

Автомашины наймаачдыг албадан нүүлгэе!
Улаанбаатар сая хүнтэй, төвлөрөл ихтэй хот. Хөл ихтэй газар нийгэм, эдийн засгийн салбарт асуудал үүсдэг ч үүнийгээ шийдэж болдог. Гэтэл зарим нь ажлаа явуулахсан гэхээр нөгөө хэсэг нь аль болох хугацаа идэж, гэдийдэг жишиг бас бий болжээ.
Уг нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны чиг хандлагыг УИХ-аар хоёр жилийн өмнө баталчихсан. Өөрөөр хэлбэл, улсынхаа нийслэлийг тэлж нэг төвтэй хотыг 12 дэд төвтэй болгохоор зорьж байгаа. Энэ ажлынхаа хүрээнд Хан-Уул дүүрэгт Авто худалдааны цогцолбор барьж, өнгорсөн аравдугаар сард Улсын комисст хүлээлгэн өгсөн. Томоохон худалдааны төвүүд нийслэлдээ төвлөрснөөр замын хөдөлгөөний түгжрэлийг зохиомлоор нэмэгдүүлдэг.
Гэвч автомашин болоод сэлбэгийн наймаачид нь “Тэнд очихгүй. “Да хүрээ” захдаа наймаагаа хийнэ” гээд жагсаал цуглаан хийх, хэвлэлийн бага хурал зарлах мэтээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Гэтэл Авто худалдааны цогцолбор барих эсэхээ хэд хэдэн удаа автомашины бизнес эрхлэгчид болоод захын удирдлагуудтай уулзаж, ойр орчмын оршин суугчдаас санал асуулга авч байж шийдсэн байдаг.
Энэ нь дэлхийд ч байдаг жишиг. Өнөөдөр дэлхийн томоохон хотууд оюутны хотхон, томоохон худалдааны төвүүдээ хотынхоо гадна байхаар төлөвлөсөн байдаг. Томоохон худалдааны төвүүд нийслэлдээ төвлөрснөөр замын хөдөлгөөний түгжрэлийг зохиомлоор нэмэгдүүлдэг учраас тэр.
Энэ асуудал өнөөдөр Улаанбаатарт ч байгаа. Гудамж,уулзварыг өргөтгөн шинэчилж, жилд 70-80 км зам ашиглалтад оруулж байгаа хэр нь замын түгжрэл буурахгүй байна. Тиймээс хамгийн үр ашигтай арга нь хотоо тэлэх гэж үзсэн биз. Тэгээд ч машин, техникийн сэлбэг, барилгын материал зэрэг нь хүн бүр өглөө болгон талх, өндөг шиг хэрэглэдэг зүйл биш.
“Даарин дээр давс” гэгчээр “Да хүрээ” захын газрын зориулалт ч сургууль, цэцэрлэгтэй орон сууцных аж. Газар эзэмших хугацаа нь өнгөрсөн жил дуусахад ингэж л сунгуулжээ. Архитекор төлөвлөлтийн даалгавар гэдэг зүйлээ хүртэл гаргачихсан байна. Тэнд автомашин тавихад зориулсан газар нь багахан юм билээ. Тодруулбал, 6.5-хан га газар.
Харин Авто худалдааны цогцолборын ерөнхий төлөвлөгөө 130 га газарт хийгджээ. Эхний ээлжинд 30 га-д зам талбай, худалдаа, үйлчилгээний цогцолбор барьж ашиглалтад оруулсныг газар дээр нь очиж үзэв. Ирэх хавар тус цогцолборт 15 томоохон худалдаа үйлчилгээний төв, үзэсгэлэнгийн танхим баригдах юм байна. Үүний 10-ыг дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих аж.
Ингэхдээ гурван удаа газрын дуудлага худалдаа зохион байгуулахад тэд газраа авчээ.
