Сүм, хийдүүдийг “Монгол орны хүрээ хийдүүдийн жаяг”-ын дагуу ажиллахыг уриалав

  Сүм, хийдүүдийг “Монгол орны хүрээ хийдүүдийн жаяг”-ын дагуу ажиллахыг уриалав

Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын ээлжит хуралдаан болжээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн төлөөлөл болон 21 аймаг, Улаанбаатар хот дахь дүүргүүд, уламжлалт томоохон хийдүүдийн тэргүүн лам нар уг зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг аж.

Энэхүү хурлыг нээж МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц үг хэлсэн бөгөөд уг хуралд Да лам Х.Бямбажав, Тэргүүлэгч, гавж Д.Лувсанжамц, Ерөнхийлөгчийн шашны бодлогын зөвлөх н.Батаа нар хүрэлцэн ирсэн байна.

Уг Тэргүүн лам нарын зөвлөл нь Монголын Бурханы шашны бодлого, хэтийн төлөв, бие даасан байдал, эв нэгдэл, шүтэн бишрэх эрх, эрх чөлөөг дээдлэн хангахад чиглэгдсэн Монголын Бурханы шашны эрх барих дээд байгууллага юм.

Энэ удаагийн хуралдаанаар “Монгол орны хүрээ хийдүүдийн жаяг цааз, холбогдох дүрэм журамууд”, “Бурханы шашны хийд оронд тавих шаардлага” байгууллагын стандартыг хэрэгжүүлэх талаар ярилцаж байна.

Өнөө цагт Бурханы шашны хурал номын газрууд нь чиглэл зорилгод нийцсэн нэр, бүтэц, шашны чанартай сургалт, боловсрол, ёс зүйтэй лам хуврагууд, тохилог үзэмжтэй сүм дугана, сүсэгтэн олонд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаа билээ.

Мөн нийгэмд үзүүлэх халамж, үйл ажиллагаагаа жигд явуулах эдийн засаг, сургалтын суурь баазтай байх зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд уг стандарт ихээхэн нэмэр үзүүлнэ хэмээн лам хуврагууд үзэж байна.

       Бурхны шашны хийдэд тавигдах стандартыг хэрэгжүүлэх талаар ярилцав 

Дээрхийн гэгээнтэн Далай багшийн айлдсан “Монгол орны хүрээ хийдүүдийн жаяг”-ын ёсоор сүм хийдүүд ажиллахыг уриалж байна. Уг жаяг нь лам хуврагуудын дагаж мөрдөх долоон зүйл, орчин цагт нийгмийн сайн сайхныг бүтээн цогцлооход оролцох зүйл заалтыг нэмсэн найман зүйл бүхий ерөнхий цааз бичиг юм байна.

Эл жаягт үндэслэн “Төр сүм хийдийн харилцааны хууль”, “Монгол Улсын Үндсэн хууль”, бусад хууль дүрмүүд, уламжлалт жаяг, өнөөгийн нөхцөл байдалд уялдуулсан Монгол орны хийд орны нийтлэг дүрэм, лам хуврагуудын хурал ном, үйл ажиллагааны дотоод журам, Тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын дүрэм, хурлын дэг, ёс зүйн журам зэргийг мөрдөж ажиллахаар болж байгаа ажээ. Энэ удаагийн хурал Мэдээлэл сүлжээ холбоо компаний “Онлайн хуралдааны танхим”-д боллоо. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.106.160)
    ГАНДАН ХИЙД ОДОО НЭГ ДЭГ ЖАЯГАНДАА ОРЖ БУСАД ХУУРМАГ ЁС ЗҮЙГҮЙ СҮМ ХИЙДИЙГ ЖУРАМЛАХ ХЭРЭГТЭЙ
    2015 оны 12 сарын 20 | Хариулах