэдий чинээ шударга, олон түмний хүсэн хүлээгээд байгаа шаардлагыг тусгасан байна, төдий чинээгээр сонгуулийн дараа гарах үр дагавар нь эерэг талдаа байна гэдэгтэй хэн ч маргахгүй. Тийм болохоор Сонгуулийн хууль маш чухал гэдгийг дахин хэлье.
-Сонгуулийн хуульд үнэхээр өөрчлөлт оруулах хэрэгтэй, тэр дундаа хар машины тооллогыг маргаангүй болгох ёстойг улс төрийн хүрээнийхэн мэдэж байгаа ч АН-ынхан танай намын акцийг улстөржүүлээд гол асуудлаа ярилгүйгээр МАН завсарлага авч, бүх ажлыг гацаалаа гэдэг мессежийг хүчтэй өгөөд, үнэхээр ч гадаад орчинд төдийлөн улс төр сонирхдоггүй хүмүүс нээрэн ингэж удаан завсарлага аваад, ажил гацаагаад байгаа юм байна гэж ойлгоод байна л даа?
-Сонгуулийн хуульд бидний яриад байгаа гол асуудал нь автомат тооллого буюу хар машин юм. Ерөөсөө хаана ч очоод иргэдтэй уулзсан “Хар машины дүнг дахин тоолох хэрэгтэй, үүнд итгэхгүй байна” л гэж байгаа. Гэтэл АН-ынхан тайлбарлахдаа “Ардын намынхан турхирч байгаа болохоос иргэд хар машинд итгэж байгаа” гээд байгаа юм. Гэтэл нэгэнт хар машинаар саналаа тоолуулаад сонгуульд оролцчихсон хүмүүс бид өөрсдөө байгаа учраас турхирна гэж юу байхав дээ. Ерөөсөө л ард түмний шаардлагад нийцүүлэх гэж яваад байгаа нь л энэ. Энэ хар машинд эргэлзээ төрүүлээд байгаа нэг зүйл нь АН-ынхан гар тооллогыг хүлээн зөвшөөрөхгүй айгаа явдал. Үнэхээр л найд- вартай юм бол гараар тоолоод баталгаажуулъя л гэж байгаа юм шүү дээ. Түүнээс бид хар машиныг хэрэглэхгүй гэж огт хэлээгүй. Гар тооллогоо хийгээд баталгаажуулчихъя гэхээр АН- ынхан “Үгүй” гэж зүтгээд байгаа юм. Тэгэхээр үүний чинь цаана итгэлтэй байгаа юм бол юунд нь эсэргүүцэж, тас зөрөөд байгаа юм гэдэг асуулт гарч ирнэ биз дээ. Хоёр дахь эргэлзээ нь хар машины нууц код, программ хангамж нь АНУ-ын нэг компанийн өмчлөлд байдаг. Бид энэ машины программ хангамжийг үзэх эрхгүй байгаа нь эргэлзээ төрүүлээд байна. Болж, бүтэхгүй юм байгаа эсэхийг нь шалгаж, хардах эрх хэн бүхэнд бий.
Харин энэ эргэлзээг тайлах ганц зам нь давхар хяналтын тооллого. Нөгөө талаар бас нэг зүйл нь хар машинаар тоолж байх явц дундуур мэдээлэл өгөх боломж байна гэж мэдээлэл технологийн салбарынхан хэлээд байна. Тиймээс л энэ бүхнийг нягталж, гар тооллого давхар явуулъя гээд байна шүү дээ. Ингэж хяналтын тооллого хийе гэдгийг ганц манай нам биш улс төрийн 21 нам нийлж нэгдээд хэлээд байгааг бодолцох хэрэгтэй биз дээ. Ерөөсөө ийм л зүйлд ойлголцчих байтал АН- ынхан улам хардлага төрүүлээд мугуйдлаад зүтгээд байх хэрэггүй юм.
-Хар машины эх код АНУ-ын мэдэлд байдаг гэх ноцтой мэдээлэл ил боллоо. Гэтэл өмнө нь гаднын улсын мэдэлд энэ машины эх код байдаг гэдгийг мэдэх боломж байгаагүй юм уу. Одоо мэдсэнийхээ дараа энэ байдлыг өөрчилж, манай улс хар машинаа зуун хувь өөрсдөө мэддэг болох боломж байна уу?
