САЙД, ГИШҮҮДИЙГ ӨРХ, ДҮҮРГИЙН ЭМНЭЛГЭЭР ЗААВАЛ ҮЙЛЧЛҮҮЛДЭГ ЖУРАМТАЙ БОЛМООР САНАГДЛАА...

САЙД, ГИШҮҮДИЙГ ӨРХ, ДҮҮРГИЙН ЭМНЭЛГЭЭР ЗААВАЛ ҮЙЛЧЛҮҮЛДЭГ ЖУРАМТАЙ БОЛМООР САНАГДЛАА...

Хэд хоног эмнэлгээр ороод гарлаа. Манай эмч нарын мэргэжлийн чадвар сайн юм. Энэ зуурт олон зүйл анзаарагдаж, янз бүрийн юм бодогдож, баярлан талархах сэтгэл төрж, бас олон зүйл ихэд эмзэглүүлэв... Энэ бүхний тухай дараа тухтай бичнэ ээ. Ингэхэд манай эрүүл мэндийн салбарт асуудал их хуримтлагдсан байдаг юм байна. 

Хамгийн түрүүнд ямар сэтгэгдэл төрөв гэвээс, харьяа дүүргийнхээ эмнэлгээр үзүүлэх, үйлчлүүлэх нь бүү хэл Төвийн томоохон эмнэлгүүдээрээ ч шагайдаггүй салбар хариуцсан сайд дарга нар, мөн манай эрхэм гишүүд, ерөөс төрийн тодорхой шатнаас дээшх удирдлагуудыг онцгой, гарцаагүй шаардлагатайгаас бусад бүх тохиолдолд Улсынхаа эмнэлгээр үйлчлүүлж, гэхдээ сайд дарга нарын эмнэлгээр бус бүр эгэл олны үйлчлүүлдэг харьяа өрх, дүүргийнхээ, мөн I, III гэх мэт эмнэлгүүдээр заавал үйлчлүүлдэг журамтай баймаар юм байна. Бүр тэгж шаардаж, шаардлагатай бол хуульчилж өгсөн ч болохгүй юмгүй мэт. Бид чинь 25 жилийн өмнө Ардчиллыг эхлүүлэхдээ сайд дарга нарыг тусгай эмнэлгээр үйлчлүүлдэг хэмээн хурцаар шүүмжлэн жагсаж байв.

Ийнхүү сайд дарга, эрхэм гишүүд маань Улсынхаа эмнэлгээр үйлчлүүлэхийг шаардах чухал хоёр учир шалтгаан байна.
.

НЭГД, дотоодынхоо буюу Улсын гэх эмнэлэгтээ, тэнд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүддээ итгэх итгэлийг бэхжүүлэх, тэднийхээ ур чадварыг үнэлэх, ажил үйлсийг нь үнэ цэнэтэй, эрхэм нэртэй болгоход энэ алхам хэрэг болно.
.
ХОЁРТ, манай улсын гэх өрх, дүүрэг, улсын чанартай эмнэлгүүдэд чухам юу нь болж, юу нь болохгүй, асуудалтай байгааг, хаана нь ямар доголдол, бэрхшээл байдгийг дарга нар нүдээрээ харж, зовлонг нь биеэрээ мэдрэх нь эдгээр хуримтлагдсан бэрхшээлийг нааштай шийдвэрлэх, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг амьд болгоход чухал нөлөө болно гэдэгт итгэлтэй байна.

Ингэхэд дарга гэдэг чинь анхнаасаа тусгай төрчихсөн эрхэм дээд каст биш шүү дээ. Бид чинь ардчилсан улс байгуулах гэж онож алдаж, будилж, төөрч яваа улс. 90 онд хэлж, шаардаж байсан үгсээ, зарчимаа эргэж нэг ч болов санамаар юм.

Бусад асуудлыг түр үлдээе.

                                         Зохиолч,Сэтгүүлч Б.Номинчимэд

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.