

Цэнхэрүүд задарч, улаанууд нэгдэх үү?
-Гэвч, улс орон, эдийн засагт бол улаануудын нэгдэл, цэнхэрүүдийн хуваагдал аль нь ч ашиг авчрахгүй-
“Их мөрөн шалбаагтай нийлдэггүй” хэмээн нэг нь нөгөөдөө томорч, авлигач, олигархиараа дуудалцаж явсан гарал үүсэл, түүх нэгтэй коммунистуудын нэгдэх, эвсэх тухай яриа дахиад дэгдлээ. Энэ удаад МАН, МАХН-ын ахмадуудаас М.Энхболд, Н.Энхбаярт нар хандаж “хадаг сүй” тавьцгаахыг хүсэв.
Өршөөлийн хуулиар Ардчилсан намынханд өр рүүгээ өшиглүүлсэн Н.Энхбаярын хувьд Ардын намтай нийлж аваад “өшөөгөө авах”-ыг төлөвлөж суугааг бол үгүйсгэхгүй. Өвгөдийн захиас, өргөх бичгийнх нь хариуд өчигдөр МАН-ын дарга М.Энхболд ахмадуудын МАХН-ын Удирдах зөвлөлд яаралтай танилцуулж, тоймтой хариу өгнө гэдгээ товч бөгөөд тодорхой илэрхийлсэн байна лээ. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын “Нэгдэхэд буруу ч юм байхгүй” гэх утгатай ярилцлага телевизэд өгснөөс харахад улаануудын эвсч, нэгдэх яриа энэ удаад харин амжилттай, ирэх сонгуульд улаан сарнай, улаан өнгөн дороо нэгдэж хамтрах тохиролцоо нь бүтэмжтэй болж магадгүй байна. Ийнхүү Ардчилсан намынханд "мад тавиулсан" МАХН-ынхан МАН-ынханд хандарч, үсэрсэн цус, тасарсан махнуудаа өмөөрөн хамгаалах, нэгдэх нэгдэх сонирхолтой хүмүүс ч МАН дотор олон байгаа.
Өнгөрөгч долоо хоногт Тусгаар тогтнолын ордонд болсон “Бид хамтдаа” форумд МАХН-ынхан их идэвхтэй оролцсон хийгээд энэ үйл явдлын дараахан ахмадуудынхаа ая, эвээ олох, асуудлаа ярилцахыг хүссэн зөвлөгөөг их л уриалгаханаар хүлээж авсан зэргээс нь харахад М.Энхболдод ч, Н.Энхбаярт ч эвсч нэгдэх чин хүсэл цээжнийх нь цаана байгаа нь илэрхий.
Юуны тулд “улс төрийн мөнхийн дайсан, мөнхийн нөхөр” байдаггүй билээ, улс төрийн стратеги талаас нь харсан ч МАН болоод МАХН-ынхан нэгдлээ гэхэд буруутгах зүйл үгүй. Тэдний нэгдэх, нийлэх асуудал зөвхөн цаг хугацааных нь байгаа.
Угаасаа өнгөний ялгарал ч үгүй, үзэл бодол адилхан тэд дундуураа дүүргэж, дутуугаа нөхөөд сонгуульд орлоо гэхэд олонх болохоо байг гэхнээ цөөнх болохгүй ч юм бил үү, хэн мэдлээ. Ардчилсан нам "хар машиндаа" найдаж байгаа шиг Ардын намын найдлага Н.Энхбаяр байхыг үгүйсгэхгүй. Иймээс улс төрийн тактик талаасаа улаануудын хувьд 2016 онд ялах боломж нь улаан сарнайн дороо хамтдаа тэмцэх байж болно.
Гэхдээ Ц.Нямдоржийн үгүйсгэлийг үгүйсгэж, “Их мөрөн шалбаагтай нэгдсэн” тохиолдолд М.Энхболдод биш Н.Энхбаярт, МАН-д бус, МАХН-д ашигтай хувилбар байж болох юм. Тэгээд ч “Алим модноосоо хол унадаггүй” гэсэн үг бий. “ Сант Марал” төвөөс хийсэн хамгийн сүүлийн судалгааны дүн харахад МАН-ын 38, 9 хувийн рейтинг дээр МАХН-ын 18.9 хувинй рейтинг нэмбэл, эрх баригч Ардчилсан намд оролцогчдын зүгээс өгсөн 33 хувийн рейтинг давж чадна. Энэ үзүүлэлтээс харахад улаануудын нэгдэл арван зургаан оны сонгуульд амжилт авчрахыг үгүйсгэх аргагүй.
