“Эрдэнэс Таван Толгой” компанийн Гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлөв

             “Эрдэнэс Таван Толгой” компанийн Гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөлөв

Эрдэнэс Таван Толгой хувьцаат компанийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай асуудлыг эсэргүүцэн тус компанийн ажилчин, "Эв санааны нэгдэл" ҮЭ-ийн төлөөлөн удирдах Зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн маш харамсалтай үйлдэл болсон билээ. 

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая холбогдох албан тушаалтнуудыг яаралтай цуглуулж үүрэг даалгавар өгсөн байна. Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл хийв.

Юуны өмнө энэ асуудалтай холбогдуулан өөрийгөө шатаах оролдлого хийсэн С.Эрдэнийн биеийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг Эрүүл Мэнд, Спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болголоо. Мөн эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлыг Эрдэнэс Таван Толгой хувьцаат компаниас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн байна.  

Дараагийн өгсөн чиглэл бол үүсээд буй нөхцөл байдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. 

Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Таван Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлөв. Улмаар компанийн хуулийн дагуу шинэ Гүйцэтгэх удирдлага томилогдтол “Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн захирал Т.Билгээ “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн Гүйцэтгэх удирдлагыг түр орлон гүйцэтгэхээр боллоо. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.