Т.Хасбаатар: Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн гэрээ монголын талд ашигтай

МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол, Японы бизнесийн зөвлөлийн дарга Т.Хасбаатар, Японы алдарт философич Гиёдо Тэцүо нар 

Токио хотноо зургадугаар сарын 29-нд болох гэж байгаа Япон, Монголын Төр-хувийн хэвшлийн хамтарсан ээлжит долдугаар Зөвлөлдөх уулзалтын өмнө бид МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол, Японы бизнесийн зөвлөлийн дарга Т.Хасбаатартай уулзаж ярилцлаа.

-Хоёр орны хооронд Эдийн засгийн хамтын ажиллагааны Түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулагдаж байна. Галт тэрэг нэгэнтээ хөдөлж байгаа энэ үед саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг монголчууд бид Японы зах зээлд гаргахын тулд юу хийх, юунд анхаарах ёстой вэ?

-Бид япончуудтай өнөөдрийг хүртэл өөрсдийнхөө боломжоор бизнес, эдийн засгийн хамтын ажиллагаатай явж ирлээ. Харин хоёр орны Засгийн газрын сүүлий жилүүдийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж байна. Үүнийг бид Чөлөөт худалдааны гэрээ гэж ойлгох ёстой. Тэгэхээр Чөлөөт худалдааг бий болгоход юуг анхаарах гэхээр Монголын талаас ялангуяа, бидэнд байгаа, өөрсдийн хийж байгаа бараа, бүтээгдэхүүнийхээ стандартыг юуны өмнө сайжруулах хэрэгтэй юм.

Нэг ёсондоо Япон хэрэглэгчийн нийгмийн сэтгэл зүйг эхлээд судлах нь зүй. Нийгмийн хэрэглээний сэтгэл зүйг судална гэдэг бид Япон орныг, япон хүнийг ойлгох хэрэгтэй болж байгаа юм. Өдгөө Японд манай уламжлалт бүтээгдэхүүнүүд гарч байгаа боловч бид нийтлэгээр авч үзэх юм бол 120 сая хүн амтай зах зээлийг мэдэрч чадахгүй байгаа шүү дээ. 120 сая хүн чинь бүгд Япон хүн учраас Япон хүн гэдэг талаас нийгмийн хэрэглээг, япончуудыг нэг л хүн шиг судлах хэрэгтэй байгаа юм. Хэдийгээр 120 сая ч гэсэн нийтлэг нэг шинж чанар байгаа шүү дээ.

-Таны хэлээд байгааг бид яаж судлах вэ. Тухайлбал, манай нэг аймаг, дүүрэг, суманд ажиллаж байгаа жижиг бизнес эрхлэгч юм хийгээд Японд гаргалаа гэхэд тэр зах зээлийг, хэрэглэгчийг яаж судлах вэ?

-1990-ээд оноос хойш манай улс Японд олон салбарт хүмүүсээ явуулж мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж ирсэн. Тиймээс бид мэргэжлийн боловсон хүчнээ нэгдүгээрт ашиглах хэрэгтэй байна. Тэднийг ашиглахын тулд мэдээллээ хүргэх нэгдсэн сүлжээ бүхий төвтэй болмоор байгаа юм. Тийм учраас манай Зөвлөл энэ мэдээллийг дамжуулдаг, холбодог зөвлөдөг тийм Зөвлөл байх ёстой гэсэн зорилтыг бид өмнөө тавин ажиллаж байна.

Энэ үүднээс бид энэ оныг Монгол-Японы хооронд EPA байгуулагдсантай холбоотойгоор “Японы бизнесийн соёлыг сурталчлах жил” болгон зарлаад ажиллаж байна. Манай Зөвлөлд МҮХАҮТ-ын нийт гишүүд дундах Япон улстай ажил хэрэг, бизнесийн холбоотой компани, ААН, байгууллага хамрагдан гишүүнээр ажиллаж байгаа. Энд хэнд ч тэр манай үүд хаалга нээллтэй байгаа...

-Та мэдээж Японд олон жил болсон хүн, ер нь япончуудын бизнесийн онцлог юу вэ? Бидний дуулж мэдсэнээр бол Япон хүн аливаа юманд сэтгэлээсээ, буйр суурьтай, нягт нямбай ханддаг учраас юуг ч тэр чанартай хийдэг...гэх мэт уламжлагдсан шинж чанарууд их байдаг байх..?