Ийнхүү төрийн ордны гадна улаануудын эвсч, нэгдэх яриа ид өрнөж байх хойгуур саарал ордон дотор цэнхэрүүд, талцаж, хуваагдах тухай “бор шувуу” нисгэж байна. Хамгийн сүүлд гэхэд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагийн баривчилгааны дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга Ардчилсан намыг задалж, МоАХ фракциа аваад гарна гэдэг зүгээр ч нэг анхааруулга биш болов уу. Тэр хүсвэл түүнийг Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, М.Зоригтоос эхлээд дагаж намирах хүмүүс цөөнгүй байгаа. Үүний өмнөхөн Н.Алтанхуяг Бүтээн байгуулалтын нам байгуулах нь гэсэн “бор шувуу” улс төрийн хүрээнд өдөлсөн.
Хэдийгээр энэ мэдээг эрх баригч хүчин үгүйсгэж байгаа ч Эдийн засгийн хөгжлийн экс сайд Н.Батбаяр ийм нам байгуулна гэсэн яри улс төрийн хачир болж байна.
Ардчилсан намын удирдлагууд өнгөн дээрээ “АН задрахгүй” гэж хэлж байгаа ч цаанаа бол аль хэдийнээ тус нам хуваагдахад бэлэн ан цав гарчихаад удаж байгаа шүү дээ. Хэдийгээр Ардчилсан намынхан даргаасаа эхлээд фракцигүй болж байгаагаа сайрхан ярьдаг тус намын бүлэглэлүүдийн тэмцэл хаалгаа тийрээд сад тавьж байна.
Тавантолгой, төмөр зам гэсэн мега төслийг тойрсон тус намын фракциудын хэрүүл Х.Баттулгын өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн шиг “эрх мэдлийн төлөөх энэ тэмцэл” нь Ардчилсан намыг талцуулаад зогсохгүй, таван намын нэгдэл болсон тус намд задрал нүүрлэхэд тун ойрхон аваачив. Үнэндээ “Ард түмнээ хайрлая” гэж Л.Гүндалай нам байгуулснаа ганцаараа ил тод зарласан болохоос Ардчилсан намыг задлах хүсэл сонирхол гишүүдийнх нь дунд ажиглагдах болсоор удаж байгаа шүү дээ.
Ардын нам тасравч АН-ын дайтай гэж С.Баярын нэгэнтээ хэлсэн шиг энэ удаад Ахдчилсан намд хуваагдал нүүрлэвэл Ардын намынх шиг ядаж 26 кноп зулгааж чадах нь юу л бол. Арван хоёр оны сонгуульд Ардын намын ялагдсанд Н.Энхбаяр буруутай шиг, Ардчилсан намын ялалтад МАХН гавъяа бий. Ийнхүү арван зургааны оны сонгууль ойртохын хэрээр улаанууд нэгдэх, цэнхэрүүд хуваагдах тухай яриа хүчтэй өрнөж байна.
Улс төрд ирэх ашиг хонжогоо бодвол улаануудын нэгдэл өөрсдөд нь ашигтай. Н.Энхбаяр гэдэг хүний өнө эртний болоод өнөөдрийн өс хонзон авах гишгүүр ч болж магадгүй. Харин Х.Баттулга МоАХ-аа аваад, Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар шинэ нам байгуулаад гарах юм аваас Ардчилсан нам болоод цэнхэрүүд амиа хорлолоо гэсэн үг. Гэхдээ АН-ын дарга эрхбиш намаа задлах, хуваагдах хэмжээнд арай аваачихгүй байлгүй дээ. Эцэст нь хэлэхэд улаануудын нэгдэл, цэнхэрүүдийн хуваагдал улстөрчдөд өөрсдөд нь ашигтай байж болох ч улс орны хөгжил, эдийн засаг талаасаа аль, аль нь ашиг авчрахгүй нь харин үнэн билээ.
Эх сурвалж: News.mn Ж.НЯМСҮРЭН