

Ч.Сайханбилэг: 6.1 их наяд төгрөгийн орлогыг ил болгоод байна
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын засгийн газар эдийн засаг, татварын орчныг сайжруулах зорилгоор татварын шинэчлэлийн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээний нэг нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг УИХ-аас баталсан явдал юм.
Эдийн засгийн ил байдлыг дэмжих тухай хуулийн зорилго нь хувь хүн, хуулийн этгээд бүртгэлээс гадуурх нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийн хуулийн хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөд оршиж байгаа билээ.
Энэ нь далд эдийн засгийг бууруулж, хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах, хувь хүн, бизнес эрхлэгчид шударгаар үйл ажиллагаа явуулах эхлэлийг тавих зэрэг олон давуу талтай юм. Татварын иж бүрэн шинэчлэл хийх явцад зарим хөгжиж буй орнууд ийм төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан туршлага байдаг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Засгийн газраас дараах үндсэн дөрвөн чиглэлээр арга хэмжээ аван ажиллаж байна.
1. ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ТУХАЙ
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх нэгдсэн удирдлагаар хангах,төрийн байгууллагуудын ажлын уялдааг зохион байгуулах зорилгоор тусгайлсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Хуулийг хэрэгжүүлж буй хувь хүн, төрийн албан хаагчдыг томилон холбогдох нууцын баталгааг гаргуулсан болно. Хуулийн хэрэгжилтийн талаар иргэдэд мэдээлэл хүргэх, иргэдтэй харилцан холбогдох зорилго бүхий iltod.mn цахим хуудсыг ажиллуулан иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөн ажиллуулж байна. Хуулийн талаар зөвлөгөө өгөх, утасны оролтыг нэмэгдүүлэн, утсаар асуулгад хариулт зөвлөгөө өгч ажиллаж байна.
2. ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ТАЛААР
Хуулийн хэрэгжүүлэх хүрээнд найман төрлийн агуулгатай сургалтын хөтөлбөрийг боловсруулж МҮОНТ болон UBS телевизээр 2015 оны аравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тогтмол нэвтрүүлж байна. Хуулийг хэрэгжүүлэх хувь хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд зориулсан сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.
3. ХУУЛИЙГ ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ ТАЛААР
Хуулийн сурталчилгааны ажлыг агуулгын хувьд гурван үе шаттайгаар зохион явуулж байна. Хуулийг олон нийтэд таниулах ажлыг үндсэн дөрвөн сувгаар явуулахаар төлөвлөсөн бөгөөд гол есөн телевиз, хоёр сонин, мэдээллийн гурван сайт, гудамжны сурталчилгааны самбарыг ашигласан.
4. ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЛААР
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс 2015 арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийтдээ 6.1 их наяд төгрөг буюу 2014 оны дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг ил болгон тайлагнаж, 1.2 их наяд төгрөг буюу 2014 оны татварын орлогын 18.8 хувьтай тэнцэх татвар, 362.1 тэрбум төгрөгийн торгууль, алдангаас чөлөөлөөд байна.
Цалингийн сантай холбоотой 378.6 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төсөвт төвлөрүүлээд байна.
Мөн түүнчлэн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 5.7 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төсөвт нэмж төвлөрүүлсэн.
Дээрх орлогыг ил болгон тайлагнахтай холбоотойгоор давхардсан тоогоор иргэд аж ахуйн нэгжүүд 1,640 санхүүгийн тайлан, 10,276 татварын тайлан, 366 нийгмийн даатгалын тайлан, 1,451 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, 168 төрлийн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлд 150 удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулаад байна.
Ингээд энэ бүх үйл ажиллагааг өнөөдрийн байдлаар дүгнэж хэлэхэд нэгдүгээрт, сүүлийн 25 жилд бид зөвхөн татвар, нийгмийн даатгалын хэмжээнд ийм үйл ажиллагаа явуулж байсан. Анх удаа татвар, санхүү, нийгмийн даатгал, гааль, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлийг иж бүрнээр нь хамруулсан өргөн хүрээ бүхий Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж хэрэгжүүлж байна.
Хоёрдугаарт, энэ хуулийг хэрэгжүүлснээр төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлж буй томоохон дэмжлэг болж цаашид дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид хэвийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжийг олгож байна.
Гуравдугаарт, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлийг хамруулснаар өмч эзэндээ бүртгэгдэн цаашид хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн зах зээл бодит байдлаар хөгжих боломжийг олгож байна.
Хуулийн үйлчлэлийн хугацааг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт маш их ирж байгаа.
Дөрөвдүгээрт, энэхүү хуулийн хүрээнд их хэмжээний орлого ил болж байгаа нь хуулийн өөрчлөлт нийгмийн шаардлагаас хоцорсон, хуулийн зөрчилтэй олон асуудлыг шийдвэрлээгүй цаг хугацаа алдсаны илрэл болж байгаа тул Татварын багц хуулийг шинэчлэх шаардлага байна гэдгийг харуулж байна.
Тавдугаарт, төрийн албанд ажиллаж байгаа 38 мянган төрийн албан хаагчийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлагнаж мэдүүлэх ёстой байдаг. Бид энэ 38 мянган хүнээс гадна маш олон хүнийг цаана нь хамруулдаг учраас шийдвэр гаргаж байгаа төвшиндөө ХОМ-ээ мэдүүлдэг болох, шаардлагатай биш хүмүүсийг олноор хамруулах нь эргээд энэ хуулийн өөрчлөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэж үзэж байна. Тийм учраас УИХ, Байнгын хорооны хэмжээнд ХОМ-ийн маягт, зарим хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг харуулж байна гэж үзэж болохоор байгаа.
Зургаадугаарт, орлого, хөрөнгө, үйл ажиллагаа зэрэг хамрах хүрээ ихтэй хуулийн хэрэгжих хугацаа хэтэрхий богино, баримт бичиг нь цаг хугацаа шаардсан ажиллагаа шаардаж байгаа учраас 2015 оны 2-3 дугаар улирлын тайланг засварлах, жилийн эцсийн тайлан гаргах гэсэн давхардсан тайлангууд гаргах шаардлагууд бий болж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдээс хуулийн үйлчлэлийн хугацааг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт маш их ирж байгаа гэдгийг УИХ-ын гишүүдэд хэлмээр байна.