

Су.Батболд: Сонгуулийн хуулийг кнопын олноор биш зөвшилцлөөр баталдаг
УИХ дахь МАН-ын бүлгээс лхагва гариг бүр зохион байгуулдаг мэдээллийн “Морин цагт УИХ- ын гишүүн Су.Батболд оролцож, Сонгуулийн хуулийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Сонгуулийн хуулийг хэлэлцэж батлах хуулийн хугацаа дуусахад 20 гаруй хоног үлдээд байгаа юм. Тиймээс МАН, бусад намын төлөөлөлтэй хамтарч боловсруулсан хуулийн төсөлд тусгасан дөрвөн асуудлаар зөвшилцөж чадвал хуулийг хугацаанд нь батлах боломжтой байгааг тэрбээр хэлсэн. Ýнэ үеэр түүнтэй ярилцлаа.
-Сонгуулийн хуулийг нэгтгэх ажлын явц эхэлсэн үү, Одоо ямар байдалтай байна вэ?
-Сонгуулийн хуулийг УИХ дахь аль нэг намын суудлын юм уу кнопын олонхиор баталдаг юм биш. Харин улс төрийн зөвшилцлийн хүрээнд нэг тийш болгодог. Ер нь өмнөх Сонгуулийн хуулийн жишгийг харвал 3-4 жилийн турш ярьж байгаад хугацаа тулсан үед зөвшилцлийн баримт бичигтээ үндэслэж баталдаг түүхтэй. Тэгэхээр үлдэж байгаа 20-оод хоног энэ хуулийг батлахад хангалттай хугацаа гэж харж байгаа. Гэхдээ үүнд УИХ-д олонх байгаа улс төрийн нам санаачилга гаргах хэрэгтэй. Одоо УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороогоор байгуулагдсан дэд ажлын хэсэг маш эрчимтэй ажиллах нь чухал.
Тэртэй тэргүй бэлэн болоод байгаа хуулийг зөвшилцөж батлах талд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Миний хувьд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан нийт найман хуулийг хүчингүй болгоод нэг болгож найруулахад боломжгүй гэж үзэж байгаа. Харин УИХ-ын Сонгуулийн тухай хуульд тулгамдсан хэд хэдэн асуудлаар өөрчлөлт хийх нь зүйтэй юм. Ер нь дөрвөн асуудлаар зөвшилцчихвөл УИХ-д суудалтай болон суудалгүй намуудын санаачилга биеллээ олчих боломжтой гэж харж байгаа.
-УИХ-д сонгуулийн хуулийн дөрвөн ч төслийг өргөн бариад байснаас нэгийг нь баталсан. Одоохууль өргөн барьсан намууд дөрвөн асуудлаар зөвшилцөх шаардлагатай байна. Тухайлбал, ямар заалтуудад нэгдэх шаардлагатай байна вэ?
-Нэгдүгээрт, машинаар тоолсон саналын дүнг гараар хяналтын тооллого хийж баталгаажуулах. Ингэснээр сонгогчдын өгсөн санал үнэн зөв баталгаажихын дээр “хар машины” гэх маргаанд цэг тавих ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт, сонгуулийн мажоритар системийг нэг тойрог, нэг мандат болгох. Ингэж нэг мандат бүхий жижгэрүүлсэн тойрог болгосноор улс төрийн нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөхгүй болно гэж үзэж байгаа. Гуравдугаарт, намын жагсаалт гаргахдаа Монгол Улсыг бүсчилсэн байдлаар хувааж, 28 хүнийхээ нэрийг жагсаан сонгуулах хувилбарыг дэвшүүлж байгаа юм. Дөрөвдүгээрт, тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг дан ганц төрийн албан хаагчдаар бүрдүүлэхийг болиулж, 70 хувьд нь улс төрийн намын төлөөлөл оруулах. Ингэснээр сонгууль зохион байгуулагчид илүү шударга ажиллах боломжтой болно гэж үзсэн хэрэг. Үлдсэн хугацаанд үүнээс өөр өөрчлөлт хийхэд хүндрэлтэй учраас улс төрийн намууд эхний ээлжид эдгээрт тохиролцох л шаардлагатай байна.
-Хэдийгээр улс төрийн намууд нэгдээд сонгуулийн саналыг гараар тоолох нь зүйтэй гэж үзсэн ч АН-ынхан анхнаасаа өндөр зардлаар машин авсныхаа хэргийг гаргах хэрэгтэй гээд байгаа шүү дээ. Тэгээд ч гараар тоолоход зардал их гарна гэж үзэж байгаа юм билээ?
-Ямар ч зардал гарахгүй. Угаасаа сонгуулийн тойрог, хэсгийн хороодод ажилладаг хүмүүсийн цалинг цаанаас нь өгчихдөг юм шүү дээ. Намууд төлөөллөө оруулбал өөрсдөө цалинг нь олгочихно. Р.Бурмаа гишүүний өргөн барьсан Сонгуулийн хуульд автоматжуулсан системээ хэрэглэе. Бас хажуугаар нь гар тооллого хийхдээ камерын хяналтын дор болон хэвлэл мэдээллийнхэн, ажилагчдын нүдэнд ил тодоор тооллогоо явуулъя гэж байгаа. Ер нь үнэтэй машин авсан гэж байгаа бол тэрийг чинь зарчихаж болно шүү дээ, сонирхсон хүмүүст нь. Гэхдээ бид хар машиныг огт үгүйсгэхгүй. Хэрэглэе, ингэхдээ үл итгэх байдал байгаа учраас хяналтын тооллогоор баталгаажуулъя л гэж байгаа юм.
