

С.Ганбаатар:Ирээдүйд Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэх өдөр маргааш болно.
Учир нь Монгол улсын Засгийн газар Монголын ард түмэнд эцэг өвгөдөөс нь өвлүүлсэн газар шороог, олон зуун тэрбум доллараар үнэлэгдэх байгалийн баялгийн хамт барьцаанд тавин “Хөрөнгө оруулагч” гэсэн сайхан нэртэй РИО ТИНТО хэмээгч компанид 4.4 тэрбум долларын зээл авч өгөх гэрээнд гарын үсэг зурснаа “ёслол төгөлдөр” тэмдэглэнэ.
Энэхүү зээл нь Монголд бол “Далд уурхайн санхүүжилт” гэсэн хуурмаг нэртэй, үнэн хэрэгтээ “Оюутолгой төслийн санхүүжилт” гэсэн албан ёсны нэртэй, Монголд үлдэхгүй, Рио Тинтод шууд очих, нэхэл хатуутай, хүү өндөртэй АНУ, Канад, Австралийн төрийн 3 банк, Европын банк, Олон улсын валютын сан болон арилжааны 15 банкны зээл юм.
Энэ өр зээл, мөн түүнчлэн ирээдүйд үүсэх асар их хэмжээний өр зээлийн оронд Монголын ард түмний баялаг-Оюутолгойн баялгийг өдөр шөнөгүй зөөх болно!
Миний бие 11 жил Монголчуудад ашигтай байлгахын төлөө тэмцэж, УИХ-ын гишүүний эрх хэмжээ, хуулийн хүрээнд шаардлага, мэдэгдэл, асуулга зэргээр тэмцэж ирсэн ч гадны “хөрөнгө оруулагчдын төлөөлөгч” болсон төрийн эрх баригчид, Монгол улсын Засгийн газар үл тоосоор өдий хүрлээ. Өнөөдөр гэхэд хэдхэн хоногийн өмнө Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг хүлээсээр л байна.
Монгол улс, Монголын ард түмэнд асар хохиролтой, маш нууц байдалд хийсэн “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”, “Дубайн гэрээ”-ний талаар тавьсан шаардлага, асуулгыг ч үл тоосоор өчнөөн олон сар, жилийг үдлээ. Үнэхээр хүчин мөхөсдөж байна…
Монголын ард түмний буян заяа түших өдөр ирнэ гэдэгт найднам.
Бодит үнэнг Монголчууддаа таниулж хүргэхэд Монголоо гэсэн сэтгэлтэй Таныг Уриалж байна

Сэтгэгдэл (2)