

АН-ынхан дүр эсгэв
СЕХ-ныхон өчигдөр хар машиныхаа“хамт” Төрийн ордонд ажиллав. Тэд УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаанд сууж, хар машины талаарх мэдээллийг өгсөн юм. Энэ үеэр өнгөрсөн долоо хоногт асуудлын гол болж, жагсаал цуглаандаа хүрээд байсан хар машин маапаангүй гэдгийг тэд харуулыг хичээсэн юм. Ингэхдээ СЕХ-ныхон АН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ сэтгүүлчдээр санал өгүүлж, хар машин “но”-гүй гэдгийг нотлохыг оролдов. АН-ынхан энэ үйлдлээ “Хар машинд асуудал байхгүйг нотоллоо, тиймээс энэ машинаар л тоолно” гэсэн юм. Үнэндээ энэ бол дүр эсгэлт байв. Аливаа маапаан тэр дундаа олон нийтийн сонголтыг луйвардана гэдэг ил цагаан байдаггүй. Байх ч аргагүй. Гэтэл сэтгүүлчдийн нүдэн дээр санал асуулга явуулснаар хар машин “но”-гүй гэж батлах арга байхгүй. Гэтэл эрх баригчид хүүхэд хуурч байгаа юм аятай аашлав. Угтаа хар машины дүнг будилуулах түмэн арга байдаг талаар ярих хүн олон. Тусгай чийп суулгаж, серверээр луйварддаг ч гэх юм билээ. Хамгийн чухал нэг зүйл нь хар машины эх код АНУ-ын эзэмшилд байдаг гэх мэдээлэл өчигдөр олонд ил боллоо. Энэ бол Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх чухал асуудал. Учир нь, төрийн эрх барих байгууллагаа, төрд өөрсдийг нь төлөөлөөх төлөөлөгчөө сонгох гэж байхад саналыг нь тоолдог машины эх код гаднын улсын мэдэлд байна гэдэг эмгэнэл. Тэгээд ч хар машины дүн маапаангүй байдаг юм бол эрх баригчид гараар давхар тоолохыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Сэтгүүлч М.Өлзий