
МҮОНР-ийн Сэтгүүлч, Зохиолч,яруу найрагч Л.Мөнхтөр
Сайн өдөр гэж байгаа болохоор муу өдөр гэж байх нь ээ...
Зурхайн ёсонд бол бүхий л өдрийг сайн муугаар нь ялгаж, заримыг нь Балжинням, Заримыг нь Дашням, заримыг нь тэрслүү, заримыг нь хохимой өдөр гээд тодосгоно. Тэгтэл бидний тоолж суугаа цагийн буулга болвоос улаан хараар тэмдэглэж, сайн муу гэсэн хоёрхон ангилалд багтаан 365 хоногоо хэлэлцэнэ. Бид ер нь баярлаж амарч байх гэж төрсөн бололтой юмаа даа...Нэгэн жил гэдэг 12 сар 365 хоногтой. Миний өмнө 2015 оны хуанли дэлгээтэй байна. Энэ хуанли дээр улаанаар тэмдэглэсэн тоог бодоод үзэхэд 112 гарч байна. Бид тэгэхээр 253 хоног л ажилладаг юм байна аа даа... Жилийн гуравны хоёрт нь л дөнгөн данган ажил хийж байна. Ингэж бодож болох авч, Ажил хийх ёстой 253 хоногийнхоо 74 хоногийг нь багаар бодоход унтаад өнгөрөөчихнө. Өдөрт 7 цаг унтдаг гээд л тооцоход тэр шүү дээ... Ингэхээр өнөө цөөн хэд хоног чинь 179 болчихлоо. Дээр нь сул цаг, идэж уух цаг, ажилдаа ирж очих цаг гээд хасаад байвал бидэнд ажлын өдөр гарахгүй нь...Түүнийг тооцож даралтаа ихэсгээд ч яах билээ... Монголчууд амралтын өдрийг "сайн өдөр" хэмээн нэрлэдэг нь ажил хийдэг өдрөө "муу өдөр" гэсэнтэй ялгаагүй сонсогдож байгаа биз... Хэзээнээсээ нааш амарч байхын хүсэлтэй ч юм шиг. Гагцхүү малчин хүнд хуанлийн улаанаар тэмдэглэсэн амралтын буюу САЙН өдөр хамаарахгүй. Тэд амралтын өдрөө хө гээд гэрээсээ гарахгүй өнжих эрх байхгүй.
Тийм болохоор малчин хүн л 365 хоног ажлын өдөртэй болж таарах нь ээ...Дээхнэ үедээ долоо хоногт нэг сайн өдөр тохиодог байсан бол амрах хүслийг нь дагуулаад засгаас бас нэг өдрийг хагас нь сайн, хагас нь муу өдөр болгосон. Ингээд 7 хоногтоо нэг бүтэн, нэг хагас "сайн өдөр"-тэй буюу 36 цагийн амралт эдлэх болсон. Хориод жилийн өмнөөс өнөөх амралтын өдөр буюу сайн өдөр нь бас л чамлагдаад долоо хоногтоо бүтэн хоёр өдөр амрахаар болж сайн өдрийн тоо хуучнаасаа 0,5 дахин нэмэгдсэн. Ажлын буюу муу өдрийн тоо цөөрсөөр байгаа нь бидний хүсэл биелээд байна гэсэн үг юм уу даа... Нэгэнт амралт,баяр ёслолыг САЙН хэмээн бэлэгшээх дуртай болохоор бэсрэг наадам, даншиг, гадаад дотоодын салбарын баярын өдрүүдийг тун ч овчин олж илрүүлж тэмдэглэж амарна.

МҮОНР-ийн Сэтгүүлч, Зохиолч,яруу найрагч Л.Мөнхтөр
Тэгж ч хүүхдийн баяр, ингэж ч мартын найман, тэр ч Валентина, энэ ч эр цэргийн баяр, үндсэн хуулийн өдөр, инээдмийн өдөр, санүүхчдийн өдөр гээд явж өгнө...Тоочоод байвал ямар нэг баяр ёслол, тэмдэглэлт үйл явдалгүй өдөр гэж бараг байхгүй ээ. Ийм өдрүүд цаашдаа ч үргэлжилсээр байх болно. Мөхөс сэтгүүлч миний бодоход цааш цаашдаа сэтгэлгээний шинэчлэл хийх шаардлага гарч байна хэмээн бодох юм. Ядаж л амжиргаагаа залгуулж буй хөдөлмөр болсон ажлын өдрөө САЙН гэсэн үгийн эсрэг утгаар ойлгомооргүй байна. Жаахан ч гэлээ хөдөлмөрлөмөөр байна. Дээрх хэдэн тоог бид анзаарч байсан уу даа...