

АНУ-ЫН БАРУУН ЭРЭГ ДЭХ МОНГОЛЧУУДАА ЭЛЭГНИЙ ВИРУСЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХААР БОЛОВ
Эрүүл элэг хөтөлбөрийг санаачлагч Оном сангийн ТУЗ-ийн дарга доктор Д.Наранбаатар, Монголын гастроэнтрологийн холбооны Ерөнхийлөгч, АШУҮИС-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал доктор, профессор Д. Даваадорж нар Сан Франциско дахь Ерөнхий консулын газарт зочилж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтаар Сан Франциско хот болон тус ЕКГ-ын консулын тойрогт багтдаг томоохон хотуудад монгол иргэдийн элэгний В, С, Д вирусын халдварыг илрүүлэн оношлох ажлыг консулын үйлчилгээтэй хамт 2016 оны нэгдүгээр улиралд зохион байгуулахаар тохиров.

Элэгний В, С вирусын эсрэг үйлчилгээтэй хамгийн сүүлийн үеийн эмүүдийг софосбувир/ледипасвир (Harvoni), софосбувир (Sovaldi), тенофовир (Viread) эмийг ихээхэн хөнгөлттэй үнээр авах асуудлыг шийдвэрлэхэд Сан Франциско дахь Ерөнхий консулын газар Эрүүл мэнд, спортын яаманд өмнө нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байсан юм.
Монгол улс элэгний хатуурал, хавдар үүсгэдэг хепатитын вирусын халдварын тархалт нэн өндөр улс орны тоонд багтдаг. Өнөөдөр Монгол улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их байгаа юм байна.