-Р.Бурмаа гишүүний ахалсан сонгуулийн хуулийн ажлын хэсэгт авахаар санал хэр байгаа юм бэ, тэр чигээрээ болохгүй бүтэхгүй санал гэж ойлгож болохгүй биз дээ?
-Авах санал бий. Би тэр ажлын хэсэгт орж ажилласан. Тэнд тогтолцооноос авахуулаад олон зүйлд санал нийлж байгаа шүү. Сонгуулийн явцад гарсан зөрчлийг хэрхэн, яаж арилгах вэ, маргаан гарсан тохиолдолд шүүхийн шатанд хэрхэн зохион байгуулах, богино хугацаанд маргааныг тасалдаг байх гэх мэт цөөнгүй зүйлд бид санал нэгдэж байгаа учраас авах юм олон бий.
-Та бүхэн санал нийлэхгүй байгаа асуудлуудаа багцлаад хууль өргөн барьсан. Тэгэхээр Р.Бурмаа гишүүний ахалсан ажлын хэсэгт таны дээр дурдсан дөрвөн санал огт тусаагүй гэсэн үг үү?
-Тэр хуульд хуучнаараа байгаа юм. Тиймээс бид дээрх саналуудыг шинэчлэхээр өргөн барьсан.
-Санал тоолох ажиллагаанд хяналт тавихад намуудын төлөөллийг ямар байдлаар оруулна гэсэн үг вэ?
-70 хувьд нь намуудын төлөөлөл, 30-д нь төрийн албан хаагч байя гэж байгаа юм. Жишээлбэл, аймагт нэг тойрог байгуулах, хүн амынх нь тооноос хамаараад хэсгийн хороодод хоёр гэх мэтээр байгуулна. Харин тэр тойрог, хэсгийн хороодод аймгийн ИТХ-аас комисс гаргахад 70 хувь нь нэрсээ өгөх юм. Өөрөөр хэлбэл, манай намаас тэр байна гэдгээ хэлнэ гэсэн үг. Энэ саналыг АН-аас бусад нь хүлээн зөвшөөрч байгаа.
-Сонгуулийн жилээс зургаан сарын өмнө Сонгуулийн хуулиа нэг тийш болгосон байх ёстой. Гэтэл 20 хүрэхгүй хоногт дээрх асуудалд намууд тохиролцож чадах болов уу?
-Хуучин практикаас харахад яг арванхоёрдугаар сард л шийддэг л дээ. Үүнээс өмнө зөвшилцөх ажиллагаа эрчимтэй өрнөдөг учраас үг, үсгийн юмуу найруулгын гэх мэт зүйлүүд бэлэн болдог. Жишээлбэл, одоо өргөн барьчихаад байгаа гурван хуулийн төсөлд саналуудаа нэлээд чамбай суулгасан байгаа учраас зөвшилцөлд хүрсэн тохиолдолд маш хурдан хугацаанд батлах бололцоотой гэж харж байгаа. Гэхдээ хоног алдаад л байна л даа. Ямар ч байсан ирж буй хоёр долоо хоног бол Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хамгийн идэвхтэй ажиллах үе. Өнөөдөр /өчигдөр/ Сонгуулийн хуулийн дэд ажлын хэсэг гэж гарсан. Тэд гурван хуулийг хэрхэн, яаж нэгтгэх вэ, аль заалтыг нь авах вэ гэдгээ боловсруулаад үндсэн ажлын хэсэгт хүргүүлнэ. Ажлын хэсэг энэ долоо хоногтоо багтаад хуралдаж эхэлнэ.
-Ер нь яагаад сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчлөөд байдаг юм бэ. Тогтвортой байж болдоггүй юм уу?
-Би хувьдаа Сонгуулийн хууль тогтоомж тогтвортой байх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Ялангуяа бусад улс орны судлаачдын зөвлөж байгаагаар тогтолцоо 2-3 сонгууль дамжиж тогтвортой байх ёстой. Яагаад гэвэл сонгуулийг зөвхөн улс төрийн намууд болон улстөрчид явуулдаггүй. Хамгийн гол субьект нь санал өгч байгаа сонгогчид шүү дээ.Тиймээс сонгогчид санал өгөхөд хамгийн ойлгомжтой байх тогтолцоог л баримтлах ёстой. Гэхдээ манай орны хувьд шилжилт хийж байгаа учраас хамгийн зөв арга замыг олох гээд хуучин гарсан алдаа дутагдлаа засахын тулд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах нь болохгүй юмгүй. Гэхдээ мэдээж байн байн өөрчлөөд байх нь зохимжгүй. Ер нь үүнээс цааш нэг их өөрчлөөд байхгүй болов уу гэж харж байгаа.
ЭХ СУРВАЛЖ:МОНГОЛЫН ҮНЭН