
АХУЙ ТӨР МИНЬ БҮҮ АЛДАРТУГАЙ
Жанжин Сухбаатарын талбайн нэрийг өөрчилсөн шийдвэрийг хүчингүйд тооцсон нийслэлийн захиргааны анхан шатны шүүхийн шийдвэр гарсанд баярлаж байна.Бас жаахан гунигтай байна.
Баярлах шалтгаан том. Өндөр өвөөгийн минь нэрээр нэрлэсэн талбай, бас хөшөө нь хэд хэдэн үе монголчуудын эх орон, шинэ Монголынхоо төлөөх хүсэл мөрөөдөл, уйгагүй хөдөлмөр, бүхий л зовлон жаргалыг хайрлан, хүндэтгэн мандуулж босгосон юм. Манай улсын түүх, соёл, оюун санааны салшгүй хэсэг.
Гунигтай байх шалтгаан бас бий. Ийм асуудал угаасаа гарах ёсгүй байсан юм. Амьд сэрүүн байгаа өвөө эмээ, аав ээж, ах эгч нарынхаа туулсан амьдралыг үгүйсгэж, утгагүй болгохыг оролдох нь том гэм буруу. Өнгөрсөн цагт түүх, түүхэн хүмүүсийг маань үгүйсгэсэн явдлаас сургамж авч өөрсдөө ийм алдаа гаргахгүй байх ухаан 21 зууны бидэнд дутсан гэлтэй.
Улсынхаа алдар нэр, түүхийг аливаа бгаа юмны нэрийг өөрчлөснөөр бүтээхгүй ээ. Ард түмнийхээ айх аюулгүй, зовлон гачигдалгүй, сайн сайхан амьдралаар л бүтээнэ.
Монгол ёсонд өвөг дээдсээ нэрээр нь дууддаггүй. Манай түүхэнд нэг л Өндөр хаан байсан. Ээдрээ, нугачаа бүхий түүхэн цагийн монголчууд энэ том хүнээ хэзээ ч мартаагүй, төрсөн нутгийнх нь Өндөрхаан хотоор дурсаж ирсэн юм. Чингис хаан биш, Өндөр хаан. Монголороо үлдэцгээе. Түүхээ дээдэлцгээе. Төрөө хамгаалцгая.
Өндөр хаанаа үнэхээр алдаршуулъя гэвэл нэрийг нь чанга дуудах биш харин “Ахуй төр минь бүү алдартугай” гэж захисныг нь алхам тутамдаа чандлан биелүүлцгээе.
Нийтэлсэн Д.Сүхжаргалмаа
Сэтгэгдэл (1)