

Монгол улсад зорчих 42 орны иргэдийн визний хөнгөлөлтийг цуцална
Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад иргэд нь визгүй зорчих 42 орны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталсан. Улмаар Австри, Андорра, Аргентин, Дани, Их Британи, Исланд, Испани, Итали, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Уругвай, Финланд, Франц, Хорват, Чех, Чили, Швед, Швейцар зэрэг 42 улсын иргэд өнгөрсөн оны зургаадугаар сараас энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл манай улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй болсон юм. Харин дээрх визний хөнгөлөлтийг ирэх арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болгож, дахин сунгахгүй байхаар болсон гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдэгдлээ. Энэ шийдвэр нь ирэх онд Монгол Улсад болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад ирэх зочдын аюулгүй байдлыг хангахтай холбоотой аж.
Ирэх онд зохиогдох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж, энэ оны улсын төсвөөс таван тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан бол ирэх оны улсын төсвөөс 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахаар тусгажээ. АСЕМ-тай холбоотой бүтээн байгуулалт, бэлтгэл ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх Баасан гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд танилцуулах аж. Ямартай ч Ази Европын улс орны тэргүүнүүдийн уулзалт албан бусаар ярилцлага, хэлэлцээр хэлбэрээр үргэлжилдэг. Энэ жишгийг ч Монгол Улс баримталж ажиллах юм байна.
Швед улсын Стоколм хотод төвтэй Ардчилал сонгуулийн туслалцааны ОУ-ын хүрээлэнг Монгол Улс даргална. Ардчилал сонгуулийн туслалцааны ОУ-ын хүрээлэн нь шинээр ардчилалд шилжих гэж буй орнууддаа ардчилсан улс орнууд тусалж, сонгуулийн болон ардчиллын сайн засаглалыг бий болгоход дэмжиж, зөвлөдөг байгууллага.
Монгол Улс бүс нутгийнхаа хэмжээнд тайван замаар ардчилсан нийгмийг цогцлоосон сайн туршлагатай, үлгэр жишээ орны тоонд багтдаг аж. Энэ ч утгаараа Монгол Улс удахгүй тус ОУ-ын байгууллагыг даргалахаар болсон юм. Харин энэхүү ОУ-ын хүрээлэнгийн дээд хэмжээний хурал энэ сарын 25-27-ны өдрүүдэд болно. Энэ хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, тус хүрээлэнг даргалах үүргээ хүлээн авахаар болжээ.