Амьдралаа зориулсан эр хүн ямар тэтгэвэрт суултай биш, яадгийм

Тэрээр улстөрд үлдсэн багахан орон зайгаа юугаар ч хамаагүй томруулж харахыг хүсч яваа хуучнаас хуучин кадр. Ардчилсан хувьсгал мандсан цагаас хойш улстөрд хүчин зүтгэсэн эр хүн шууд  тэтгэвэртээ суултай биш, ядгийм. Байгаа бүх боломжоо дайчлахаар шийдсэн нь илт. Тэр тусмаа далан насны босгоор давчихсан МАН-ын Д.Дэмбэрэл парламентад ажралгүй сууж, жар гараад талийсан АН-ын Р.Гончигдорж З.Энхболдын эзгүйд хааяа модон алх барьж байхад хэн тэтгэвэртээ суухыг хүсэх билээ. 

Тиймээс л тэр МҮАН-аас данс дугуйлж, МАХН-д данслагдаж гээд тэтгэвэрт суучихгүйг хичээж яваа эр хүн. Түүнийг МҮАН-аас МАХН-д урвасан гэх албан мэдээлэл гараагүй ч хөндлөнгийн эх сурвалж ийн хэлсэн. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярт панаалдуулчихсан хэрэг. Үүний хариуд Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын суудал ирсэн юм биз дээ. Өнгөрөгч 2012 оны сонгуулиар “Шударга ёс” эвслийн жагсаалтад гайгүй дээгүүр, гуравт эрэмбэ заасан гэхээр Н.Энхбаярт ихээхэн ойр гэдэг нь харагдана. Тэтгэврийн нас нь дөхөж байгаа хэнд ч гэсэн дараагийн нүүдэл хэрэгтэй болно. Тэр тусмаа улстөрчийн хувьд энэ нүүдэл юу юунаас чухал. Ямар МАХН-ын дарга Н.Энхбаярын зөвлөх гээд тэнэгтэж явалтай биш.   

Тиймээс Засгийн газраас МАН-ын зургаан сайдыг хөөгдөхөд “Шударга ёс” эвсэл энэ зургаан суудалд хүмүүсээ томилсон. Энэ үед “Н.Энхбаяр Н.Батцэрэгийг намдаа элс. Тэгвэл сайд болгоно гэхэд тэрээр МҮАН-даа үлдэж, З.Баянсэлэнгийг сайд болгохоор боллоо” гэх мэдээлэл цахим ертөнцөд тарж байв. Гэсэн хэдий ч энэ мэдээлэл ташаарсан болохыг эх сурвалж хэлэв. Тэр ерөөсөө улстөрд үлдэж буй насаа Н.Энхбаярын дэргэд өнгөрүүлэхээр шийдсэн гэдэг нь илт. Найруулагч Л.Эрдэнэбулганы “Үхэж үл болно Чингис хаан” кинонд Чингис хаан нэгэнтээ “Жамух хэзээ ч ялагдлыг тэвчдэггүй хүн. Тиймээс тэр гэргүй явж нэргүй үхэхээр шийдэж. Түүнийг олж ир. Үлдсэн насаа миний дэргэд өнгөрүүлэг” хэмээдэг дээ. Ийм л зүйл болж байна.

