Б.Баяртогтох: Хөвсгөл нуурынхаа хөвөө эрэгт

                 Зохиолч, сэтгүүлч Б.Баяртогтох: Хөвсгөл нуурынхаа хөвөө эрэгт

"Сүхбаатар" хөлөг онгоц зогсоолдоо. Намар л ийм байсан гэмээр янзаараа байх шиг ээ. Борооны зузаан үүл бөөн бөөнөөрөө хуралдаж бидний дээр нэгэн цул болж тогтсон байна. Хатгалд хэзээ мөдгүй л их усан бороо асгарах шинжтэй дэг ээ. Энэ нь нэг л түгшүүртэй юм шиг санагдана. Олон хоног борооших вий гэсэн бодол эрхгүй төрнө. Бороо ороод л байвал нуур далайгаа үзэж чадахгүй, буцах санааширал ургаад ирнэ. Хөвсгөлд зургаан сарын эхээр бороо, цас, мөндөр холилдож орох нь энгийн үзэгдэл. Үүнийг мэдэхгүй над мэт нь зузаалж гараагүйдээ сая ихэд харамсана. 

Хатгалынхан гэж хүйтний дархлаа тогтсон, даарна гэдгийг эс мэдэх хүмүүс бололтой. Байгаль дэлхийн ааш араншинтайгаа зохицох мэт тун нийлэмжтэй аж төрнө. Аль байдгаараа л дулаалж байхад дээгүүрээ цамцтай, хагас шалдан нялхас хөл нүцгэн гүйж явах нь бий. Өмнөөс нь хамрын ханиад хүрэх шиг л болно. Энэ зүгийн шувууд хүртэл аль эрт нуур усандаа ирчихсэн байна. Хатгалын зуныг дөрвөн уулын хавар цагтай л зүйрлэмээр. Хүйтэн салхи хавирга нэвт үлээх мэт жиндүүлнэ. Далайн ус хүйтэн байгаа даа гэж бодохоор голд хүйт даана. 

Нуурын их уснаа ангир шувууд нь хөвөх авай. Тэдний зарим нь амар амгаланг олсон мэт дөлгөөн төрхтэй харагдана. Хүйтэн гэж халгасан усанд уран хошуугаа хүргэх мэт болоод сүргээ даган цааш хөвөөд бараа алсарна. Загас усандаа л жаргалтай гэдэг шиг шувуудын эрхэмсэг байдалд улам жавхаа оржээ. Үүнийг эргээс ажих нь бидэнд чимэгтэй. Жигүүртний сэтгэл хоргодох Хөвсгөл далай газрын тэнгэр мэт торх үүлгүй цайвалзана. Түүний торгон мандлыг эмжих зүг зүгийн шувууд зүйл зүйлээрээ ирсэн байна. 

Хязгаар нь үл харагдах нуур, далайг үзээгүй говийн хүнд бол Хөвсгөл уулга алдмаар шүү. Энэ нууранд л жигүүр юүгээ цуцаан, дэлхийн "дээвэр" болсон Гималайг давж ирсэн шувууд зуншдаг. Хотгойдын нутаг щувуудын даллагатай аж. Зарим нь Хөвсгөл нуурт зуны эхэн сараар ирж, намрын адаг сард халуун салхийг баримжаалан холхи орныг сүргээ даган нисдэг байх. Шувуудын түрүүч нь их усандаа ирж буусаар л...

Зарим жил нь зуны саруудад ч үл бүлээцэх нуурын ус одоо гүндээ мөсөн хучлагатай байгаа нь лавтай. Дөнгөж л зургаан сарын эх шүү дээ, одоо. Хорьдол сарьдаг, Сантын нуруу оройдоо үүлэн суудалтай дүнхийнэ. Уулсын өвөр бэл, ар сэнтийд манан будан хөшилдөх аж. Харин хормойд нь Хөвсгөл нуур хаяа нийлнэ. Бие биедээ уул, ус ингэж хань болно. Нуурын эргээр ганцаар алхахад хөндүүр гуниг исгэрэн одох нь нэг л таатай. Эргээ элээх их усны түрлэг л сэтгэлд минь цалгих мэт болно.

