

ӨНӨӨДӨР ЗУЛЫН 25-НЫ ИХ ДҮЙЧЭН ӨДӨР
Өнөөдөр 12 сарын 05 ны өдөр Зулын 25 буюу богд ламын их дүйчэн өдөр бөгөөд эл өдөр Буддын шашинт улс орон, түмний дотор монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн 25-ыг ‘’Зулын 25-ны их дүйчэн өдөр’’ хэмээн олон зуун жил ёслон тэмдэглэж ирсэн түүхтэй. Шарын шашиныг үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртэлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25 юм.
Бурханы шашинт хийд орон төдийгүй айл бүхэн зул асаан их буян үйлдэг уламжлалтай. Энэ өдрийн бас нэгэн үйл явдал гэвэл; Монголчууд өвөл идэх идшээ энэ дүйчэн өдрийн өмнө төхөөрч дуусгаад олон амьтаны (малын)амь тасласан нүглээ наманчилж,амь хороогдсон малынхаа төрлийг дээшлүүлэх буянд шамдан зул өргөж зулын 25-ны хурлыг даган баясдаг.Энэ өдөр сүсэгтэн олон ‘’Мигзэм’’-ийг олон уншвал түм бум болон үржих учиртай хэмээн номолсон байдаг. Зул өргөхдөө идшинд төхөөрсөн малынхаа баруун бөөрний өөхийг хайлан зул өргөдөг заншил манай хөдөөнийхөнд байдаг.

Тиймээс та бүхэн бие, хэлс сэтгэл гурваараа буяны үйлд шамдан бурхан шүтээндээ зул хүжээ өргөж сайн үйл бүхнийг дэлгэрүүлэх ялдамд уг өдөр нь амралтын өдөр тохиож байгаа тул та бүхэн Гандан хийдээр эргэл, мөргөл үйлдэхийг уриалж байна.
Та бүгдийн үйлдсэн буяны үрээр эх болсон хамаг амьтан эрүүл энх, урт удаан наслах болтугай.
ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ
Сэтгэгдэл (1)