Ерөөсөө өнгөрсөн хугацаанд болсон процесс Н.Энхбаяр, Н.Батцэрэг нарыг салгаж ойлгохооргүй болгосон. Ямар сайндаа түүнийг сайд болгохоосоо өмнө Н.Энхбаяр ийн хэлж байхав дээ. Тэрээр “М.Энхсайхан дарга Тавантолгойн асуудлыг өөрөөр яриад байгаа учраас “Шударга ёс” эвсэл 2012 оны сонгуулиар ярьсан зүйлийнхээ эсрэг байна гэсэн сөрөг зүйл яваад байгаа. Гэтэл бидний сонгуулийн мөрийн хөтөлбөр хэвээрээ учраас Н.Батцэрэгийг МҮАН-ын дарга болгоод асуудлыг зохицуулаад явъя гэсэн ч хүлээж аваагүй. Бид сонгуульдаа бэлтгэх ёстой, Тавантолгойн талаар 2012 оны сонгуулийн үеэр барьж байсан байр сууриа хэвээр хадгалах хэрэгтэй” хэмээсэн нь бий. Н.Энхбаярын хувьд Н.Батцэрэгт хандрах замаар МҮАН-ыг буулгаж авах санаархлаа ч ийн цухалзуулж байсан байж мэднэ. Н.Энхбаяр М.Энхсайхан нарыг эрх ашиг гэгч сүрхий зүйл холбож байгаа болохоос биш хоорондоо хонь чоно гээд хэлчихэд нэг их буруудахгүй.

Н.Батцэрэгийн хувьд 1982 онд багшаар ажлынхаа гарааг эхэлж, нийгэм задрах ная ерэн оны заагт улс орон даяар дэгдэж байсан коммунист дэглэмийг халах улстөрийн хөдөлгөөнийг орон нутагт эхлүүлснээр улстөрд хөл тавьсан хэрэг. Тиймдээ ч МоАХ-ны анхны Ерөнхий зохицуулагчаар Завхан аймагт ажиллаж байв. Эндээсээ бага зэрэг өгсөж, Завхан аймгийн Ардчилсан намын дарга болсон нь түүнийг улстөрд эргэж буцахааргүй оруулсан байх. Энэ үеийн ардчилагчдын улстөрийн замналын дэргэд бага санагдах ч түүний байгуулсан гавьяаг АН мартах учиргүй гэдгийг надаар хэлүүлэх юун. Яагаад гэхээр тэр төдийлөн шунаад дайрдаггүй зантай байж мэднэ. Эсвэл цаадуул нь үг хэлүүлдэггүй байхыг ч үгүйсгэхгүй. Улстөрчийн хувьд богинын зайны улстөрийн урваа шарвааг эс тооцвол ерөнхий ноён нураагаа алдаагүй нэгэн гэхэд болно. Ер нь аль ч намын бүлэгт тавиад оныхон зайгаа тавьж өгөхгүй чичэрч байхад тэр юунд улстөрийн тэтгэвэрт суухыг хүсэх билээ. 

Завхан аймгийн АН-ын дарга байсан Н.Батцэрэг тэндээ шат ахиулж, Захиргааны гишүүн, аймгийн Хянан байцаах албаны дарга байгаад мөн аймгийн  МҮАН-ын дарга болсон түүхтэй. Ингэж л МҮАН М.Энхсайхантай улмаар Н.Энхбаяртай холбогдсон хүн. Ингээд анх удаа буюу 1996 онд АН УИХ-д олонхи болоход УИХ-ын гишүүн болж байв. Энэ үеийг манай ахмад сэтгүүлчид “бор халзан хонь нэрээ дэвшүүлсэн ч УИХ-д орохоор цаг үе” хэмээн хошигнож бичсэн нь бий. 2000 оны сонгуулиар АН хөрснөөс арчигдахдаа тулахад мань эр ч хамт туугдаж, амьдрахын тулд төрөл бүрийн зүйл хийсээр Налайх дүүргийн АН-ын дарга болсон аж. Сайдын зөвлөхөөс эхлээд дэд сайд МҮАН-ын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд аар саархан зүйл хийсээр 2012 онтой золгосон нэгэн. Хувь улстөрчийн хувьд түүнд ухаж төнхөөд байхаар тийм ч зузаан намтар байхгүй. Өөрөөр хэлбэл, бусад шигээ элдэв зүйлд хутгалдаад байгаагүй юм билээ. Яагаад гэхээр тэрээр 1976 онд ерөнхий боловсролын сургууль, 1982 онд ЗХУ-ын Свердловск хотын УПК төгссөн цагаас хойш боловсролын сургуульд багш хичээлийн эрхлэгчээр ажилласан нь үүнд нөлөөлдөг болов уу. Тэр өнөөдөр ардчилалд оролцсон анхдагчдын нэг гэж цээжээ дэлдээд байдаггүй. Саяхан АН-д данслагдсан нөхөд ардчилагчид хэмээн цээжээ дэлдсээр улстөрийн арвин зузаан намтартай болж байхад тэр огтхон чимээгүй өмнөхөө амжуулж явснаас үүдэлтэй болов уу.  
 