Хатгалын өвөл Завханы Тосон цэнгэлээс дутахгүй байх гэж асуухад минь нутгийн олон хавар л хэцүү гэх. "Утсан загас зарна" хэмээн дугуй унасан жаалууд хоорондоо энд уралдаж, давхилдаад Хатгалын төв хүүхдүүдийн цовоо сэргэлэн дуугаар гоёх аж. Амьдрал үргэлжилж байна. Хүмүүний түүх зогсолтгүй эргэж байгаа нь тэр. Өрнөсөөр л. Буриадын нэгэн тосгон шиг л Хатгал санагдана. Гэхдээ харагдах байдал нь ийм боловч тэс өөр. Торхон байшингаас хэдхэн алхмын зайтай далай мэлтийнэ. Модоор хийгээгүй эд зүйл, эдлэл хогшил гэж энд бараг л алга.

 Хатгал гэснээс "Үндэсний шуудан" сонины сэтгүүлч Нараа эгч энэ дошнынх. Тэрбээр жил болгон л Хатгалдаа усны шувуу шиг ирж, намар нь орон хотоо зүглэсээр Улаанбаатарт ирдэг. Тоймлон хэлбэл, ээлжийн амралтаа ингэж тааруулдаг гэсэн үг. Цагаан сар тааруулаад явчихаад ирлээ гэсээр уулзах нь бий. Түүний төрсөн бас өссөн нутаг нь Хатгал. Өглөө бүр л нуураа харсаар сэрэх, үдэш болгон нуурынхаа хөвөөнд тоглож наадсаар өнгөрүүлсэн түүний бага нас Хатгалд үлдсэн байна. Нараа эгч нуур шигээ л тогтуухан.

Монголын бахархал, дэлхийн цэвэр тунгалаг усны "ай сав" болсон нуурынхаа дэргэд зон олон зовлонтойхон, жаргалтайхан амьдарч байна. Нуурын ус эргээ эмтлэх мэт халин мэлтэлцэхэд сая живаа болор дусал эргийн дагуу сувдран бөнжигнөх буюу. Давалгаа наашилна бас цаашилна.  Дахиад л эрэг өөдөө түрэх мэт ус эрчээ авна. Уулсын дунд туульс хайлах мэт Хөвсгөл нуур өглөө нь манантай, үдэш нь тэнгэрийн оддыг элгэндээ надуулан байнам.

Нуураас сэр сэр салхи үлээнэ. Гэсэр, Жангарын тууль санаанд минь буув. Тайгын модонд хөхөө донгодох нь яалт ч үгүй л байгалийн симфони. Сэтгэл гэгч өег. Далай амгалан, дархадын нутаг хурын үүлтэй. Эрх дураараа бууж, нисэх ангирын сүрэг, дур зоргоороо үсчих загасны оронд саатах минь жаргал юм байна. Жаргалтайн дэлгэр эх орон минь. Хүн байгалийн амьтан учраас түүнд татагдан дурлах нь бий. Үдлэх хугацаагаа сунгаж, явах цагаа хойшлуулмаар... 

Нуурын усанд түмэн бодлоо цацан алхаж явсаар Хүзүүвчийн шилд ирлээ. Хатгалаас нуурын зүүн эргийг дагаад Хүзүүвчийн шил рүү ирж болдог юм. Гэхдээ алхахад бодолдоо автах мэт зайтай. Далайн эрэг дагуу байрласан жуулчны бааз, амралтын газар, олон хөлийн буудал одоо л "амь" орж байна уу даа гэмээр. Зарим торхон байшингаас модны цэнхэр утаа суунаглах аж. Модны утааг тайгын шугуй залгиад номин тэнгэр төрмөл өнгөөрөө тунарна. 

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, өнгөрсөн жил манай улсад 400 гаруй мянган жуулчин ирсэн байна. Тэдний гуравны нэг нь Хөвсгөл нуурыг л зөвхөн зорин ирдэг гэсэн судалгаа гарсныг дуулгая. Зуны аятай саруудад Хөвсгөл аймгийн нийт амаас давсан жуулчин Хатгалын зүг ирж буцдаг. Энэ бүс нутагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлбэл, дээрх тоо хэд дахин үржих боломжтойг Аялал жуулчлалын үндэсний төвөөс нэг бус удаа мэдэгдсэн удаатай.

