УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тогтлоо

                    УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тогтлоо

Төрийн байгуулалтын Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуультай холбогдолтой 4 хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.

Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт сонгуулийн тогтолцоо, процесстой холбоотой гурван хуулийн төслийн талаар Байнгын хорооны гишүүд асуулт, санал гаргахгүйгээр зөвхөн төсөл санаачлагчдын илтгэлийг сонсоод Байнгын хорооноос ажлын хэсэг гарган нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй юм. Харин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан хууль хоорондын уялдааг хангах үүднээс тодорхой асуудлыг зохицуулахаар Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг тусад нь хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын санал гаргав. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд энэ саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Хуулийн төсөл санаачлагчид нь ч гишүүний гаргасан горимын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн тул эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж зохицуулсан байна.

Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийнөмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасан нь төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрх, албан тушаалаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглан давуу байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон зохицуулалт юм.

Гэвч уг зохицуулалтад төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг адилтган нэгэн адил шаардлага, шалгуурыг тавьж улмаар төрийн үйлчилгээний албаны гүйцэтгэх, туслах албан тушаал эрхэлж буй албан хаагчийн хувьд хувийн хэвшлийн ажилтантай харьцуулахад тэгш бус нөхцөл, хязгаарыг тогтоосон байна. Иймээс дээр дурдсан нөхцөл шаардлагын дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчлөхөөр тусгаснаа танилцуулсан юм. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Харин Байнгын хорооны гишүүдийн олонх нь сонгуультай холбоотой бусад гурван хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг заавал сонсох шаардлагагүй, эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байв.
Иймээс хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын нэр бүхий 8 гишүүний өргөн мэдүүлсэн Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр, харин Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 92.9 хувь нь, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 8 гишүүний санаачилсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүд санал нэгтэй дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.