А.Баясгалан: Нийслэлд 400 орчим цагаан зээр орж ирсэн

                        А.Баясгалан: Нийслэлд 400 орчим цагаан зээр орж ирсэн

22-ын товчоогоор сүрэг цагаан зээр нийслэлийг чиглэн орж ирж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Энэ талаар БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн А.Баясгалангаас дараах зүйлийг тодрууллаа.
 
-Нийслэлд цагаан зээр сүргээрээ орж ирсэн гэх мэдээлэл байна. Тэднийг хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
 
-Цагаан зээрийн сүрэг өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн Найрамдал, 22-ын товчооны орчимд байна гэсэн мэдээлэл ирсэн. Цагаан зээрийн тоо толгойг 400 орчим хэмээн таамаглаж байна. Тэднийг хамгаалах тал дээр яамны зүгээс нийслэлийн Байгаль орчны газарт үүрэг өгч, шаардлагатай бол биотехникийн арга хэмжээ авч, мэргэжлийн судлаач, эрдэмтэдтэй хамтран, тэдний үгийг сонсч, цаашид хийх арга хэмжээг төлөвлөж байна. Мөн хууль бус ангаас урьдчилан сэргийлж, айлын нохой, гахайд уруулах, автомашинд дайруулах зэргээс урьдчилан сэргийлж, хяналтаа сайжруулахад ажиллаж байна.
 
-Иргэдийн хувьд зээр төв газарт орж ирэхээр “Зуд болохын шинж, тал хээрийн бүсэд цаг агаар муудсаных” хэмээн тайлбарлаж байна. Энэ бодитой юу?
 

-Зээр бол тал хээрийн бэлчээрийн сайныг дагаж нүүдэллэдэг амьтан. Тиймээс нутагласан газарт нь цас ихтэй болохоор идэш тэжээлээ хайж, цасны нимгэнийг бараадаж нүүдэллэж байгаа нь энэ. Ер нь цагаан зээр түгээмэл тархалттай амьтан. Нийслэлтэй ойр Төв аймаг, Баянцагаан сум, Чойрт гэхэд олноороо нутагладаг. Тиймээс жил бүр нийслэлд зээр орж ирэх тохиолдол байдаг. “Зуд болно, цаг агаар хүндэрнэ” гэдэг бол ам дамжсан яриа. Шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйл гэж бодож байна.
 
-Цагаан зээрийг хууль бусаар агнасан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
 
-Амьтны тухай хуулиар ямарваа нэгэн амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан тохиолдолд амьтны аймагт учирсан хохирол, экологийн эдийн үнэлгээг буруутай этгээдээр хоёр дахин нугалж хохирлыг барагдуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгодог заалттай. Цагаан зээрний хувьд эр нь 500, эм нь 550 мянган төгрөгийн экологийн эдийн үнэлгээтэй байдаг. Тэгэхээр энэ үнийг хоёр дахин өсгөж сая орчим төгрөгөөр хохирол барагдуулна. Дээрээс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгоно.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.201.24.90)
    yassan unetei sda ve
    2015 оны 12 сарын 02 | Хариулах