С.Бямбацогт: ”Халх гол” чөлөөт бүс байгуулах тогтоолыг эргэж харна

              С.Бямбацогт: ”Халх гол” чөлөөт бүс байгуулах тогтоолыг эргэж харна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, ирэх оны төсвийн төслийг хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт, мөнгөний бодлогын талаар МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийлээ. Энэ долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Үүнтэй холбоотойгоор МАН- ын бүлэг Халх голыг чөлөөт бүс болгох УИХ-ын 75 тоот тогтоолыг эргэж харах нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ- ын тогтоолын төсөл, Халх гол чөлөөт бүсийн асуудал орж ирсэн. Харамсалтай нь, чөлөөт бүс байгуулах тогтоолоо түрүүлж хэлэлцээд бодлогын баримт бичгээ батлалгүй үлдээсэн. Уг нь бодлогодоо нийцүүлж Халх гол чөлөөт бүсийн асуудлыг ярих ёстой байсан. Тийм болохоор бодлогын баримт бичгээ эхэлж баталъя. Шаардлагатай бол Халх гол чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлыг ярих нь зүйтэй гэж үзсэн” гэлээ. МАН- ын бүлгийн хувьд өнгөрсөн долоо хоногт Засгийн газар татаж авсан 2016 оны төсвийн талаар өмнөх байр сууриа баталгаажууллаа. Тухайлбал, гадаад томилолт, сургалт, зөвлөгөөн, семинарын зардлыг бууруулах ёстой гэж үзэж байгаа юм. Мөн ирэх онд шинэ хөрөнгө оруулалтыг эхлүүлэхгүй. Учир нь, өмнө эхлүүлсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг дуусгах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа энэ үеэр дахин дуулгасан. Түүнчлэн Засгийн газар ирэх онд Төрийн банкийг хувьч- лах саналыг төсвийн төсөлд руулж ирсэн. МАН-ын бүлэг Төрийн банкийг хувьчлахгүйгээр өөрчлөн байгуулалт хийх замаар жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх банк байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан, Үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэх мэт ерөнхий зорилго нь ижил мөртлөө олон салангид сан, үүн дээр Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг нэгтгэж банкны активыг нэмэгдүүлж болно гэж тэд үзэж байгаа юм байна. Нийгмийн даатгалын сангийн 500 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад бага хувийн хүүтэй байршиж байгаа. Энэ мөнгийг Төрийн банкинд байршуулах замаар ахмадуудын тэтгэврийн зээлийн хүү, жижиг дунд үйлдвэрийн зээлийн хүүг бууруулахад анхаарах ёстой гэж бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. Мөн ирэх баасан гаригт МАН-ын бүлгийн хүсэлтийн дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ. Үүнтэй холбоотойгоор энэ хуулийн хэрэгжилт, төрийн албан тушаалтнуудын алдаа дутагдал, мэдээллийг хүлээн авч, ард иргэдийн санаа бодлыг тусгана гэдгээ бүлгийн дарга С.Бямбацогт онцолсон юм. 
 
                Б.Чойжилсүрэн: Эдийн засагт “аврах ажиллагаа” хэрэгтэй боллоо

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл хэт бөөрөнхий, тодорхой асуудлыг шийдэх шийдэлгүй байна гэж УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ “Монголбанк эхний ээлжид ядуурал, хямралын эсрэг дэд хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлэх ёстой. Гоё сайхан хөтөлбөр ярихаас илүүтэй Монголбанк 2016 онд эдийн засгийг дампуурлаас аврах дэд хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эдийн засагт “аврах ажиллагаа” хэрэгтэй боллоо. Банкны систем хямралд орох магадлал өндөр болсон. Учир нь чанаргүй зээлийн хэмжээ 10 гаруй хувьтай байна. Зарим банкинд 20 орчим хувьд хүрсэн сураг бий” гэлээ. Монголбанк аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хүлээлтэд хариу болгож 2016 онд банкны зээлийн хүүний дээд хэмжээ, валютын ханш дунджаар хэд байх талаар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй гэж Б.Чойжилсүрэн гишүүн онцлов. Мөн мөнгөний хатуу бодлогыг цаашид үргэлжлүүлэн явуулах, сүүлийн гурван жилийн эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг УИХ-аас байгуулах ёстой гэв. Уг мэдээллийн дараа бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдийн сонирхсон асуул- тад хариулт өглөө.
 
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН ярьж байгаа ч дэмжиж гарын үсэг зураагүй гэх зүйлийг АН-ын бүлгээс мэдэгдсэн. Энэ ямар учиртай юм бэ?