Дэд бүтэц, зам харгуй нь сайжирвал зундаа бараг л байнгын жуулчинтай байх нь. Гадаадын жуулчдаас гаднаас дотоодын жуулчдыг үүнд багтаавал данагар тоо гарна. Жуулчны баазууд хэт жижигхэн, хуримтлал хөрөнгөгүй, зөөлөн дэд бүтэц хөгжөөгүй, аялалын бүтээгдэхүүн хомс зэрэг шалтгааныг жуулчны тур компаниуд хэлж байна. Энэ нь их хэмжээний жуулчдыг хүлээн авахад хүндрэл үүсгэдэг болохыг тэдний зарим нь учирласан юм. 

Улаанбаатараас Булганы Уньт хүртэл хатуу хучилттай замаар тух алдалгүй дахиад, байгалийн шороон замтай золгож байна. Зам Хөвсгөлд асуудал хэвээр. Мөрөнгийн төвөөс Хатгал орох замыг хэдий сайжруулсан ч гэлээ мөнгөө төлж яваа жуулчны сэтгэлд яахан нийцэх. Далай хүртэл зам тавих засгийн төлөвлөгөө бий. Уул хүүшилж, нар жаргах нь. Модны галд даргилан буцлах цайны уур гэрт хургасан жаврыг үргээж, тогоонд оройн хоол залгалаа. 

Өглөөний нар тооноор хэдийнэ биднийг ширтэх авай. Замын явдалд ядарсан болохоор нам унтжээ. Агаар салхинд нь цохиулаад, амарсан шиг амарлаа гэцгээн ярилцах зуур өглөөний цай болоод явчихав. Бид хам хумхан цайлсан болоод нуурын зүг одоцгоосон юм. Нарны цацрагтай сүлэлдэх нуурын толиот мандал бидэртэнэ. Шөнөдөө даарч хоноогүй нуурын ус бүлээхэн мэт.

Бидний буусан гэр баазаас холгүйхэн байх дүнзэн торхтой жуулчны бааз зочинтой байгаа аж. Тэндээс хоёр бүсгүй айсуй. Нүд унамаар бүсгүйчүүд ирж явна, нүдний хор уначих вий дээ. Гэхдээ бидний зүг биш л дээ, нуурынхаа зүг яваа нь тэр. Усанд л яваа бололтой сав суулгаа гялбалзуулна. "Завтайсан болоод, мортой ч болоосой" гэж нэгэн маань тэндийг хараад өгүүлнэ.

Орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн "Хөдөө талын үзэсгэлэн"-г хэзээ уншиж байснаа энэхэн зуур санах гэж оролдов. Долдугаар ангид юм байна. Зохиолоос сэтгэлд хамгийн тодхон үлдсэн хэсэг нь энэ буй. "Цагаан саарал морины нуруун дээр ногоон гөлөмтэй боржигон янзын эмээлийг тохсон нь холхи газрын хүлгийн өнгө ялгаран, үзэсгэлэн бүрдээд, түүний дээр залуу охин хормойгоо цэмцийтэл, гуяа мөлчийлгөн ороогоод, хөндлөн суужээ. Үзвэл нас арван найм, ес, шинэ сарны адил хурц тунгалаг гэрэлтэнэ. Урт хар гэзгээ гурваар даран унжуулж, улбар шар дурдан алчуураар толгойгоо ороон, өрөөсөн нүдний дээд тал дээр хэлтгий зангилан үзүүрийг унжуулсан нь залуу бүсгүйн дэгжин байдлыг үзүүлжээ..."

Нуур, ангир, салхи, борооны үүл, хөхөө, хоймор нутаг. Хатгал. Нуурын давалгаа эргийн чулуугаа мөлийтөл хүлхэх аж. Хүлхэн чулуу нь хөх сувдан зүүлт тасарч ойчоод газраар нэг зулах мэт цацарна. Энгэрийн товч шиг чулуу усаа даган нүүнэ. Хөвсгөл нуураас Эгийн гол эх аван Сэлэнгэ мөрөнтэй төрөл болдог. Нуурын ус ингэж л Сэлэнгэ мөрнөөр дамжин Байгаль нууртай уулздаг юм. Хөвсгөл нуурт 96 гол, горхи цутган сая далай бүтдэг. Одоо хэд нь цутгадаг бол... Хөх сувдаар эргээ чимсэн далайн дэргэд бид зогсож байна. Хөвсгөл нуурынхаа хөвөө эрэгт л бодлоо төөрүүлж үүр цайлгахсан.

                                              Зохиолч, сэтгүүлч Б.Баяртогтох

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.