
ХҮНИЙ АМЬ VS “ХАР МАШИН”
Эрх баригчид “хар машин”-даа үхтэлээ дурлажээ гэдгийг цуурай нь намдаж амжаагүй өчигдрийн жагсаал харуулах шиг боллоо. Улс төрийн 21 намын төлөөлөл тайван жагсаал хийж, “хар машин”-ыг дууриалгаж хийсэн зузаан цаас шатаасны төлөө эрх баригчид боож үхдэг дээрээ байх шиг байна. Арга ч үгүй юм. Эрх мэдэл, сандал ширээтэйгээ үлдэх ганц арга зам нь “хар машин” юм чинь. Гэхдээ л “амьгүй” юманд үхтэлээ дурлана гэдэг гайхамшигтай мэдрэмж шүү. Тавантолгой тойрсон асуудлаас болж, ажилчдыг нь халсны төлөө монгол хүн өөрийгөө шатааж байхад тэд дуугарахгүй яасан юм бэ? Өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлсний төлөө эрүүгийн хэрэг хүртэл үүсгэсэн биз дээ. Биеийн байдал хүндхэн гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад нь эрх баригчдаас очиж уулзаж, биеийн байдлыг нь асуусан хүн байгаа бил үү. Бараг л “Сайн дураараа өөрийгөө шатаасан юм чинь маньд хамаагүй” гээд шаргал ордондоо бүгж суусан биз дээ. Гэтэл алдарт “хар машин”-ы дууриамлыг шатаалаа гэж жагсаалд оролцсон улс төрийн намууд руу дайрч давшилж байгаа нь ямар учиртай вэ гэхээр “хар машин”-даа үхтэлээ дурласны гавьяа. Эрх баригчдад эрдэнэт хүний аминаас илүү эрхэм хайрт “хар машин” нь чухал. Учир нь тэд “хар машин”-гүй бол хэн ч биш болохоор...
Төрийн дарамт, татварын дарамтаас болж үндэсний үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ шатаана гэж байхад эрх баригчдаас ам нээсэн хүн байгаа бил үү. Би л хувьдаа санадаггүй. “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, өрхийн орлогыг сайжруулна” гэж АН-ын мөрийн хөтөлбөрт байсан санагдана. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж “Эксклюзив” компанид бондын мөнгөнөөс илүүчилсэн нь тухайн компанийн дампуурлын эхлэл болсон. Бондын мөнгө компанийн дансанд орсон цагаас эхлэн татвараар дарамталж эхэлсэн тухай захирал хүүхэн нь телевизээр нүдэнд харагдтал ярьсан даа. Монголын төр, эрх баригчид үндэсний үйлдвэрлэлээ ингэж л дэмждэг юм байна. Лут дэмжиж байгаа юм шүү. Үндэсний үйлдвэрлэгчид эрх баригчдаас бодит дэмжлэг хүссэн болохоос биш хий хоосон улс төр хүсээгүй. Үүнтэй яг адил улс төрийн намууд, монголын ард түмэн “шилэн сонгууль”, шударга тооллого, цэвэр улс төрийг эрх баригчдаас хүссэн нь өчигдрийн жагсаал байв. Гэтэл УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд албан тушаалаа ашиглан УИХ-ын даргын индэр дээрээс “Ард түмэн сонгуулийн хуулийг өөрчлөхийг хүсэхгүй байна. Ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг яаж хэвээр нь байлгах вэ гэж л бодож байгаа” хэмээн хээвнэг улс төр хийж суух юм. Нарийндаа АН-ынхны хийсэн явуургүй улс төр нийгэмд таагүй уур амьсгал авчирч байгааг анзаарсан л байх. УИХ-ын дарга, АН-ын дарга нь албан тасалгааны цонхоор хараад ард түмний санаа бодлыг уншиж байна гэхээр лут мэдрэмжтэй байгаа юм шүү. Эсвэл дээхнэ үеийн мундаг бөөгийн хойд дүр ч байж мэдэх...
Хүний аминаас илүү “хар машин”-аа эрхэмлэдэг хүний үнэргүй эрх баригчдаас бид яаж салах вэ. Сонгосон сонголтдоо итгэлтэй байхын тулд ард түмэн бас яах ёстой вэ, эрх баригчдаа. Та бүхний үхтэлээ хайр зарласан “хар машин”-аас чинь хөгжилтэй орнууд, хөгжиж буй орнууд бүгд татгалзсан шүү дээ. Тэр байтугай тэрбум гаруй хүнтэй Энэтхэг улс сонгуулиа гар аргаар тоолдог. Гэтэл гуравхан сая хүнтэй Монгол Улс маш их зарлага гарган байж “хар машин”-аар сонгуулиа явуулах хэрэг байна уу. АН-ынхан ирэх жилийн сонгуульд ялахын тулд байдаг чадлаараа хичээж байна. Бүр үзэн яддаг байсан дайсантайгаа гар барьж, эвлэлдэн нэгдэж байна. Тэд эрх мэдлийн хойноос үхэн хатан тэмцэж байна. Харин эх орон, ард түмэн тэдэнд огт хамаагүй, “хар машин” л тэдэнд хамаатай.
СЭТГҮҮЛЧ С.БУЯН
Сэтгэгдэл (8)