

“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор гаргаад байгаа билээ.
Энэ дагуу Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Засгийн газрын ордоны зүүн талд байрладаг /хуучнаар/ “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг энэ оны арваннэгдүгээр сарын 30-нд хувьчлахаар болсон байна.
Уг барилга нь 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2,698 м2 эзэмшил газартай, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5,244 м2 талбай бүхий 2 давхар барилга юм. Барилгын тухайд ашиглалтын шаардлага хангахгүй, цаашид ашиглах боломжгүй болжээ.
Нээлттэй дуудлага худалдааны үнэ 7,155,000,000 /долоон тэрбум нэг зуун тавин таван сая төгрөг/, харин дэнчингийн хэмжээ нь 715,500,000 /долоон зуун арван таван сая таван зуун мянган төгрөг/.
Хуулийн дагуу дуудлага худалдаанд санал өгсөн иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийг дуудлага худалдаа болохоос 72 цагийн өмнө задлах ажээ.
Дуудлагын худалдаанд оролцох материалыг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны 10:30 цагаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ний 10:30 хүртэл ажлын цагаар Нийслэлийн Өмчийн Харилцааны газарт хүлээн авах юм байна.
Сэтгэгдэл (1)