Түүнээс биш Н.Батцэрэг 1992 онд Улс төрийн боловсролын академи төгссөн цагаас хойш 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 2006 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөх, 2006-2007 онд Шадар сайдын ажлын албанд зөвлөх, 2007-2008 онд Монгол Улсын Сангийн дэд сайд, 2009-2012 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан гээд дурдвал намтар зузаарч таарна. Даанч тэр энэ намтраа хөгжүүлж улстөрд өөрийнхөө орон зайг тэлээгүй. Ёстой л өнөөх урсгалаар нь явуулсаар өнөөдөрт ирсэн нэгэн. Харин аз таарч, “Шударга ёс” эвсэл хэмээх бүлэгтэй, тэр тусмаа Н.Энхбаяр гэдэг нөхөртэй хувь заяагаа холбосноор бүлгийн ч дарга болов. Сайдын суудалд ч ирэв. Үүнээс хойш ч тэр намтраа зузаалахыг огт хүсэхгүй л болов уу. Өдий болтол босгохыг хүсээгүй хөрөнгө түүн шиг бодь галд тийм ч амар хөрөнгө ирэхгүй. Өөрийнх нь суугаа газар бол улайрч байж л бэлээ зузаалдаг газар шүү дээ. Тэгэхээр тэр тэтгэвэртээ суухыг л хүсэхгүй байгаа болохоос биш бэлээ зузаалахыг илүүд үзэхгүй л байгаа болов уу. 
 
Саяхан түүний богинын зайд урваж шарвасныг эс тооцвол тэр улстөрд ч тэр, амьдралд ч ноён нуруу алдахгүй нэгэн хэмээн үздгийг дээр дурдсан. Магадгүй юм. Н.Батцэрэг тйим бүлэглэлтэй нийлээд нөхдөө унагалаа. Тийм ч олигархи бүлэглэлтэй хамт гар өргөлөө. Улстөрийн ийм хүчинтэй хуйвалдлаа гэх зэргээр сөрөг зүйл бараг дуулддаггүй. Энэ түүний унаган зан, багын хүмүүжил байж болно. Эсвэл цаадуултайгаа хэтэвч нийлдэггүй байх. Хэтэвчнийх нь хэмжээ нимгэн талдаа гишүүдийн тоонд зүй ёсоор оруулдаг юм билээ. Яахав, дурдах юм бол “Чилагу” ХХК-д 15762 ширхэг хувьцаа эзэмшдэг, үүний  нийт өртөг нь 1576200.00 төгрөг гэсэн байна лээ. Тодруулбал,  тус компанийн 16.35 хувийг эзэмшдэг гэсэн үг л дээ. Тэгээд бусдын адил “Lexus, RX-350” машинтай гэсэн мэдүүлэг харагдана билээ. Тэгэхээр хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй нөхдүүдийн дэргэд ёстой жижиг гар биз дээ. 2012 оны сонгуулийн дараа тэрээр “Ер нь МАХН-МҮАН-ыг нэг улс төрийн хүчин болох асуудлыг амьдрал аяндаа харуулна” гэж байв. Энэ нь хоёр намыг нэгтгэсэн ч яахав гэсэн санаархлыг цухалзуулсан хэрэг. Магадгүй, Н.Энхбаярын ч үг байж болно. Ийм л нэгэн кадр их улстөрд өөрийнхөөрөө амьдарч яваа ч хэзээ ч тэтгэвэрт гарахыг хүсэхгүй байна. 
 
                                         Сэтгүүлч, яруу найагч С.Ууганбаяр
 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.