Анх 0.3 га газрыг 39 сая төгрөгөөс эхэлж дуудаад 530 саяд хүрч зарагджээ. Энэ нь тухайн газрын үнэ цэнийг нэлээд нэмэгдүүлсэн үйл явдал болсон юм. Өмнө нь газрын дуудлага худалдаанаас улсын төсөвт ийм хэмжээний мөнгө орж байгаагүй аж. Үүнийг дагаад ойр орчмын газрын үнэ цэнэ ч нэмэгдсэн байна.
Тухайлбал, тэр хавьд нэг айлын хашаа 70 сая төгрөгийн үнэтэй байсан бол одоо 200 сая болжээ. Тиймээс энэ чиглэлийн дэд бүтцийг улам боловсронгуй болгохоор ажиллаж байгаа аж. Авто худалдааны цогцолборыг анхнаас нь олон улсын зэрэглэлтэй худалдаа, үйлчилгээний төв байлгахаар төлөвлөсөн юм байна. Ингэхдээ эдийн засгийн үр ашгаас гадна нийгмийн үр ашгийг ч өндөрт тооцжээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, замын түгжрэлийг бууруулна гэж тооцоолсон хэрэг.
Автомашиныг зарах, худалдан авах үйлчилгээнд шаардлагатай бүхий л байгууллагын төлөөлөл тэнд хэдийнэ хүрчээ. ХАС, ХААН банкны салбар, “Бодь даатгал”, “Монгол даатгал” зэрэг зуучлагч нар, Сонгинохайрхан дүүргийн тойргийн бүртгэлийн нотариат, автотээврийн бүртгэлийн салбар энд төвхнөж буй юм байна.
Иргэдийн хувьд машин авахад цаг хугацаа алдахгүй, бүх үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлжээ. Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ ч хийгдсэн гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Түүнээс биш зарим худалдаа эрхлэгчийн ярьж байгаа шиг ямар ч дэд бүтэцгүй, цэвдэгтэй, хүйтэн газар биш аж. Авто худалдааны цогцолбор ч зураг төслийнхөө дагуу баригдаж эрчим хүч, холбоог нь шийдэж өгөөд байгаа юм байна.
Одоогоор нийслэлд автомашины бизнес эрхэлж буй 4,000 орчим хүн байдаг гэдэг судалгаа бий. Харин Авто худалдааны цогцолборт 6,000 гаруй автомашины зогсоол хийжээ. Автомашины бизнес эрхлэгчид бүгдээрээ энд ирсэн ч ачааллаа бүрэн даах нь. Мөн нийтийн хоолны 26 газрыг иргэдийн захиалгаар барьж худалдсан юм байна.
Улаанбаатарт машин борлуулдаг 102 цэг бий.
Улаанбаатарт машин борлуулдаг 102 цэг бий. Үүний 66 нь зөвхөн Баянзүрх дүүрэгт төвлөрчээ. 1991 онд “Да хүрээ” зах нээгдсэн гэж тооцвол 25 жил хүмүүс түрээс төлөөд зогсч байгаа.
Харин энд нэг автомашины зогсоолыг дөрвөн сая төгрөгөөр үнэлж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй нь өмчлөхөөр шууд өгөх юм байна. Сард 6000 төгрөгийн ашиглалтын зардал төлнө гэхээр бас ч гэж боломжийн санал аж. Гэтэл Улаанбаатар хотод өдрийн түрээс 2,000-5,000 төгрөгийн үнэтэй байна.
Тэгээд ч хүн өөрийн эзэмшлийн талбайдаа бизнесээ урт, дунд, богино хугацаагаар төлөвлөж боломжтой гээд ямар нэгэн дарамт, “хавчлагагүй” ажиллах боломжтой доо. Уг нь наймаачид энэ бүгдийг хэдийнэ тооцож төлөвлөсөн баймаар. Гэтэл “Төр биднийг албадан нүүлгэвэл тэмцэнэ ээ” л гээд байдаг. Харин тэр хавийн оршин суугчид нь “Хурдхан шиг албадан нүүлгэчихээсэй" гэж хүсдэг юм билээ. Бизнес эрхлэгчид ашиг орлого олж болно.
Эх сурвалж:ЗУУНЫ МЭДЭЭ