-СЕХ-ны дарга, нэг хэлтсийн даргатайгаа ирж, манай бүлэгт мэдээлэл өгөхдөө эцсийн үнэн мэдээллийг өглөө шүү дээ. Энэ үеэр л “Хар машины эх код АНУ- ын компанийн мэдэлд байдаг, бид өөрийн мэдэлд бүрэн авах эрх, боломжгүй” гэсэн хариултыг өгсөн. Түүнчлэн СЕХ-ны дарга бол ”Бид ч гэсэн хар машины тооллогыг давхар гараар тоолох саналыг байнга хүргүүлж байгаа. Гараар тоолоход татгалзах зүйлгүй” гэдгийг хэлсэн. Тийм болохоор л бид энэ шаардлагыг тавьж байгаа. АН эрх баригч хүчнийхээ хувьд бидний шаардлагад нийцүүлж, тодорхой буулт хийгээд Сонгуулийнхаа хуульд өөрчлөлт оруулаад, төрийн ажлыг цааш нь хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангаж өгөх байх гэдэг итгэж байгаа.
-Сонгуулийн гурван ч хуулийн төслийг нам, эвслийн бүлгээс өргөн барьсан. Эдгээрийг нэгтгэх ажлын хэсгийн ажил ер нь ямар шатандаа байна вэ. АН-ынхан чуулган дээр ярихдаа танай намынхныг ажлын хэсгийн хуралд ирэхгүй байна гээд байсан шүү дээ?
-Худлаа. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Сон- гуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч нь өөрөө эзгүй байна. Нэг бол хөдөө томилолтоор явчихдаг, нөгөө бол гадагшаа явчих жишээний. Ийм нөхцөлд яах юм, Японд хуралдах юм уу. Ажлын хэсгийн дарга нь ирээд хурлаа зарласан тохиолдолд манайхан хуралдаа оролцоход бэлэн л байгаа шүү дээ. Хэлэлцээд явах нь хамгийн чухал байна. Тэгээд яахав санал зөрүүтэй асуудал гарвал зөвшилцөөд л явах ёстой. Нэг зүйлийг хэлэхэд, Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг гишүүдийн 80 орчим хувь нь зөвшөөрөөд дэмжчихсэн. Гэтэл хэлэлцэх эсэхийг нь дэмжчихсэн асуудлыг оруулахгүй байгаа нь хамгийн сонирхол татаад байгаа юм. Энэ чинь бас л улс төрийн хүрээнд ужиг болоод байна. Хуулийг хэлэлцье гээд байхад л УИХ- ын дарга хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байна гэдэг чинь биднийг эсэргүүцлийн хэлбэрт шилжих нөхцөлийг бүрдүүлээд байна шүү дээ.
-Хэдийгээр танай намынхан завсарлага авсан ч эрх баригчдад ирцээ бүрдүүлээд ажлаа явуулах боломж бий. Гэтэл ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа нь танай намын завсарлагыг дөвийлгөх гээд байгаа хэрэг үү эсвэл АН- ын удирдлагууд гишүүдээ хуралд нь ирүүлж чадахаа больчихсон юм уу?
-АН-ынхны байгаа төрх л тэр. Ямар ч үед эд нар өөрсдөө ирцээ бүрдүүлээд явах боломжтой. Гэтэл биднийг хуралд ирэхгүй, завсарлага авчихаар ирцээ бүрдүүлж чадахгүй байна гэдэг чинь АН-ын нийгэмд харагдаж байгаа л тусгал.
-Сонгуулийн хуулийг хэлэлцэж батлахад ганцхан долоо хоногийн хугацаа үлдлээ. Хэдий бага хугацаа ч хуулийг хэлэлцэж батлах нь хоёрхон цагийн л ажил гэх хүн ч байна. Цаашлаад улс төрийн намуудын төлөөллийг хэсгийн хороонд ажиллуулах, тогтолцоо гэх мэттэй холбоотой саналыг алгасаад зөвхөн хар машины саналыг гараар тоолох санал оруулчихвал болно гэж МАН үзэж байна гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болохгүй. Бидний тавьж байгаа шаардлага хэвээрээ байгаа. Ажлын хэсгийнхэн уулзаж ярилцахад энийг нь хүлээж авч болно, үүнийг нь болохгүй гэх мэтээр ярьсан ухаантай юм. Тэгэхээр ерөөсөө ганцхан хар машин дээр дөрөөлөөд хуулийг хэлэлцэхгүй гээд байдаг нь л буруу. Яахав нам, эвслүүдээс ирсэн саналыг харж ярилцаж байгаад л зөвшилцөнө. Үүндээ хүрчихвэл Ж.Энхбаяр гишүүний хэлээд байгаачлан хэдхэн цагийн л ажил шүү дээ. Одоо бол Сонгуулийн хуулийг бүхэлд нь өөрчилж чадахгүй учраас гарсан саналууддаа тохиролцоод явах нь л чухал байна.
Сэтгүүлч М.Өнөржаргал