С.Лхагвадорж: Заавал даатгуулагчийн үндсэн шимтгэлийг төлж, алданги торгуулиас чөлөөлнө

С.Лхагвадорж: Заавал даатгуулагчийн үндсэн шимтгэлийг төлж, алданги торгуулиас чөлөөлнө

Эдийн засгийн ил тoд байдлын дэмжих тухай хуулийн хэрэгжих хугацаа 62 хоногийн дараа дуусна. Үүнд долоон төрлийн хууль, зургаан төрлийн татварын тайлан хамаарч буй. Долоон хуулийн нэг нь Нийгмийн даатгалын тухай хууль юм. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн, Улсын ахлах байцаагч С.Лхагвадоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Хуульд хамрагдахын тулд танай байгууллагад хандах иргэн, хуулийн этгээд ямар зүйлийг тайлагнах ёстой вэ?

-Нийгмийн даатгалын тухай хуульд ажил олгогчийн үүргийг заахдаа ажилтнууддаа цалин хөлс олгох бүртээ олгосон цалин хөлс болон орон тоогоо үнэн зөвөөр тайлагнаж, тухайн сард нь багтааж шимтгэлийг төлж байхаар хуульчилсан. Хэрэв энэ үүрэг биелэгдээгүй бол тухайн ажил олгогчид тодорхой торгуулиуд болон шимтгэлийн 50 хувь хүртэл алданги ногдуулах хариуцлага тооцдог.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар тухайн ажил олгогч нь 1995 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны гуравдугаар сарын 31 хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй, нуун дарагдуулсан, хэмжээг нь санаатайгаар бууруулан тайлангнасан, хугацаандаа төлөөгүй өр үүсгэсэн зэрэг зөрчлүүдээ залруулан нийгмийн даатгалын тайланг шинээр болон шинэчлэн тайлагнаж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлбөл хуулиар хүлээлгэх алданги торгуулиас нь нэг удаа чөлөөлөхөөр хуульчилсан юм. Гэхдээ тухайн ажил олгогч нь энэхүү зөрчлөө сайн дурын үндсэн дээр ил болгон тайлагнахаар заасан байгаа.

-Энэ хууль хэрэгжсэнээр нуусан орлого болон хөдлөх, үл хөдлөх хөрөнгөө тайлагнасныхаа төлөө татвар төлөхгүй гэсэн шүү дээ?

-Энэ хууль нэг яам, дөрвөн агентлагт хэрэгжиж байгаа. Манайд хэрэгжиж байгаа онцлог нь нөхөн тайлагнасан нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд заавал төлөх юм. Даатгалын үндсэн зарчим нь даатгалын санд төлбөр төлөгдсөнөөр тухайн даатгуулагчийг даатгуулжээ гэж ойлгоно.

Тиймээс ажил олгогч маань шимтгэлийг заавал төлж байгаа юм. Хэрэв нөхөн тайлагнасан шимтгэлийг төлөхгүй байвал, тухайн ажилтан хохирох эрсдэлтэй. Учир нь, даатгуулагч ирээдүйд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал авах боломжгүй болно гэсэн үг.

-Тус хуульд зааснаар хувь хүн, хуулийн этгээд гэсэн байгаа. Гэтэл танайтай холбоотой асуудалд иргэн хамрагдахгүй гэж ойлгож болох уу?

-Хуулийн этгээд гэдэг нь аж ахуйн нэгж байгууллага гэсэн үг. Хувь хүн буюу иргэн гэдэг нь ямар нэг байгууллагын харьяалалгүй ч харилцан тохиролцон ажил, үйлчилгээ үзүүлэх тэрхүү харилцааг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэн Болд нь иргэн Батыг хөлсөөр ажиллуулж түүнд цалин хөлс олгожээ.

Энэ тохиолдолд Нийгмийн даатгалын хуульд зааснаар иргэн Болд нь “ажил олгогч” болж Батад олгосон цалингаа “албан журмаар” нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаж цалинд ногдох шимтгэлийг төлөх үүргийг хүлээдэг. Тэгэхээр Болд хувь хүн учраас энэ хуульд заасан “хувь хүн” гэдэг нэр томьёонд хамаатай.

-Ажил олгогчоос хамаарах нийгмийн даатгалын асуудлыг шийдэж болох нь. Тэгвэл сайн дурын даатгалыг нөхөн төлж болох уу?

-Нийгмийн даатгалын сайн дурын даатгалын сайн дурын даатгалд ажилгүй иргэн, хөдөлмөр эрхлэгчид хамрагддаг. Сайн дурын даатгал нь “Сайн даатгалын гэрээ”-зохицуулагддаг.

Энэхүү гэрээг байгуулагдсан өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх зохицуулалттай байдаг. Харин гэрээ байгуулахаас өмнөх хугацааг нөхөн төлөх боломжгүй.

                                                Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.