

Д.Бадарсангийн уриалгыг дэмжье
НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан хагас жилд авдаг 27 сая төгрөгийн урамшууллаа Төв цэвэрлэх байгууламжийг засахад зориулж хандивлах уриалга гаргасан. Түүнд үнэхээр Төв цэвэрлэх байгууламжийг засах, сэлбэх, шинэчлэх, өмхий үнэрээс Улаанбаатар хотоо салгах чин сэтгэл байсан нь мэдээж.
Ийм санаачилга гаргаж байгааг нь ч хоёр гараа өргөөд дэмжих хэрэгтэй. Өөр хэний ч гаргаагүй санаачилгыг гаргалаа. Хамгийн харамсалтай нь НИТХ-ын гишүүд түүний энэ санаачилгыг дэмжсэнгүй.
Ямар ч байсан олонхийн саналыг авч чадаагүй аж. Хэн хэн нь түүний саналыг дэмжээд, аль төлөөлөгч нь амин хувиа бодсоныг хэлж мэдэх юм алга. УИХ-ын чуулган биш болохоор нарийн юм байхгүй л дээ. Гэхдээ нэг л зүйл тодорхой байна. Энэ нийслэлийн ИТХ-д сууж байгаа төлөөлөгч нэртэй нөхдүүдэд Улаанбаатар хотыг өмхий үнэрээс нь салгаж, Төв цэвэрлэх байгууламжийг засч, сайжруулах чин сэтгэл алга.
Ихэнхэд нь шүү дээ. Түүний оронд хагас жилд орж ирдэг 27 сая төгрөгийнхөө урамшууллыг өөртөө наах нь тэдний хувьд нэн тэргүүний зорилт болж байгаа бололтой юм. Ийм л төлөөлөгчидтэй байна шүү дээ, улаанбаатарчууд.
Цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр жирийн иргэд бидэнд үнэртээд, нийслэлийн төлөөлөгчдөд хүртээлгүй бололтой. Эсвэл тэд өөрсдийнхөө түрхдэг үнэртэй усны анхилуун үнэрт мансуураад, нийслэл даяар үнэртэж байгаа өмхийг олж үнэрлээгүй ч байж болох.
Ямар ч л байсан тэд мөнгөн дээрээ татганасан байна. Цэвэрлэх байгууламжийг засах, өмхий самхайг нь багасгах нь тэдний ажил биш байх. Мөнгө төгрөгөө зарцуулах нь ч илүү зан биз. Тэртэй тэргүй Засгийн газраас хөрөнгө мөнгө гаргаад шинэ цэвэрлэх байгууламж барих гэж байгаа.
Ганц, хоёр жил тэсчихвэл болох өмхий үнэрээсээ салж болох байх. Тийм сураг дуулдана билээ. Засгийн газар ажлаа яг таг хийвэл шүү дээ. Ийм үед Д.Бадарсан даргын гаргаж байгаа санаачилга энэ ажилд ташуур өгөх учиртай. Тэгж ч гаргасан байх гэж бодож байна. Ер нь Улаанбаатар хотоо өмхий үнэрээс нь салгах цаг болсон гэж бодож явдаг болоод л урамшууллын мөнгөө зориулахад бэлэн гэж хэлсэн биз.
Тойрогтоо зарцуул гэж өгч байгаа мөнгө юм бол цэвэрлэх байгууламжид өгөхөд болохгүй юм байхгүй.
Санаачилга гаргаж байгаа хүнийг янз бүрээр хардаж, дүгнээд байх ч хэрэгтэй. Харин дэмжихгүй байгаа хүмүүсийг бол зөвтгөх арга үнэндээ алга. Тэд нийслэлээ өөд нь татъя гэж бодохгүй байна. Дээрээс нь урамшууллын мөнгөнөөсөө салах хүсэлгүй байгаа нь харагдлаа. Тэр урамшууллын гээд байгаа мөнгийг уг нь төлөөлөгчдийг тойрогтоо зарцуул гэж өгдөг юм гэсэн.
Харин нөхдүүд мөнгөө тойрогтоо яг зарцуулдаг ч юм уу, үгүй ч юм уу. Яг тойрогт юм хийнэ, бүтээж босгоно гэхэд хэцүү л мөнгө. Хүмүүст хувааж өгөөд, зохицуул гэсэн ч хүрэхгүй эд. Ер нь бол төлөөлөгчдөд хувьдаа хэрэглэ гэж л өгч байгаагаас нэг их ялгаа алга. Тийм болохоор орж ирсэн орлогоо юу гэж л зүгээр тавиад туучих билээ.
Нөгөө талаар тойрогтоо зарцуул гэж өгч байгаа мөнгө юм бол цэвэрлэх байгууламжид өгөхөд болохгүй юм байхгүй. Тойрогтоо зориулсан гээд л болно шүү дээ. Нэр хүнд нь ч өсөх учиртай. Гэтэл тэд зүгээр л харамласан. Ийм л төлөөлөгчид Улаанбаатар хотод биднийг төлөөлж байна даа. Уг нь өмхий үнэрээсээ эртхэн салчихвал ч.
ЭХ СУРВАЛЖ:МОНГОЛЫН МЭДЭЭ