 
-УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх эсэхийг нь шийдсэн тохиолдолд ярьж эхэлдэг. Харамсалтай нь, өнөөдрийн байдлаар Үндсэн хуулийг УИХ-д өргөн мэдүүлээгүй байна. Тиймээс ярьж эхлээгүй бөгөөд УИХ-д өргөн мэдүүлээгүй асуудлаар бид ярих боломжгүй. Өргөн мэдүүлээгүй байхад МАН дэмжихгүй байна гэж ярих нь өрөөсгөл юм.

-УИХ-ын 50 гаруй гишүүн дэмжсэн тохиолдолд өргөн мэдүүлэх эсэхийг шийддэг юм биш үү?

-Хууль санаачлах эрхтэй 78 субъект бий. 76 гишүүн дээр Засгийн газар, Ерөнхийлөгч. Тиймээс хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд нэг гишүүн ч гарын үсгээ зураад санаачлах эрхтэй. Заавал 50 гишүүн нэгдэж байж хуулийг өргөн мэдүүлдэг гэсэн ойлголт байхгүй. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд, яг үнэндээ МАН-ын бүлгийн гишүүдийн санаачилсан олон хуулийн УИХ-ын дарга хүлээж авахгүй байгаа. Бид өргөн мэдүүлж чадахгүй байна. Тухайлбал, Төрөөс ахмадын талаар баримтлах бодлогын бичиг баримт, Ахмадууддаа ач санах тухай хууль, Алслагдсан бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа аж ахуйн нэгж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилго- той бүсийн хөнгөлөлтийн тухай гэх мэт маш олон хуулийг бид санаачлаад Засгийн газраас саналаа аваад УИХ-д өргөн мэдүүлэх гэхээр УИХ-ын дарга хүлээж авахгүй байгаа шүү дээ.

-2016 оны төсвийн төсөлд яамдын тоог цөөрүүлэх саналыг оруулж ирсэн. Гэтэл сөрөг хүчнийхэн энэ саналаар далимдуулж засгийг огцруулах гээд байсан учраас буцаан татаж авсан гээд байгаа. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс яамдын тоог цөөлөх танай намын санаачилга нь эдийн засгийн үр өгөөжөө харсан шийдвэр юм уу эсвэл үнэхээр засгийг унагаах санаархал юм уу?

-Ирэх оны зургадугаар сард сонгууль болно. Энэ сонгуулийн үр дүнд шинэ УИХ бий болно. Эндээс шинэ Засгийн газар бүрдэнэ. Тэр үед УИХ, Засгийн газрынмөрийн хөтөлбөр гэжгарна. Гэтэл түүнийгээ хэрэгжүүлэх гэж байгаа нам, Засгийн газар маань ийм бүтэцтэйгээр, ийм ажлыг зорилт болгоод ажиллана гэдэг бодлогоо гаргаж ирэх учиртай. Гэтэл харамсалтай нь дараагийн УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд халдаад сайн төсөв оруулж ирсэн мэтээр харагдуулахын тулд 17 яамаа ес болгож цөөлөх хуулийн төсөл өргөн барьсан нь анхнаасаа буруу байсан. Бид бол данхар бүтэц, давхар дээлтэй, төрийн мөнгийг үрэлгэн зардаг байж болно. Гэтэл биднийг явсны дараа үлдэж байгаа Засгийн газар нь яаж бүсээ чангалаад харангадаж унах нь бидэнд хамаагүй гэдэг байдлаар дараагийнхаа УИХ-д хандаж байгаа нь буруу. Тийм учраас нэгэнт л хэмнэлт хийх гэж байгаа бол төсөв мөнгө хүнд байгаа бол бүтцийн өөрчлөлтөө 2016 оныхоо нэгдүгээр сарын 1-нээс эхлэх нь зөв гэж байгаа юм. Үүний цаана засаг огцруулах санаархал огт байхгүй. Ерөөсөө л алдаатай оруулж ирсэн бодлогыг засах гэсэн үүднээс л асуудалд хандсан. 
 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЗОЯ (202.9.42.58)
    Бурмаа авгайн хийсэн будлианыг нэг мөр зогсоох хэрэгтэй шүү дээ.МАН-н нөхдүүд яагаад л бөөрөнхийлөөд унваа.сөрөг хүчин шиг байх хэрэгтэй шүү дээ.ХХААЯ гэж нэр хүнд унсан яам,сайд нь гэж бас боловсрол мэдлэггүй авгай яанадаа энэ төрийг хурдан тарааж эртхэн сонгууль явуулах хэрэгтэй.АН-н хадны мангаа Бурмаа авгайгаасаа салаачээ нэр хүндийг чинь унгааж байна даа
    2015 оны 11 сарын 03 | Хариулах