-1990-ээд оноос хойш манай улсын нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүнд бэрх үед Японы ард түмэн, төр, засаг бидэнд туслаж байсан. Япончууд ер нь нийгмийн хариуцлага их өндөртэй хүмүүс. Жишээ нь, аливаа тусламж үзүүлж хүргэлээ гэхэд тэр нь ард түмнийх нь татвар, тусламжийн мөнгөөр ирж байгаа учир өгч байгаа тусламжийнхаа очиж байгаа газрынхаа судалгааг хийдэг. Төр нь үйлчилгээний байгууллага учир үндсэн үүргээ гүйцэтгэж байгаа нь тэр юм. Энэ үүднээс япончуудад манай орны талаар хангалттай мэдээлэл бий гэж би боддог.

Гэтэл монголчууд бидэнд Японы талаар ямар мэдээлэл байна гэхээр өнөөдөр бидэнд хангалттай мэдээлэл төр, засгийн түвшинд ч тэр, хувийн хэвшил, нийгмийн түвшинд сул байгаа. Тиймээс би түрүү хэлсэн, энэ орныг мэддэг, тэнд тодорхой боловсрол мэргэжил эзэмшсэн, Японы олон байгууллагын буцалтгүй тусламжаар богино болон урт хугацаанд сургалтанд хамрагдсан олон салбарын хүмүүсээ бид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ашиглаж хэрэглэх шаардлагатай байна.

-Тантай санал нэг байна. Юу гэвэл юманд ултай хандаж шийдвэр гаргахаасаа өмнө судалгаа хийх, турших зэргээр манайхны ойлголтоор “их удаан” ханддаг япончуудын дэргэд манайхан EPA-г хурдан хэрэгжээсэй, Японд бараа, бүтээгдэхүүнээ гаргая гэж яаран хүлээгээд байх шиг... Хоёр үндэстний энэ ялгаатай байдлын талаар уулзалтууд дээр их хөндөгдөж байсан л даа?

-Гэрээ, хэлэлцээрийн хувьд бид эхнээс нь зөв шийдлээ олоод гаргаж байж түүнийгээ ашиглах учиртай. Цаг хугацааны тухайд “Түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт” гэдэг шиг бид чанартай, зөв шийдвэр гаргаж чадвал алдсан хугацааг нөхөх боломжтой. Тиймээс яарч хариуцлагагүй хандаж болохгүй. Манай улсад өөрийн давуу бололцоо, нөхцөл бий. Үүнийгээ бид бас Японд суралцсан боловсон хүчин шигээ ашиглах хэрэгтэй байгаа юм.

Эцэст нь хэлэхэд ер нь аливаа гадаадын хөрөнгө оруулалт хийх болон гаднаас орж ирэхэд бизнесийн орчин, дэд бүтцийн байдал чухал байдаг. Энэ үүднээс манай улс бизнес, хөрөнгө оруулалтын орчноо тогтвортой байлгаж, дэд бүтцээ сайжруулах учиртай. Үүнд төр, засаг онгоц анхаарах хэрэгтэй байгаа юм. Ингэж байж хөрөнгө оруулалтыг гадагш алдах бус татах юм.

Тодруулга: Монгол дахь Япон улсын нийт хөрөнгө оруулалт 207.6 сая ам.доллар байгаа нь нийт хөрөнгө оруулалтын 1.46 хувийг эзэлж байна. Хэдийгээр Япон улсаас орж ирэх зээл, тусламжийн хэмжээ дээгүүрт ордог ч нийт хөрөнгө оруулалтын хэмжээгээр тус улс 12-т жагсаж байна. Японы хөрөнгө оруулалт 2001 онд Хоёр талт хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулагдснаар нэмэгдэж ирэв.

Монголд Японы хөрөнгө оруулалттай 550 компани ажиллаж байгаа нь нийт гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүдийн дөрөвт орж байна. Өнгөрсөн онд 12 компани шинээр байгуулагдаад байна. Японы хөрөнгө оруулалтын гол салбар нь худалдаа, нийт хоол, дараагаар нь хөнгөн үйлдвэр, санхүүгийн үйлчилгээ, аялал жуулчлал орж байна.

Өнөөдрийг хүртэл манай улсаас Японы зах зээлд самнасан ноолуур, ноос, ноолууран болон эсгий бүтээгдэхүүн, ноосон оймс, арьсан түрүүвч, цүнх, бэлэг дурсгалын зүйл, хатаасан мах, нохойн хоол, уул уурхайн бүтээгдэхүүний дээж, автомашины дугуйны даавуун бүрээс, ургамал, хөрсний судалгааны дээж, жамц давс гаргаж байна. Мөн зөгийн балны дээж, чихэр өвс, Монгол гэр, гэрийн тавилга, өлөн гэдэс, хөнгөн цагаан усан онгоцны жин тэнцвэржүүлэгч, нарын зайн бүтээгдэхүүн, тэмээний ноосон утас, чацарганы виноны дээж, чацарганы шүүс, гурвалжин будаа экспортлож байна.

                                                  Тодруулсан Б.БОЛД

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.